
Энэ даваа гарагт УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн яг л энэ зарчмаараа ажиллаж. Тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат намынхан нь “Парламентад суудалгүй энэ хэдэн намыг үйл ажиллагаа явуулж чадахгүй болгоод хаячихъя” гэсэн байр суурь илэрхийлснийг ч хүргэлээ.
УИХ-ын гишүүн С.Баярцогтоор ахлуулсан ажлын хэсэг Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Ингээд хуулийн төслийг хэрхэн өөрчлөх талаараа ярилцаж, бусад намынхантай зөвшилцсөний үндсэн дээр нэгэн ардчилалгүй заалтыг хуулийн төсөлд оруулах санал гаргасан нь энэ. Тэр нь парламентад суудалгүй л бол татан буулгах, оршин тогтнуулахгүй байх тухай. Ардчилсан намынхан энэ саналаа хуулийн төсөлдөө тусгаад, хэрэгжүүлээд явбал одоо парламентад суудалтай Ардчилсан нам, Ардын нам, МАХН, МҮАН, Иргэний зориг-Ногоон намынхан Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрхээ авч үлдэнэ. Харин нэгэн цагт Ардчилсан нам, Ардын намынхантай дугуй ширээний ард суугаад эрх баригч намтай хэрхэн хамтарч ажиллах, хууль батлах үйл ажиллагаанд ямар байдлаар оролцохоо ярилцаж суусан жижиг намууд улс төрөөс хөөгдөөд гарах юм байна.
Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын иргэд намд эвлэлдэн нэгдэх эрхтэй. Ардчилсан намынхан шиг засгийн эрхийг барьж чаддаггүй юм гэхэд үзэл бодлоороо нэгдэж, байр сууриа илэрхийлээд явах бүрэн эрх нь хэнд ч бий. Гэтэл Ардчилсан намынхан УИХ-ын гишүүнтэй намыг нам хэмээн үнэлээд бусдыг нь байх шаардлагагүй гэж үзжээ. Намуудыг татан буулгах асуудлаар бусадтайгаа зөвшилцсөн гэж байгаа ч тэр зөвшилцөлд нь парламентад их, бага хэмжээгээр суудалтай намууд оролцсоноос бус суудалгүй жижиг намууд нь “Биднийг улс төрөөс хөө” хэмээн алга ташин дэмжээгүй нь лавтай. Ардчилсан намынханд энэ мэтээр бусдын эрхийг зөрчсөн тохиолдол цөөнгүй бий. Тухайлбал, хэвлэн нийтлэх эрхээ эдэлж байсан телевизүүдийн үйл ажиллагааг хаах шийдвэр ч тэднийх байсан юм.
Өнгөрсөн жил болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нарын жижиг намуудын дарга нар Ардчилсан намыг дэмжиж ажиллахаа илэрхийлэн баяр ёслолын байдалтай гарын үсэг зурсан. Ардын намаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг О.Бум-Ялагчаар ахлуулсан Монголын ногоон нам гээд жижиг намууд дэмжихээ илэрхийлж байсан. Энэ утгаараа парламентад суудалгүй жижиг намууд Ардчилсан нам, Ардын намынханд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Тэднийг сонгуулийн үеэр хэн ашигладаг вэ гэвэл, мөн л дээрх хоёр нам. Намын даргаар нь үг хэлүүлж цөөн тооны ч гэсэн дэмжигчдийнх нь саналыг өөртөө авна. Гишүүд нь дэмждэггүй юм гэхэд намын дарга нь дэмжсэн, нэг хүний ч гэсэн саналыг өөртөө авсан гэдгээрээ Ардчилсан намд яаж ч бодсон ашигтай. Харин одоо тэдэнд парламентад суудалгүй ч сонгууль болохоор татаж авчраад ашигладаг намууд нь огт хэрэггүй болсон нь энэ. Ингэх байсан юм бол жижиг намуудыг яагаад ашигласан юм бэ гэдгийн хариултыг одоо тэднээс нэхэх хэрэгтэй. Ийм гэрээн дээр гарын үсэг зурж, ингэж хамтарч ажиллах талаар ярьж байсан шүү дээ гэдгээ Ардчилсан намынханд дахин нэг сануулах эрх нь парламентад суудалгүй жижиг намуудад бий. Ардчилал, эрч чөлөө ярьдаг хэрнээ бусдынхаа эвлэлдэн нэгдэх эрхийг хаах эрх тэдэнд байхгүй гэдгийг ч сануулах цаг болсон бололтой.
Тэгээд ч нам гэдэг тодорхойлолт зөвхөн Ардчилсан нам, Ардын намыг илэрхийлдэггүй. Улстөрч гэдэг тодорхойлолтод зөвхөн Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, С.Баярцогт, М.Энхболд, Ц.Нямдорж, З.Энхболд нарын УИХ-ын гишүүд багтдаггүй гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин