“Улаанбаатар таймс” хувьчлалын тухай

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар таймс” хувьчлалын тухай

Сүүлийн үед “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, нийгэмд энэ тухай эсрэг тэсрэг мэдээллүүд санаатай болон санамсаргүй цацагдаж байна. Гэхдээ энэ мэдээллийн гол чиглэл нь сүүлийн үед улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр руу чиглэгдэж байгаа нь харагдаж байна. Үүний хажуугаар Ерөнхий сайд Сү. Батболд, Шадар сайд М.Энхболд, Хөдөө аж ахуйн сайд Т.Бадамжунай, Улаанбаатар хотын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Т.Билэгт нарын зэрэг хүмүүсийн нэр бас гарч байна. Мөн Л.Сэргэлэн хэмээх залуу, сэтгүүлч До.Чулуунбаатар, Ж.Саруулбуян нарын нэр ч гарч байна, зарим нь өөрсдөө ярилцлага өгчээ.
Өнөөдөр хэвлэл мэдээллийн өдөр учир “Улаанбаатар таймс” хэмээх сонины эргэн тойрон болж буй үйл явдалтай холбогдуулж, тус сонины хувьчлалын бодит түүхийг судалгаанд тулгуурлан бичиж толилуулж байна. Энэ хувьчлалын түүхийг уншаад хэвлэл, мэдэллийн салбарт хүчин зүтгэж буй сэтгүүлчид тухайн хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа, хувьчлал, өмч хөрөнгийн асуудалд ямар хэмжээгээр оролцож байгаа, ер нь оролцох ёстой юм уу үгүй юу, эсхүл бизнесменүүд бүх юмыг авч, сэтгүүлчдийг хөлсний ажилтан болгон ажиллаж байна уу? Ер нь аль нь зөв юм бэ? гэдэгт ямар нэгэн хариулт болох бизээ.

УИХ-аар хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдан гарч, улсын болон орон нутгийн төр, засгийн байгууллагууд дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон байна. УИХ-ын гаргасан энэ шийдвэрийн хүрээнд Парламентын харъяанд байсан тухайн үеийн “Ардын эрх” (одоогийн “Өдрийн сонин”), Засгийн газрын мэдэлд байсан тухайн үеийн “Засгийн газрын мэдээ” сонин (одоогийн “Зууны мэдээ” сонин) зэрэг төвийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд хувьчлагдсан. Орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудын хувьчлал ч хийгдэх болсон.

Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын захиргааны харъяа, орон нутгийн өмчинд байсан “Улаанбаатар” телевиз, “Улаанбаатар” радио, “Улаанбаатар таймс” сонины хувьчлал хийгджээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын хувьчлалыг хийхдээ ер нь хэвлэл, мэдээллийн байгууллагын онцлогийг харгалзан зөвхөн ашгийн төлөө бизнесийн байгууллагаас ялгаатай буюу олон түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэх, нийгмийн алдаа дутагдлыг илрүүлэн илчлэх дөрөв дэх засаглалын чиг үүрэг гүйцэтгэх ёстойг тооцон, тухайн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх, хэвлэл, мэдээллийн байгуулагад ажиллагсадын ажлын байрыг хадгалах зэрэг зарчмыг үндэслэн менежментийн хувьчлал хийх бодлогыг баримталсан. Хэрэв зөвхөн ашгийн төлөө бизнесийн байгууллагатай адилтган дуудлага худалдаанд оруулвал шинэ эзэн тухайн хэвлэл, мэдээллийн хэрэгслийг эдийн засгийн үр ашиг муутай хэмээн үзэж, үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах, тухайн байгууллагын барилга байгууламж, бусад тоног төхөөрөмжийг өөр зориулалтаар ашиглах нь тодорхой байсан учир Улаанбаатар хотын тухайн үеийн удирдлага (Засаг дарга М.Энхболд) менежментийн хувьчлалын хувилбарыг сонгосон байна.

Энэ нь ч Монгол Улсад урьд өмнө нь хувьчлагдсан хэвлэл, мэдээллийн байгууллагын хувьчлалыг хийхдээ баримталсан, туршсан зарчим байсан билээ. Ийнхүү менежментийн хувьчлалын аргаар буюу төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хувьчилсантай ижил зарчмаар тэр үед Улаанбаатар хотын захиргааны харъяанд байсан “Улаанбаатар” телевиз, “Улаанбаатар” радио, “Улаанбаатар таймс” сониныг хувьчилсан байна.

Менежментийн хувьчлалыг хоёр үе шаттай хийжээ. Эхний үе шатанд буюу тухайн үеийн Улаанбаатар хотын Засаг дарга М.Энхболдын үед менежментийн хувьчлал хийх бодлогоо тогтох, “Улаанбаатар таймс” сонины хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийх, тухайн хэвлэл, мэдээллийн байгууллагын үйлчилгээг зарим хөдлөх хөрөнгөтэй нь хамт хамт олных нь төлөөллийг хангасан менежментийн багт хувьчлах зэрэг ажлыг хийсэн байна. Эдгээр ажлын хүрээнд тухайн үед “Улаанбаатар таймс” сонины байшин барилгыг мэргэжлийн үнэлгээний комиссын дүгнэлтийг үндэслэж 370 орчим сая төгрөгөөр үнэлсэн байна.

Ингээд эхний үе шатанд “Улаанбаатар таймс” сонины хувьд тус сонины Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч, зохиолч Ж.Саруулбуян тэргүүтэй менежментийн багт үйлчилгээ болон зарим хөдлөх хөрөнгийг хувьчлах шийдвэр гарсан байна. Тус багийн хүлээсэн үндсэн үүрэг нь сонины үйл ажиллагааг тасалдуулахгүй, зогсоохгүй байх, үйл ажиллагааных нь чиг үүргийг өөрчлөхгүй байх, хамт олны ажлын байрыг хадгалах, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг олж, сонины цаашдын үйл ажиллагааг өргөжүүлэх, хувьчлалын хоёрдох шатанд бэлдэх зэрэг байсан юм.

Ж.Саруулбуян тэргүүтэй менежментийн багт тус сонины Ерөнхий эрхлэгч Ж.Саруулбуян өөрөө, тус сонины хамт олны төлөөлөл болсон сэтгүүлч  н.Ариунтуяа, сэтгүүлч н.Ундармаа нар, мөн хуульч  н.Гансүх, сэтгүүлч С.Баярмөнх, социологич О.Алтан, хувийн хэвшлийн төлөөлөгч  н.Согоосүрэн нар орсон байна.

Менежментийн хувьчлалын эхний шатны хувьчлалын шийдвэр гарсны дараа “Улаанбаатар таймс” сонин хэмээх хуулийн этгээдийн харъяалалд болон эзэмшилд 2000 орчим захиалагчтай “Улаанбаатар таймс” өдөр тутмын сонин, сонины хамт олон, мөн хэвлэлийн машин, автомашин зэрэг хөдлөх хөрөнгө, бүрэн бүтэн байшин барилга зэрэг үл хөдлөх хөрөнгө байжээ.

Менежментийн багийн ахлагч Ж.Саруулбуян хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг олохын тулд тухайн үеийн УИХ-ын гишүүн Т.Бадамжунайн танилцуулж, зөвлөснөөр иргэний нисэхийн “Хангарьд” компанийн захирал Л.Сэргэлэнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байна. Энэ гэрээгээр Л.Сэргэлэн “Улаанбаатар таймс” сонины барилгад хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээж, ингэснээр тус сонины менежментийн багт орох, улмаар хөрөнгө оруулалтаа хийж дуусмагц тус сонины 40 хувийг эзэмшихээр Ж.Саруулбуянтай тохирчээ. Гэрээг богино хугацаанд хийсэн учир дээрх асуудлыг менежментийн багийн гишүүддээ тодорхой танилцуулах, менежментийн багийн гишүүдийн дэмжлэгийг авах ажил дээр зарим дутуу хийгдсэн зүйл гарсан байна.

Л.Сэргэлэн Ж.Саруулбуянтай гэрээ хийснийгээ үндэслэн “Улаанбаатар таймс” сонины барилга байгууламжид үндсэн засвар хийж өндөрлөх, 5 одтой зочид буудал болгохоор шийдэж, хөрөнгө оруулалтаа оруулж эхэлсэн байна. Үүний тулд эхлээд “Улаанбаатар таймс” сонины хамт олныг өөр байр руу нүүлгэх, зарим хөдлөх хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх болон зарж борлуулах ажиллагаа хийгдсэн байна. Ингээд суларсан байшингийн гаднах ханыг нь үлдээж, бусад хэсгийг нь нурааж эхэлжээ. Гэтэл Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Улаанбаатар таймс” сонины байшин барилга бол хуучин байшин тул хананых нь даац муу, тийм учир өндөрлөж болохгүй гэсэн мэргэжлийн дүгнэлт гаргаж ирүүлсэн байна. Л.Сэргэлэн ч ийм дүгнэлт ирсэн учир барилгын засварын ажлаа болон хөрөнгө оруулалтаа зогсоожээ.

Хуучин барилга байшин байсан, дээр нь гаднах ханыг нь үлдээгээд бусад хэсгийг нь нураасан тул засвар эхлэхээс өмнө бүрэн бүтэн байсан барилга дотор засвар хийгдэж эхэлснээс хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулах ямар ч бололцоогүй болсон байна. Энэ хооронд Л.Сэргэлэн нэгэнт “Улаанбаатар таймс” сонины хамт олныг шаардаж өөр байранд нүүлгэж оруулсан тул тэдгээрийн байрны түрээс болон зарим бусад зардлыг нэг хэсэг хугацаанд хариуцан төлсөн гэж өөрөө ярьдаг билээ. Өөрийнх нь танилцуулж буйгаар энэ бүх зардалд нийтдээ 490 орчим сая төгрөг гаргасан гэх. Гэхдээ чухам ямар зориулалтаар яг хэдэн төгрөг гаргасныг тогтоохын тулд Улаанбаатар хотын Мэргэжлийн хяналтын байгууллага шалгаад “Улаанбаатар таймс” сонины барилга байгууламжийг нураах ажилд 200 сая төгрөг гарсаныг тогтоожээ. Харин бусад зардлыг байрны түрээс, хамт олны цалин зэрэг зардалд гаргасан эсэхийг хоорондоо хэлэлцэж, тооцоо нийлэх ёстой гэж үзсэн байна.

Эндээс эхлээд “Улаанбаатар таймс” сонины менежментийн баг ба хөрөнгө оруулагч Л.Сэргэлэн нарын хооронд зарцуулсан хөрөнгө мөнгө, тал талын биелүүлсэн, эс биелүүлсэн үүргийн талаар өөр өөр байр суурь баримтлах болсон байна.

Ямар ч байсан Л.Сэргэлэн Мэргэжлийн хяналтын байгууллагын мэргэжлийн дүгнэлт гарахаас өмнө, Улаанбаатар хотын удирдлагад хийх гэж буй барилгын засварын ажлын талаар тодорхой танилцуулж, зөвшөөрөл авалгүй барилгын засварын ажлыг яаран эхлүүлж, хөрөнгө оруулсан нь түүний бизнесийн эрсдэл болжээ гэж үзэхээс өөр аргагүй. Энэ нь Л.Сэргэлэнгийн бизнесийн мэдлэг боловсрол, туршлага дутсаных уу, эрсдлээ буруу тооцсоных уу, бусдын зөвлөгөөг дагасных уу, өөрийгөө энэ төсөлтэй ийм аргаар салахгүй холбоотой болгох гэснийх үү, хэн нэгэнд хууртав уу, эсхүл өөрөө бусдыг хууран мэхлэх гэж оролдсоных уу гэдгийг шалган тодруулах шаардлагатай.

Ж.Саруулбуян ажлын харилцааны тогтсон журмын дагуу Улаанбаатар хотын удирдлагад хандаж, “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын хүрээнд менежментийн багийн хийж буй ажлыг танилцуулахдаа Л.Сэргэлэнг “Улаанбаатар таймс” сонины менежментийн багт оруулах талаар санал гаргаж, зөвшилцөн дэмжихийг хүссэн байна. Улаанбаатар хотын захиргаа (УБ хотын Засаг даргаар Ц.Батбаяр ажиллаж байв) “Улаанбаатар таймс” сонины менежментийн багт оруулж буй өөрчлөлтийг зөвшилцөн дэмжих эсэх шийдвэр гаргадаг, энэхүү төслийн хэрэгжилтийг хянадаг байгууллагын хувьд уг хүсэлтийг менежментийн багийн бүх гишүүд мэдэж байгаа эсэх, түүнийг санал нэгтэй дэмжиж байгаа эсэх, мөн сонины барилга байгууламжийг зочид буудал болгон хувиргах нь зөв эсэх, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг харгалзах нь зүйтэй, ер нь энэ бүх нөхцөл байдлыг судлах шаардлагатай хэмээн үзэж тухайн үед болгоомжилсон байр суурь баримталж, хүсэлтэнд тодорхой хариу өгөөгүй байна.
Л. Сэргэлэн барилгад оруулах хөрөнгө оруулалтаа зогсоож, улмаар тодорхой хугацааны дараа сонины байрны түрээс төлөх, ажилтан, ажилчдын цалинг олгохоо бага багаар багасгаж, сүүлд нь бүрмөсөн зогсоосон байна.

Улаанбаатар хотоос менежментийн багт өөрчлөлт оруулах тухай Ж.Саруулбуянгийн урьд өмнө явуулсан хүсэлтийг эцэслэн зөвшилцөж шийдвэрлээгүй байхад Л.Сэргэлэн менежментийн багийн хурлыг хэд хэд дахин зарлан хуралдуулж, уг хурлуудыг менежментийн багийн ахлагч Ж.Саруулбуянаар удирдуулахын оронд өөрөө удирдаж, менежментийн багийн гишүүн болох  н.Согоосүрэн, С.Баярмөнх, О.Алтан нарыг хуралдаа ирдэггүй гэсэн шалтгаанаар менежментийн багаас гаргах тухай асуудлыг зүтгүүлэн шийдвэрлүүлж, уг шийдвэрээ Улаанбаатар хот руу зөвшилцөн дэмжихийг хүсч явуулсан байдаг. Мөн Ж.Саруулбуянгийн менежментийн багийн ахлагчаас татгалзах хүсэлтийг менежментийн багийн хурлаар хэлэлцүүлж, мөн адил Улаанбаатар хотод уг хүсэлтийг нь уламжилсан байдаг. Улаанбаатар хотын захиргаа эдгээр асуудалд мөн л судлах, тодруулах байр суурь баримталж, ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Энэ бүх хугацаанд Ж.Саруулбуян ба Л.Сэргэлэн нарын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг дүгнэх асуудал яригдаагүй, ийм оролдлого аль ч талаас хийгдээгүй байна. Харин Ж.Саруулбуян Л.Сэргэлэнгээс хөрөнгө оруулалтаа бүрэн хийж, тодорхой үр дүн гаргах, ажилтан, ажилчдын цалинг тогтмол олгож байх, түрээсийн төлбөр хариуцах талаар хүсч, шаардаж байсан бөгөөд хариуд нь Л.Сэргэлэн Ж.Саруулбуян буюу менежментийн багаас болон Улаанбаатар хотоос гаргасан зардлаа эгүүлэн авах тухай хүсэлт, шаардлага тавьж байв.

Ингээд Улаанбаатар хотын төвд хагас нурсан барилга бий болж, “Улаанбаатар таймс” сонины хамт олон бараг хөдлөх хөрөнгөгүй, байрны түрээсээ төлөх чадваргүй, хамт олны цалин урт удаан хугацаагаар тасалддаг болж, татварын болон нийгмийн даатгалын шимтгэлийн өр хуримтлагдаж, хагас нурсан байшинг үгүйдээ гэхэд бүтэн болгох хөрөнгө оруулалтын асуудал бүрхэг болсон үед менежментийн баг энэ хүнд байдлаас гарахын тулд менежментийн багт зарим өөрчлөлт оруулах, улмаар эдгээр хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн байна.

Менежментийн багийн ахлагч Ж.Саруулбуян өөр ажилд шилжих буюу Үндэсний түүхийн мүзейн захирлаар ажиллах болсон, мөн тус сонинд тулгамдсан асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлага буй болсон, хувьчлалын хоёрдох үе шатны шийдвэр гарах хугацаа дөхсөн, түүнд бэлтгэл хангах шаардлагатай байсан зэргийг харгалзан үзэж Ж.Саруулбуянг менежментийн багийн ахлагчаас чөлөөлөх, түүний оронд багийн ахлагчаар сэтгүүлч, зохиолч Д.Чулуунбаатарыг томилох, мөн менежментийн багт ахлагчийн хувьд Д.Чулуунбаатарыг оруулах шийдвэрийг гаргаж, “Улаанбаатар таймс” сонинд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар харилцан ярилцаж, энэ тухай мэдээллийг Улаанбаатар хотод танилцуулж, зөвшилцөн дэмжих шийдвэр гаргаж өгөхийг хүсчээ.

Улаанбаатар хотын захиргаа (Засаг дарга Т.Билэгт) бий болсон нөхцөл байдалтай танилцаад, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд менежментийн багийн баримталсан байр суурь, гаргасан шийдвэрийг дэмжсэн байна. Хамгийн гол нь хүндрэлтэй асуудлыг баг өөрсдөө шийдвэрлэх, Улаанбаатар хотод ямар нэгэн хүндрэл учруулахгүй байх нь зүйтэй гэсэн зарчмын байр суурийг баримталжээ.

Д.Чулуунбаатар менежментийн багийн ахлагч болоход тус сонины нөхцөл байдал ямар болсон байв? Түрээсийн байрны төлбөр тогтмол хийгддэггүй, хөдлөх хөрөнгө байхгүй шахуу болсон, хамт олны цалин тасалддаг, нийгмийн даатгалын шимтгэлийн болон татварын өр хуримтлагдсан, Ж.Саруулбуян ба Л.Сэргэлэн нарын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг аль ч шатанд хэлэлцэж дүгнээгүй, барилга байгууламжийн засварын хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдээгүй тул хагас нурсан байшин барилгатай болсон, сонины захиалагчдын тоо цөөрсөн байна. Гэлээ ч менежментийн багийг удирдаж эдгээр хүндрэлтэй асуудлыг шийдэхийн тулд ажиллажээ.

Д.Чулуунбаатар ахлагчтай менежментийн баг хувьчлалын хоёрдох шатанд бэлдэж эхэлсэн. Үүний тулд сонины үйл ажиллагааг тогворжуулах, байрны түрээсийг төлдөг болох, хамт олныхоо ажлын байрыг баталгаатай болгох, цалинг тогтмолжуулах, хуримтлагдсан өрийг шийдвэрлэж эхлэх, хоёрдох шатны хувьчлалын хөрөнгө мөнгийг босгох зэрэг ажлыг хөөцөлдсөн байна. Менежментийн баг нэг бус удаа хуралдаж, сониныхоо хувьцааны цөөнхийн хэсгийг барьцаалж хувьчлалын хөрөнгийг босгох, цаашид зээл авч бий болсон хүндрэлтэй асуудлуудаа ээлж дараатайгаар шийдэхээр тохирсон байна.
Ийнхүү менежментийн багийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээр хөөцөлдөхдөө багийн ахлагч Д.Чулуунбаатар нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажиллавал сонины үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөхгүй, хамт олны ажлын байр илүү баталгаатай байх болно хэмээн үзэж энэ чиглэлээр идэвхтэй хөөцөлдсөн байна.

Улмаар Улаанбаатар хотын захиргаа менежментийн баг нь Улаанбаатар хотоос шаардсан хөрөнгийг төлөх, бий болсон асуудлуудыг өөрөө шийдвэрлэхээр зарчмын хувьд зөвшөөрсөн тул “Улаанбаатар таймс” сониныг хувьчлалын хоёрдох үе шатны хүрээнд менежментийн багт нь хувьчлах шийдвэрийг гаргажээ.

Хоёрдох шатны хувьчлал яаж хийгдэв? Багийн ахлагч Д.Чулуунбаатар менежментийн багтаа танилцуулж дэмжлэг авсны дагуу “Медиа холдинг” компаниас 370 орчим сая төгрөгийг цөөнхийн хувьцаагаа барьцаалан босгож, менежментийн багийн өмнөөс гэрээ хийж, Улаанбаатар хотод хугацаанд нь багтаан төлбөрийг хийжээ. Эхний шатны хувьчлалын үед “Улаанбаатар таймс” сонины барилга байгууламжийг 370 орчим саяар үнэлсэн байсан. Дахин үнэлгээ хийлгэвэл хагас нурсан байшин барилгыг үнэлэхэд үнэ нь буурах магадлал өндөр байсан тул Улаанбаатар хотын захиргаа менежментийн багийн үнийг бууруулж өгөхийг хүссэн хүсэлтийг хүлээж авалгүйгээр тус багаар 370 орчим сая төгрөгийг төлүүлсэн байна.

Мөн сонины хамт олны ажлын байрыг хадгалах, сонины үйл ажиллагааг тасалдуулахгүй, зогсоохгүй байх, үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй байхыг хариуцуулсан. Сонины өр авлагыг барагдуулах, хөрөнгө мөнгөний маргааны асуудлыг менежментийн баг хариуцахаар үүрэг даалгавар болгосон байна. Хэрэв дуудлага худалдаа хийвэл хэвлэл, мэдээллийн байгууллагын хамт олны байрны баталгаа алга болох, сонины ажлын чиг үүрэг өөрчлөгдөх, магадгүй сонин бүр хаагдах зэрэг сөрөг үр дагавар гарахаас сэрэмжлэн болгоомжилж Улаанбаатар хот ийнхүү хоёрдох шатны хувьчлалыг хийхдээ анх сонгосон менежментийн хувьчлалыг үргэлжлүүлж, менежментийн багт нь Улаанбаатар хотоос шаардсан хөрөнгийг төлсөн тул хувьчилжээ.

Хоёрдох шатны хувьчлал хийгдэхэд менежментийн баг болон Улаанбаатар хотын шат шатандаа гаргасан шийдвэрийн дагуу менежментийн багт дараах хүмүүс багтаж байв. Үүнд: сэтгүүлч, зохиолч Д.Чулуунбаатар багийн ахлагч, гишүүд нь сэтгүүлч, зохиолч, Үндэсний түүхийн мүзейн захирал Ж.Саруулбуян, сэтгүүлч н.Ариунтуяа, сэтгүүлч н.Ундармаа, хуульч н.Гансүх, сэтгүүлч, сэтгүүлч С.Баярмөнх, хувийн хэвшлийн төлөөлөгч н.Согоосүрэн, социологич О.Алтан нар байжээ.

Л.Сэргэлэн “Улаанбаатар таймс” сонины барилгыг өөрчлөн засч өндөр зэрэглэлийн зочид буудал болгосны дараа хариуд нь тус сонины менежментийн багт орох тухай асуудалд тухайн үеийн Улаанбаатар хотын удирдлага болгоомжтой хандан хариу өгөөгүй тул тэрээр уг багт ороогүй байна. Үүнийг ч тухайн үед менежментийн багийн ахлагчаар ажиллаж, Л.Сэргэлэнтэй гэрээ байгуулж байсан Ж.Саруулбуян нотолсон байдан. Нэгдүгээрт, сонины барилга байгууламжийг зочид буудал болгож өөрчлөх нь зөв эсэх, хоёрт, хөрөнгө оруулалт бүрэн хийгдээгүй, байшин хагас нурсан байдалтай байсан, мөн хамт олны ажлын байрны баталгаа бүрэн хангагдаагүй, цалин нь тогтмолжоогүй, нийгмийн даатгалын шимтгэл, татварын өр нэмэгдэж хуримтлагдсан, хөрөнгө оруулалтын гэрээг хоёр тал хэлэлцэн дүгнээгүй зэрэг хөрөнгө оруулагчийн талаас хариуцсан ажлаа дутуу хийсэн буюу зарим талаараа байдлыг урьд өмнө байснаас дордуулсан тул ийнхүү болгоомжилсон байна.

Зайлшгүй анхаарах ёстой асуудал бол хөрөнгө оруулагч мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарах, сонины байшин барилгыг зочид буудлын зориулалтаар ашиглахаар чиг үүргийг нь өөрчлөн засварын ажил хийх нь зөв эсэх талаар Улаанбаатар хотод албан ёсоор танилцуулалгүй, зохих шийдвэр, дэмжлэг авалгүй өөрөө эрсдэлээ үүрч, байшин барилгын засварын ажил эхлүүлчихээд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсны дараа барилгын засварын ажлаа зогсоосон нь хэний буруу вэ? гэдгийг судалж тогтоох хэрэгтэй. Тэгээд ч Улаанбаатар хоттой хийсэн гэрээнд тухайн үедээ хотын өмч байсан байшин барилгыг өөрчлөх болвол Улаанбаатар хотын захиргаанаас зөвшөөрөл авна гэсэн зарчмыг зөрчсөн байдаг нь анхаарал татдаг. Нэгэнт хөрөнгө оруулалт зохих ёсоор хийгдээгүй, хүсэн хүлээж байсан үр дүн гараагүй тул Л.Сэргэлэн менежментийн багийн гишүүн болох, тус төслийн 40 хувийг эзэмших асуудал гэрээний дагуу хүчингүй болсон байна. Тэгээд ч Улаанбаатар хотын удирдлага энэ бүхнийг харгалзан үзсэний үндсэн дээр тус төслийн 40 хувийг Л.Сэргэлэн эзэмших талаар ирсэн саналыг дэмжсэн шийдвэр гаргаагүй билээ. Ж.Саруулбуян, Л.Сэргэлэн хоёрын хоорондын хөрөнгө оруулалтын гэрээ аль ч шатанд хэлэлцэгдэн дүгнэгдээгүй тул энэхүү иргэний маргааны шинжтэй асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр үлдсэн байна.

Д. Чулуунбаатар ахлагчтай багт дээрх маргаантай асуудлаас гадна сонины чиг үүргийг хадгалах, тус сонины ажилтнуудын цалинг тогтмолжуулах, өмнө нь буй болсон өрийг барагдуулах, нурсан байшинг бүрмөсөн нурахаас өмнө бэхжүүлэх засвар хийх, үүний тулд хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг олох, менежментийн багийн гишүүдийн саналыг харгалзан үзэж цаашид хэн нь багтаа ажиллах, хэн нь ямар нөхцөл болзолын дагуу багаас гарах хүсэлтэй байгааг тогтоож шийдвэрлэх зэрэг тулгамдсан асуудал тулгарсан юм. Үүний дагуу дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ. Үүнд: Сонины байрны түрээсийг тогтмол төлдөг болох, цалин, урамшууллын олголтыг тогтмолжуулах, хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэл, татварын өрийг үе шаттайгаар барагдуулах, сонины үйл ажиллагааг хэвийн байлгах, хамт олны ажлын байрыг баталгаажуулах, хагас нурсан барилгын засварыг хөрөнгө оруулагч олж хийх зэрэг ажлууд орно.

Ийнхүү ажиллахдаа Улаанбаатар хоттой байгуулсан худалдан авах гэрээнд заасны дагуу үүссэн өр авлагын асуудлыг шийдэхийг хичээсэн байна. Гэхдээ зөвхөн шүүхийн шийдвэр гарсан асуудлыг өр авлага хэмээн тооцох ёстой гэсэн зарчмыг баримтлан өр авлагыг үе шаттайгаар барагдуулжээ. Л.Сэргэлэнтэй холбоотой асуудлаар гэрээг дүгнээгүй, шүүхээр шийдвэр гараагүй, иргэний маргааны шинжтэй асуудал ямар нэгэн байдлаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан тул өр авлага гэж үзэх үндэслэлгүй байсан байна. Ийм учир Л.Сэргэлэнтэй холбоотой асуудал үлдсэн байна.

Д.Чулуунбаатар нь “Улаанбаатар таймс” сонины менежментийн багийн ахлагчаар ажилласнаас хойш дээрх асуудлуудыг шийдвэрлэх ажлын хүрээнд нийт 800 гаруй сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг олж бодитойгоор зарцуулжээ. Д.Чулуунбаатар өөрөө Л.Сэргэлэнгээс нэг ч төгрөг аваагүй бөгөөд Л.Сэргэлэнтэй холбоотой маргааныг хөрөнгө оруулалтын гэрээг хоёр талаас дүгнэсний дараа шийдвэрлэх нь зөв хэмээн үзэж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хөөцөлдөж ажилласан байна.

Мөн энэ ажлын хүрээнд менежментийн багийн гишүүдийн оролцоог цэгцлэж, тус тусын эзэмших хувийг жигд хуваарилан баталгаажуулах, зээлдүүлэгч, хөрөнгө оруулагчаас авсан хөрөнгийн хариуд түүнд цөнхийн хувьцааг өөр өөрийн хувиас жигд хасан шилжүүлэн эзэмшүүлэх, уг төслөөс өөр ажилд шилжсэн учир болон ар гэрийн шалтгаанаар багаас гарах хүсэл илэрхийлсэн Ж.Саруулбуян,  н.Ариунтуяа,  н.Ундармаа,  н.Согоосүрэн нартай багийн ахлагчийн хувьд Д. Чулуунбаатар яриа хэлэлцээ хийж, өөрөө тодорхой зээл авч, хувийг нь үнэ тохирон худалдан авсан байна.

Одоогийн байдлаар уг төслийг хэрэгжүүлэгч багт багийн ахлагч Д.Чулуунбаатар 33 орчим хувьтай, хуульч н.Гансүх, сэтгүүлч С.Баярмөнх, социологич О.Алтан нар тус бүр 6-7 орчим хувьтай болж, “Медиа холдинг” компани олгосон зээл, гаргасан зардал, босгосон хөрөнгийн хариуд 49 хувьтай болсон байна.

Сүүлийн үед энэ төслийг улс төр, бизнесийн зорилгоор сонирхож, элдвийн гүжирдлэг гүтгэлэг зохиож, хүчний байгууллагуудыг ашиглан сэтгүүлчид, менежментийн багаас өмч хөрөнгийг нь хураан авах шинж чанартай ажил явагдаж байгаа нь хэвлэл мэдээллээс харагдаж байна. Үүний тулд иргэний маргааны шинжтэй Л.Сэргэлэнгийн гомдлыг ашиглаж байна.

Хэдэн жилийн өмнө Л.Сэргэлэн Оросын нэг банкаас 2 сая ам.доллар буюу 2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Зохих хэмжээний мөнгөтэй болсон тэр залуу УИХ-ын гишүүн Т.Бадамжунайтай уулзаж, хөрөнгө оруулах объект, төслийн тухай дэмжлэг үзүүлэх тухай хүсэхэд цаадах нь “Улаанбаатар таймс” сонины төслийг зааж, өөрөө багийн ахлагч Ж.Саруулбуянтай уулзуулан танилцуулж, Ж.Саруулбуян, Л.Сэргэлэн хоёрын хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг зөвлөсөн гэдгийг дээр өгүүлсэн.

Л.Сэргэлэн уг төсөлд өөрийнх нь хэлж байгаагаар 490 орчим сая төгрөгийг ямар нэгэн удирдах байгууллагын шийдвэр, мөн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарахыг хүлээлгүйгээр буюу өөрийн эрсдлийг хүлээн зарцуулсан байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгаж тогтоосноор Л.Сэргэлэн байшин барилгын засварт 200 гаруй сая төгрөг зарцуулсан байна гэдгийг мөн л дээр тайлбарласан.

Оросын банк Л.Сэргэлэнгээс өрөө нэхэж, төлөхгүй болохоор нь хуулийн байгууллагад хандсан байна. Хуулийн байгууллага Л.Сэргэлэнг шалгасны дараа хэргийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдаан болоход Л.Сэргэлэн ял авахаас айж, оросын банкнаас авсан хөрөнгийн нэг хэсгийг “Улаанбаатар таймс” сонины төсөлд оруулсан учраас өрөө төлж чадаагүй хэмээн тайлбарласныг шүүх харгалзан үзэж, хэргийг мөрдөн байцаахад дахин шалгуулахаар буцаажээ. Л.Сэргэлэн өөрөө ял авахаас ямар ч аргаар байсан хамаагүй зугтахын түүс болсон тул “Улаанбаатар таймс” сонины төсөлд томчуул орсон хэмээн мэдүүлжээ.

Тэрээр Ерөнхий сайд Сү.Батболд, Шадар сайд М.Энхболд, ХХАА-н сайд Т.Бадамжунай нар, УИХ-ын гишүүн .Дашдорж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нар тус тус байгаа хэмээн мэдэгдсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байна. Л.Сэргэлэн миний нэхэмжлэлэээр энэ асуудлыг цагдаа шалгаж байгаа нь үнэн хэмээн ярилцлага өгсөн, энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж буйтай холбогдуулж, дээрх хүмүүсийн нэрс сонин, вэбсайтуудад бичигдэж байгаа учир Л.Сэргэлэнгийн нэхэмжлэл ба сонин, вэбсайтуудад гарч буй нэрсийг хооронд нь холбох дүгнэлт хийхээс өөр аргагүй бөгөөд үүний тулд нэг их лут их ухаан шаардагдахгүй нь ойлгомжтой.

Энэ мэдэгдлийг хуулийн байгууллага шалгахдаа “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын талаар тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт нар ямар ямар шийдвэр гаргав, тэдгээр шийдвэр нь хууль зөрчсөн эсэх, энэ хувьчлалаас өмнө, зэрэгцэж болон хойно нь Улаанбаатар хотын ямар ямар өмч ямар ямар аргаар, хэн хэний шийдвэрээр хувьчлагдав, тэдгээр өмчийг хэн хэн авав, тэдгээр хувьчлалтай харьцуулвал “Улаанбаатар таймс” сонины хувьчлал ямар ялгаатай байна,  Улаанбаатар хотод аль хувьчлал ямар орлого оруулсан байна, нэхэмжлэл гаргагч Л.Сэргэлэн залилуулсан уу, өөрөө залилсан уу, залилах гэж оролдсон уу, эсхүл Д.Чулуунбаатар Л.Сэргэлэнг залилсан уу, эсхүл өөрөө түүнд залилуулсан уу, ер нь “Улаанбаатар таймс” сонины төслийг хэрэгжүүлэхэд хэн хэдэн төгрөгийн бодитой зардал гаргаж, хэн хэдэн төгрөгийн бодитой ашиг орлого олсон байна вэ гэдгийг тус тус олж тогтоох ёстой.

Харин ч энэхүү хүнд хэцүү байдалд орчихсон байсан төслийг өөрөө сэтгүүлч, зохиолч хүний хувьд хамт олны саналыг хүлээн авч, багийг ахалж, үе шаттайгаар шийдвэрлэхийн төлөө зүтгэж байсан болон байгаа Ж.Саруулбуян болон  Д.Чулуунбаатар нарыг хэлмэгдүүлж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчин хорьж саатуулж байгаа, эсхүл тэгэхийг санаархаж  байгаа нь сэтгүүлчдээс хууль зөрчин өмч хөрөнгийг нь булаан авах буруу үйл ажиллагаа явуулж байгаагийн нотолгоо болж байна.

Сэтгүүлч, зохиолч хүн хуульд нийцүүлэн багийн шийдвэрийн дагуу өөрийн бололцооны хэрээр идэвхтэй ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд зүтгэснийх нь төлөө эрх чөлөөнд нь бүдүүлгээр халдаж байгаа нь яах аргагүй хэлмэгдүүлэлт мөн. Сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн байгууллага үйл ажиллагааныхаа чиг үүргийг хадгалан бизнесийн төсөл хэрэгжүүлэх эрхийг хэн, ямар хуулиар хориглосон болоод хуулийн байгууллагууд ингэж дураараа аашилна вэ?

Л.Сэргэлэнгээс нэг ч төгрөг залилаж аваагүй менежментийн баг, түүний ахлагч байсан болон байгаа Ж.Саруулбуян, Д.Чулуунбаатар нарын иргэний болон сэтгүүлчийн эрхийг хүндэтгэх нь зүйтэй, энэ төслийн талаар ямар нэгэн шалгалт явуулж, шийдвэр гаргавал наад зах нь менежментийн багийн саналыг асуух, тэдний зарсан зардлыг нөхөх шаардлагатай.

Энэ асуудал өнөөгийн Монгол Улсад сэтгүүлчид ямар амархан “хэрэгтэн” болох нөхцөл байсаар байгаа вэ гэдгийг харуулж, мөн улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хүн болгон, юм болгонотой холбогдуулан зориуд чиглүүлэн “хэрэгт оруулах” гэсэн оролдлого эрх баригчид, тэдний гар хөл болсон хуулийн байгууллагуудын зүгээс эрчимтэй явж байгааг нотолж байна.

Дээр нь саяхан жагсаал цуглаанд идэвхтэй оролцож буй Л.Уянгыг цагдаа нар нэхэмжлэл гаргасан сайд Л.Гансүхийн шаардлагаар баривчилж саатуулсан зэрэг захын жишээнээс харахад эрх баригчид юу дуртайгаа хийдэг, тэр ажиллагаандаа Л.Сэргэлэн мэтийн өөрөө хэрэгт орохоосоо айхдаа “хүн хэлмэгдүүлэх”-ээс буцахгүй болсон хүмүүс, Л.Гансүх мэт өөрийн алдаа дутагдлыг нуун дарагдуулахын тулд хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх, хуулийн байгууллагуудыг ашиглан “агнах” ажиллагаа явуулахаас буцахгүй болсон албан тушаалтнуудыг ашиглаж байна.
Ийм байдлыг нэн яаралтай засан залруулая.

                                                                                 C.Лхагвадорж   
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж