Давхар дээлэнд зүүсэн муу ёрын санал

Хуучирсан мэдээ: 2014.01.17-нд нийтлэгдсэн

Давхар дээлэнд зүүсэн муу ёрын санал

Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлуулж дан болгох сонирхол УИХ дахь МАН-ын бүлэгт бий ч олонхи хамгаалалтын хориг тавиад байна. Хоригийг сэтэлж чадах эсэх нь УИХ-ын чуулганы хуралдаанаар шийдэгдэнэ. Учир нь, өнгөрсөн мягмар гаригт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “давхар дээл”-тэй холбоотой төслийг хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлгээс зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасан нь дэмжлэг хүлээсэн билээ. Тодруулбал нэгдүгээрх нь, УИХ-ын сонгуульд аль ч нам, эвсэл олонхи болоогүй нөхцөлд Засгийн газрын гишүүний гуравны хоёроос ихгүй нь УИХ-аас сонгогдож болно. Хоёр дахь нь, УИХ-ын сонгуулийн дүнд олонхи бүрдсэн нөхцөлд Засгийн газрын гишүүний 50-иас дээшгүй хувь нь УИХ-аас сонгогдож болно гэх санал юм.

Эхний саналыг сайд Ч.Сайханбилэг “Муу ёрын санал” хэмээн тодорхойлсон. Үнэндээ ч улстөрийн намууд сонгуульд ялж бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай зорьдог болохоос ялагдахын тулд сонгуульд оролцдоггүй. Гэвч УИХ-ын сонгуульд холимог тогтолцоог нэвтрүүлснээр дор хаяж дөрвөн намын төлөөлөл парламентат суудал зассаныг 2012 онд болсон УИХ-ын сонгуулийн дүн харуулсан. Тэгэхээр муу ёрлоод ч болов тэрхүү саналыг заалт болгон хуулийн төсөлд тусгаагүй цагт эргээд Засгийн газрын танхимаа бүрдүүлж чадахгүй, УИХ-ын сонгуулийг дахих нөхцөлд хүрч мэдэх эрсдэлтэй тул эс хүссэн ч хүлээн зөвшөөрөхөөс яалтай.

Дээр нь зарчмын зөрүүтэй эдгээр санал чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээж чадах эсэхээс хамаарч 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болох Засгийн газрын танхимын бүрэлдэхүүн тодрох учиртай. Мөн тухайн үед Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд хэчнээн сайд байхыг Ерөнхий сайд УИХ-д асуудлаа оруулж ирэхдээ тодорхойлно. Хэрвээ 25 сайдтай байхаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлбэл батлахгүй гэхэд хэцүү. Сайд болох сонирхолгүй гишүүн улстөрийн намуудад үгүй болохоор буруу харж инээж, зөв харж хөмсгөө зангидаж суугаад л явуулна.

Юутай ч олонхийн бүлгийн гаргасан санал дэмжлэг хүлээвэл одоогийн Засгийн газрын бүтцээр 2016 оны Засгийн газрыг зураглавал хоёр дахь саналын томъёоллоор тооцоход Ерөнхий сайдаас гадна найман сайд УИХ-аас сонгогдох боломж харагдаж буй. 

Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэгт сөрж чадахгүйн зориг байхгүй гэх биш, Ардчилсан намын бүлгийн саналыг унагахын төлөө зүтгэхийг үгүйсгэх аргагүй. Гол нь сөрсөн нөхцөлд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг хүлээсэн “Бодлогын яамдын сайдыг УИХ-аас томилъё” гэх саналаа унагааж мэдэх эрсдэлтэй.  Бодлогын яамдад Гадаад харилцаа, Хууль зүй, Байгаль орчин, ногоон хөгжил, Сангийн яам хамаарч байна.

Харин Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд заасан үзэл баримтлалаар Засгийн газрын танхимын Ерөнхий сайд нь зөвхөн УИХ-аас, бусад гишүүд парламентаас гадна сонгогдох заалттай. Нэг ёсны хоёр намын бүлгээс гаргасан саналын томъёолол төсөл санаачлагчийн үндсэн концепцтой зөрчилдөж эхэлсэн гэж тодорхойлж болно. Энэхүү гол үзэл баримтлал алдагдаж эхэлснийг сануулах гишүүн УИХ дахь Ардчилсан намын бүлэгт мөн бий. Тэгэхээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас давхар дээлэнд зүүсэн “муу ёр”-ын санал дэмжигдэх үү, унах уу гэдэг санал хураалтаар эцэслэгдэх болж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж