100 мянган тонн улаан буудай импортлохоор боллоо

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

100 мянган тонн улаан буудай импортлохоор боллоо

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан нэлээд шуурхай байдлаар үргэлжилж байна. Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг улираан сонгосон бол хоёрт нь Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталсан юм. Үүний дараа мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлын хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой нэр бүхий гурван хуулийн төслийг баталлаа.

Харин сая Үйлдвэр хөдөө, аж ахуйн яамнаас оруулж ирсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хууль батлагдсанаар хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор 100 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулж ирэх. Ингэхдээ Гааль болон НӨАТ-аас бүрэн чөлөөлөх болж буй. Татварын чөлөөлөлт ирэх зургадугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Энэ хооронд гурил үйлдвэрлэгч компаниуд тодорхой графикийн дагуу гурилын нөөц бүрдүүлэхтэй холбоотойгоор улаан буудай импортолно.

Улаан буудай импортлох хугацааг ирэх зургадугаар сарын 1-н хэмээн зааж өгсөн нь тариаланчдын улаан буудай тариалалтад эргээд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх талаас хийсэн зохицуулалт юм.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж