
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлэх магадлалтай теннисчдийн тоонд зүй ёсоор багтаж буй ОХУ-ын Мария Шарапова хүндхэн тоглолтоос дараагийн тойрогт шалгарлаа. Тэрбээр хоёрдугаар тойрогт тус тэмцээнд гурван удаа оролцохдоо хоёрдугаар тойргоос хэтэрч байгаагүй Италийн Карин Кнапптай учраа таарч, гурван цаг 45 минут үргэлжилсэн тоглолтод буулган авснаар 1/32-д шалгарав. Тоглолтын эхний сэтийг 6:3-аар Шарапова илүүрхсэн ч удаах сэтийг Кнапп 6:4-өөр өөрийн болгосон. Шийдвэрлэх гурав дахь сэтийн тоглолт 115 минут үргэлжилж, 10:8-ийн харьцаагаар Шарапова ялалт байгуулав. "Род Лэйвер Арена"-д болсон тус тоглолтын үеэр агаарын хэм 39 гардуст хүрчээ.
Шарапова гуравдугаар тойрогт 25-т эрэмбэлэгдэн тоглож буй Италийн Корнеттэй оноолт таарсан байна. Итали бүсгүйчүүдээс Сара Эррина(7), Роберт Винчи (12) нарын шилдэг тоглогчид эхний тойргоос хасагдаад байгаа. Хэдийгээр ганцаарчилсан төрлийг орхисон ч дээрх тоглогчид хосын төрлийг тэргүүлэн тоглож буй.
Австралийн нээлттэй тэмцээнд арван удаа оролцохдоо 2008 онд түрүүлж, 2007, 2010 онуудад шигшээд шалгарч байсан Мария Шарапова энэ жил тус тэмцээнд түрүүлэх теннисчдийн тоонд зүй ёсоор багтаж буй. Өнгөрсөн жилийн улирлын төгсгөлд бэртлийн улмаас “Америкийн нээлттэй тэмцээн” болон хэд хэдэн тэмцээнд оролцож чадаагүй тэрбээр Свен Гренефельдийн удирдлагад бэлтгэл хийнэ Мельбурнд ирсэн.
Мария Шараповаг буулгах дөхсөн Италийн Карин Кнаппийн хувьд WTA чансааны 44-т бичигдэж байна. Тэрбээр хэдийгээр ганцаарчилсан төрлийн тэмцээнээ дуусгаж байгаа ч хосын төрөлд экс тэргүүн теннисчин Сербийн Елена Янковичтой хослон тоглож, хоёрдугаар тойрогт шалгараад байна.
АНУ-ын Серена Уильямс, БНХАУ-ын Ли На нарын шилдэг тоглогчид гуравдугаар тойрогт шалгараад буй. Харин 1/32-т оноолт таарсан Австралийн Саманта Стосур, Сербийн Анна Иванович нарын тоглолт олныг сонирхолыг хүлээгээд байна. Эмэгтэйчүүдийн хувьд эхний тойргоос Чехийн Петра Квитова(6), Италийн Сара Эррина, Роберта Винчи нарын шилдэг тоглогчид тэмцээнийг орхисон учир гуравдугаар тойргоос сонирхолтой тоглолтууд олноор өрнөх нь дамжиггүй.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хоёрдугаар тойргийн тоглолт өнөө шөнө дуусаж, 1/32-т өрсөлдөх теннисчид бүрэн тодрох юм.