
Сүүлийн 10 гаруй жилийн турш үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих төрийн бодлого үргэлжилж буй. Гэтэл бид яагаад Эрээний бараанаас татгалзаж чадахгүй байна вэ. Мэдээж, нэгдүгээрт хямдхан. Баяр дөхөхөөр үнийн боол болдог ард түмэнд үндэсний баяр болох Цагаан сараараа бусдаас дутахгүй байхыг хүсэх нь ойлгомжтой. Тиймээс өнгө үзэмж сайтай, үнэ хямдтайг нь сонгохыг эрмэлздэг. Тиймээс л Эрээний бизнесийг дэмждэг наймаачдын арми байдаг шүү дээ. Эрэлт байгаа газар нийлүүлэлт байна гэдгийн бичигдээгүй хуультай юм хойоно. Энэ жилийн хувьд валютын ханшийн өсөлт, дээрээс нь баяр дөхөхөөр үнээ нэмдэг наймаачдын мэргэн арга өргөн хэрэглээний барааны үнийг тэнгэрт хадаачихсан.
Тэгвэл одоо бид өөрсдөө Эрээний бараанаас татгалзаж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье. Дэмжиж болж байна аа. Гэхдээ үндэсний үйлдвэрийн зарим бүтээгдэхүүн өндөр үнэтэй байдгийг хэлэх хүн цөөнгүй байдаг. Засгийн газраас дэмжлэг үзүүлж түрээсийн мөнгийг нь 50 хувь хямдруулсан болохоор энэ жилийн үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд хямд байгаа гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Энэ жил үзэсгэлэнг хоёр газар зохион байгуулж байгаа бөгөөд 700 гаруй аж ахуй нэгж, иргэд “Дүнжингарав”, “Мишээл экспо” төвүүдэд худалдаа хийж байгаа. “Мишээл экспо” төвд сүүлийн хэдэн жилийн турш үзэсгэлэн гардаг байсан учраас хүмүүс очоод дасчихсан. Харин “Дүнжингарав” худалдааны төвд очдог, худалдан авагчид тун ховор ажээ. Засгийн газраас үзэсгэлэнг санаачлахдаа зай талбай томтойг нь сонгож “Дүнжингарав”-ыг сонгосон гэх тайлбар өгч байгаа. Гэхдээ үзэсгэлэн зохион байгуулж, хүмүүстээ хүргэе гэж байгаа бол зохион байгуулж байгаа байршлаа зөв сонгох байжээ гээд хов хүргэчихье зохион байгуулагчдад нь. “Дүнжингарав” худалдааны төв рүү автобус зорчдог ч зайдуу, басхүү замын түгжрэлээс эмээгээд хүмүүс очих нь ховор юм билээ. Үзэсгэлэн гаргаж байгаа бол үр дүнтэйхэн зохион байгуулж, үйлчилгээгээ иргэдэд ойртуулсан бол энэ удаагийн Цагаан сарын үзэсгэлэн “ок” байх байлаа. Байршил нь ойрхон, үйлчилгээ нь өгөөжтэй бол өнгөрсөн жилийн үзэсгэлэнгээр дөрвөн тэрбум худалдаа хийсэн ашгаа энэ жил хэд л бол хэд нугалах байжээ.