БНАСАУ сүрдүүлсэн ч цэргийн сургуулилт болно

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

БНАСАУ сүрдүүлсэн ч цэргийн сургуулилт болно

Умард Солонгос улс хэзээнээс АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтанд дургүйцэж, эсэргүүцсээр ирсэн. АНУ өнгөрсөн 2013 онд БНСУ-тай хамтран хоёр ч удаа цэргийн сургуулилт явуулснаас хоёр Солонгосын харилцааг хавцлын ирмэгт хүргэсэн билээ. Солонгосын дайнаас хойш АНУ-ын 28 мянга орчим цэрэг Өмнөдөд байрлаж буйн дээр хоёр орон хамтран цэргийн сургуулилт хийх нь Умардын хувьд улс орных нь аюулгүй байдалд заналхийлсэн, өдөөн хатгасан үйлдэл юм. БНСУ, АНУ нь өнгөрсөн 2013 оны хоёр, дөрөвдүгээр сард “Key Resolve”, “Foal Eagle” нэртэй цэргийн сургуулилтыг хамтран хийснээс хоёр Солонгосын нэгдэх тухай яриа замхарч, бие биенийхээ эсрэг байлдааны бэлэн байдалд шилжихэд хүрч байсан билээ.

Умардын албаныхан өчигдөр /I.15/ төв мэдээллийн агентлагаараа дамжуулан АНУ болон БНСУ-д хандан хоёр орны хамтарсан цэргийн сургуулилт хийсээр байх нь Солонгосын хойгт сүйрэл авчирч болзошгүйг анхааруулжээ. Гэвч Өмнөд Солонгосын армийн удирдлагууд Умардын зүгээс сүрдүүлэг, анхааруулга өгсөн ч цэргийн сургуулилтууд төлөвлөгөөний дагуу явагдана гэж мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хүчин чармайлтаар дайнаар салсан гэр бүлүүдийг цагаан сарын үеэр уулзахаар ярилцаж байсан ч АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтын сургаар Умардын тал үүнийг цуцалсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж