Хуучирсан мэдээ: 2014.01.17-нд нийтлэгдсэн

ЦАГААН САР
Цагаан сар гоё баяр

Цагаан сарын тухай сайн, муу яриа ид өрнөж байна. Харин миний хувьд хамгийн сайхан баяр цагаан сар. Хүүхэд байхад бүтэн сарын өмнөөс цагаан сарыг хүлээдэг байж билээ. Одоо ч ялгаагүй, цагаан сар ойртох тусам сэтгэл гэгэлзээд ирж буй хавар цаг шигээ тийм гэхийн аргагүй соньхон мэдрэмж төрүүлдэг.

Өвлийн адаг сарын отгон өдөр буюу битүүнд Цагаан сарын хүчит бөхийн барилдааныг Монголын радиогоор сонсонгоо идээ будаагаа засч, маргааш болох шинийн нэгэнд бэлтгэнэ. Радиогийн хөтлөгч ч нүдэнд харагдтал сайхан тайлбарладаг сан. Ямар мэхийг хэрхэн хийж, учраа бөхөө өвдөг шороодуулсныг сайхан тайлбарлана. Зурагттай айл тун цөөхөн. Саахалтын дунд зурагттай айл нэг байвал ойр хавийн эрчүүд цугларан бөхөө үзнэ. Тухайн үед бөхийн дүрэмд шахааны барьц байгаагүй учир үзүүр түрүү удтал хүлээлгэнэ дээ. Барилдаан дуусвал гэртээ харьж, идээ будаагаа засмаар байдаг. Гэтэл барилдааны үзүүр түрүү тийм амархан хаялцахгүй. Учир нь Цагаан сарын баррилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөх ирэх наадмын өнгийг тодорхойлдог учиртай.

Цагаан сарын барилдаан дууслаа. Цугласан эрчүүд гэр гэрийн зүг яарна. Багачууд бид ээждээ тавагтай идээ өрөхөд тусалж, ааваасаа хүндэтгэлийн мах шүүсийг хэрхэн тавихыг суралцана. Битүүний шөнө бурхан зочилдог үздэг. Унаж ирсэн хүлэгт зориулан гэр дээрээ багахан хэмжээний цас, улаан өргөстэй харгана тавьснаар хүүхэд насны битүүнд хийх ажил өндөрлөдөг байжээ. Үүний дараа аавтайгаа өвөөгийнд зочлон, битүүлэг солилцоно. Ээжийнхээ урласан дээлийг өмсөөд, аавынхаа дэргэд бяцхан хөөрөг барин, хэрхэн мэндлээрэй гэж захисныг санан суудаг байлаа. Өвөө, эмээтэйгээ мэндлээд,

-Миний хүү, том эр хүн болж дээ гэж магтуулахад мөрөө цэх болгон, чадах чинээгээрээ “том” болж суудаг байж.

Шинийн нэгний өглөө. Ээж үүр цайхтай уралдан босч, ирэх жилийн анхны цайгаа чанана. Аав овоонд гарах хүндэтгэлийн тавгаа засна. Нар дөнгөж уулын толгойд тусахад өчигдөрхөн сэргээн босгосон жижиг овоондоо гарна. Овоондоо идээ, будаа, цайныхаа дээжийг өргөөд, ирэх жилдээ азтай хийморьтой, эрүүл саруул байхыг даатган мөргөнө. Шинийн нэгний өглөө овоон дээр гарахад тэр жилийн хамгийн хүйтэн өдөр мэт санагддаг сан. Гар нь бээрчихсэн, хацар даараад улайчихсан овооноос бууна. Гэртээ ороод ээжийнхээ чанасан сүү, тос амтагдсан шаргал цайг уухад л дулаацчихна. Шинийн нэгний өглөө ээжийн чанасан цай хамгийн амттай, өтгөн шаргал байдаг мэт санагдана.

Цайгаа уугаад өвөөгийндөө орж, золгоно. Заримдаа бодохоор сонин ч юм шиг санагддаг. Жил айл саахалт явчихаад нэг өглөө золгоод, хөөрөг зөрүүлэн мэндлэхээр сонин ч юм шиг. Гэхдээ Монголын эртний сайхан уламжлалт баяраа өдийг хүртэл хадгалсан нь гайхамшигтай юм. Шинийн нэгний өглөөний үг бүхэн ерөөл, үйлдэл бүр нь буян байдаг.

Тарианы гурил зуурч, цай уух зуур эмээ буузаа жигнэнэ. Бууз жигнэх зуур дөрвөн шагай шидэж, ирэх жилийн аз хийморио үзнэ. Дөрвөн бэрх буувал тэр жилдээ од хийморьтой явна гэж бэлгэшээнэ. Гадагшаа гарч, хүн ирж байгаа эсэхийг шалгана.
-Эмээ би аргал оруулчих уу, би бууз оруулчих уу гээд л ажил хийх гэж яарна. Шинийн нэгний өглөө ажил хийхэд хүртэл урамтай байдаг даа.

Нохой хуцвал хотны толгой руу гүйн гарч, холоос зочин гийчин ирж буй эсэхийг харуулдана. Цагаан сарын үеэр мал дөнгөж төллөж эхэлдэг. Малчны хотноо хэнз төлийн дуу цангинаж, нар даган тоглоно гүйлдэнэ. Урин хаврын шинийн нэгэн гэдэг малчны хотноо аз жаргал авчирдаг мэт санагдана. Хонь бэлчих боллоо. Хурга, ишгээ ялгаж, хонины ээлж таарсан хүн цайгаа ууж, Хишиг өдрийн бэлгээ авна. Шинийн нэгэнд хонины ээлж таарсан хүнийг “Хишиг хүн” хэмээн нэрлэж, өдөр идэх хүнс, бэлэг сэлт өгнө. Гэхдээ бага байхад шинийн нэгэнд хонинд явах ээлж таарвал, Хишиг өдөр бус харин жаахан харамсалтай өдөрт тооцдог байлаа. Учир нь холоос ирсэн хамаатан саднаа харах, хүүхдүүдтэй нь тоглох илүү сайхан санагддаг байснаас тэр биз.

Удалгүй хол ойрын зочдын түрүүч ирнэ. Хадгаа, хөөргөө өвөртлөөд золгох ээлжээ хүлээнэ. Олон хүн ирсэн тул учир нь олдохгүй. Золгоод л, үнсүүлээд л байна. Арайхийн амсхийгээд, мэндэлж эхэлнэ. Мэндэлж дууссаны дараа холоос ирсэн ах, хамаатан садны сонин сайхныг сонсох хамгийн сайхан санагддаг байлаа.

Ойрд уулзаагүй хүмүүс хараад л “Хөөх мундаг том эр болж” гээд л магтахаар нэг л том хүн болчихсон мэт санагдана. Үнэндээ бол дунд сургуулийн тав, зургадугаар ангийн хүүхэд л байсан.

-Ийм том залуу болчихсон юм чинь аав, ээждээ сайн тусалдаг юм шүү гээд авга, нагац нар захина. Шинийн нэгний өглөө хүмүүсийн хэлсэн бүхэн сургааль байжээ.
Бүхий л өдөржин зочид гийчдийн хөлд дарагдсаар нэг л мэдэхэд шинийн нэгэн өндөрлөнө. Дараа жилийн шинийн нэгэн даана ч хол байна даа гэж боддог сон. Цагаан сар болгоны шинийн нэгэн хуучлах дурсамжтай, хожим бодоход дэндүү сайхан мэт санагддаг. Малчны цагаан сар мартагдашгүй сайхан дурсамж үлдээдгээрээ баяр баяраас илүү сайхан нь байдаг.

Б.ОЙНБИЛЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж