
Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 12 сурагч үдийн цайнд өгсөн “Монсүү” ХХК-ийн сүү, аарцнаас болж хордлого авсныг бид өмнө мэдээллэсэн. Хүүхдүүдийн хордлогын клиник шинжилгээний хариу гарлаа. Уусан сүүнд “тетро” хэмээх хордлого үүсгэгч бактери илэрсэн аж. Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа 12 хүүхдийн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд сэхээнд байсан нэг хүүхэд энгийн тасагт шилжсэн байна. Тэд өнөөдөр хоёр дахь шинжилгээгээ өгсөн бөгөөд шинжилгээний хариу нааштай гарвал энэ долоо хоногт эмнэлгээс гаргах гэнэ.”Өчигдөр мөн шинээр хордлого авсан нэг хүүхэд нэмэгдэж ирсэн. Гэхдээ хүүхдийн биеийн байдал гайгүй байна”гэж тус эмнэлгийн Сургалт, сурталчилгааны албаны дарга Ч. Уртнасан хэлэв.
Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар “Монсүү” ХХК”-ны бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн бөгөөд урьдчилсан байдлаар “Зөгийн балтай” сүү, аарц нь нянгаар бохирдсон болохыг тогтоолоо. “Монсүү” ХХК-д 250000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсанаас гадна, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон байна.
Д. Гэрэлчимэг