О.Эрдэнэбулган: Олборлогчоос үйлдвэрлэгч орон болно

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

О.Эрдэнэбулган: Олборлогчоос үйлдвэрлэгч орон болно

Улсын эдийн засагт хамгийн чухал нөлөөтэй уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчинг одоо эмхлэх эгзэгтэй сорилтын өмнө тулгараад байна. Гол хуулиудыг  УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барихад бэлэн, мөн ид хэлэлцэх шатандаа явж байна. Үүнээс ирэх жилүүдэд улсын төсвийг хэрхэн арвижуулах, иргэдийн амьдралыг хэрхэн дээшлүүлэх, дэлхийд өрсөлдөх чадвартай болох нь вэ гэдэг тодорхой болох юм. Монголын хууль санаачлагдын нэг алдаа нь урт “насгүй” хууль үйлдвэрлэдгээс гадныхан хөрөнгө оруулалтаа татах болж. Тиймээс хуулиудаа цэгцлэх эгзэгтэй үетэй давхцан эрдэс баялгийн салбарынхан оны анхны хэлэлцүүлгээ өчигдөр хийсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр Уул уурхайн  Дэд сайд О.Эрдэнэбулгантай  ярилцлаа.

-Өнгөрсөн жил уул уурхайн  салбар гадаад, дотоодын хүчин зүйлээс шалтгаалж өмнөх жилүүдийнхээс уналттай байлаа. Энэ жил салбараа хөгжүүлэхэд хамгийн түрүүн  юу хийх хэрэгтэй байна вэ?

-Монгол ашигт малтмалаараа баялаг учраас энэ салбар дээрээ тулгуурлаж бусад салбараа яаж хөгжүүлэх вэ гэдэг цогц асуудал гарч байна. Үүний тулд хамгийн эхэнд уул уурхайн салбарын эрх зүйн орчноо тогтвортой байлгах шаардлагатай. Мөн олон нийтэд эрдэс баялгийн салбарын талаарх зөв бодлыг төрүүлэхгүй бол нэг талдаа ардын баатар, нөгөө талдаа газар ухагч гэсэн ойлголтыг төрүүлэх ойлголтын зөрчил байна. Тиймээс өнгөрсөн оноос эхлээд хууль эрх зүйн орчны шинэтгэлд их анхаарч, одоо УИХ-д хэд хэдэн гол хуулийг хэлэлцэж байна. Одоогоор Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах баримт бичгийг УИХ-аас дөнгөж сая баталлаа. Үүний дараа холбогдох гол хуульд өөрчлөлт оруулна. Тухайлбал, бодлогын баримт бичгээс гадна Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Газрын тосны тухай хуулийг УИХ-д хэлэлцэж байна. Мөн Газрын хэвлийн тухай хууль, Олборлох байдлын ил тод байдлын тухай хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон бол , Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг саяхан баталсан.Хууль хэрхэн гарахаас салбарын ирээдүй шалтгаалж, том, жижиг гэлтгүй хөрөнгө оруулагч, компаниуд үйл ажиллагаандаа хувьсал, шинэчлэл хийх боломжтой болно. Ирээдүйд хэтдээ Монгол олборлогч орноос үйлдвэрлэгч орон болох нөөц боломж бий. Үүнд анхаарч ажиллана.

-Ашигт малтмалын тухай хуулийг боловсруулсан ч хэрэгжүүлэх журам гараагүй гэж байна. Ингэхээр ахиад л хэрэгжих боломжгүй “агаарын” хууль гарах вий гэсэн айдас байна?

-Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-д их нягталж хэлэлцэж байгаа. Алтны худалдаанд ил тод байдлыг хангах тухай хуулийг Ашигт малтмалын тухай хуулинд багтааж өгөх байдлаар шийдэх зэргээр. Тэгэхээр хууль ганцаар оршин тогтнох боломжгүй. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг УИХ-д эцсийн шатны хэлэлцүүлэгт байна. Бодлогын баримт бичгийг гарсны дараа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагалдах журмуудыг тодорхой болгох байх.

-Гадны хөрөнгө оруулалтгүйгээр ахиж дэвшихгүйг сүүлийн жилд илүү сайн ухаарлаа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан бол үүнд гадныхан хэрхэн хандаж байна вэ?

-Гадны хөрөнгө оруулагчид тухайн улсаас тогтвортой байдлыг л шаарддаг. Ямар хууль баримталж, хэр татвар авах юм гэдгийг ойлгомжтой мэдэхийг хүсдэг. Дээр хэлсэнчлэн уул уурхайн салбарт шаардлагатай гол хуулиуд  батлагдаад Хөрөнгө оруулалтын тухай хуультай зохицуулаад хэрэгжүүлж чадвал зөвхөн манай салбар гэлтгүй бусад салбар ч юуг хэрхэн хийх нь тодорхой болж, том чиглэл гарч ирэх юм.

-Энэ мэт хуулиудаас бүх асуудал хүлээлттэй болчихлоо. Үүний нэг нь яалт ч үгүй ашигт малтмалын Х лиценз буюу хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин шинээр олгох болов уу гэх асуудал. Энэ талаар тодруулаач?

– Тэгэхээр өмнө нь хэн дуртай нь, түрүүлж ирсэн нь хайгуулын тусгай зөвшөөрлөө аваад хайгуул хийдэг байсан. Үүнээс болж санхүүгийн чадваргүй, мэргэжлийн бус, хариуцлагагүй нөхдүүд энэ салбарт ихээр орж, зарим үед хууль зөрчиж  ажиллаж байлаа. Тиймээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон Ерөнхийлөгчийн хориг одоог хүртэл хэвээр байгаа. Салбарын бодлогын баримт бичиг, гол хуулиуд гарахаар энэ асуудлыг эмхэлнэ. Ингэхдээ төрөөс тодорхой газар зааж өгөөд, үүнд хариуцлага, чадвартай мэргэжлийн компанид хайгуулын тусгай зөвшөөрөл өгдөг болох чиглэлтэй байгаа. Өөрөөр хэлбэл, цаашдаа хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах байдлаар хамгийн чадвартай, мэргэжлийн компанид олгодог байх зам руу явна.

-Салбарын голлох бүтээгдэхүүн болох нүүрсний зах зээлийг хэрхэн сэргээж, ашгаа олох вэ гэдэг асуулт хүн бүхэнд байгаа?

-Нүүрсний зах зээл 2012, 2013 оныг дамнан таатай байсангүй. Үйлдвэрлэлийн, тэр дундаа гангийн үйлдвэрлэлийн салбарт өсөлт ажиглагдаагүй болохоор  кокжсон нүүрсний зах зээл уналттай байна. Тиймээс бид ийм үед дотоодын нөөц, бололцоогоо ашиглаад зардлаа бууруулах арга хэмжээ авах нь оновчтой, үүнд тулж ажиллана.

-Уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнэ тогтоох асуудал олон компанийг хохиролд хүргэдэг. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Жишиг үнийн хувьд асуудал дагуулж байгаа нь үнэн. Үүнийг шийдэхийн тулд дэлхийн зах зээлд худалддаг бүтцийг бий болгох хэрэгтэй.

-Дэлхийн зах зээлийн стандартын бүтэц гэхээр яг юуг хэлж байна вэ?

-Манай яам бусад холбогдох байгууллагуудтай хамтарч Эрдэс баялгийн бирж байгуулах юм. Ингэснээр манай бүх бүтээгдэхүүн биржийн зарчмаар нээлттэй, ил тод байдлаар худалдаалагддаг үндсэн бүтэц гарч ирнэ. Амжилттай байгуулж, тууштай ажиллуулж чадваас жишиг үнэ гэж байхгүй болно.

-Эрдэс баялгийн бирж байгуулахыг хэзээнээс бодит ажил хэрэг болгох вэ?

– Одоогоор урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг хийж байна. Бүтцийн хувьд ямар хэлбэрээр байгуулах чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж