Ч.Даваадорж харцага өөрөө том биетэй бөхчүүдийг ихэвчлэн давна уу гэхээс биш унаж байсан тохиолдол тун цөөхөн. Тэрээр 1990 онд “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн даншиг наадамд гялалзсан барилдаан үзүүлж улсын харцага цолонд хүрсэн юм. Гэхдээ түүний харцага цолыг 2004 онд нөхөн олгосон байдаг. Ч.Даваадорж харцага 1990 оны даншгийн гурвын даваанд улсын начин Р.Лхагвасүрэнг, дөрөв дээр арслан Чойжилсүрэнг, тавд заан Долгорсүрэн, зургаад Амгаа зааныг давснаар тухайн үедээ өсөх идэр начин болж байсан юм. Улмаар 1994 оны улсын наадамд улсын начин Ш.Лхагвасүрэнгээр тав давж начин цолоо баталжээ.
Төрийн наадамдаа хоёр ч удаа шөвгөрсөн тэрээр цагдаагийн дэд хурандаа цолтой нэгэн. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байсан түүнийг ажилдаа үнэнч, чин сэтгэлээсээ ханддагийг журмын нөхөд нь дурсан ярилаа. Ч.Даваадорж агсныг зөвхөн үндэсний бөхөөр амжилт гаргасан гэвэл эндүүрэл. Самбо, жүдогоор ч гэсэн чамгүй өндөр амжилт үзүүлжээ. Самбо бөхийн залуучуудын дэлхийн аваргаас мөнгө, жүдо бөхийн олон улсын тэмцээний медалийн арвин цуглуулгатай. Жүдо бөхөөр дэлхийн аваргад оролцож явсан түүхтэй. Тухайн үед жүдогоор дэлхийн аваргад оролцоно гэдэг медаль хүртсэнээс өөрцгүй амжилт байсныг спортын хүрээнийхэн дурсдаг. Дамдин багшийн удирдлага дор хичээллэж байсан тэрээр 66 кг-ын жинд өрсөлдөхийн тулд бараг 10 кг жин хасчээ. Медальд хүрч чадаагүй ч боломжийн өндөр амжилт үзүүлсэн тухай хожим нь дурсч байна. Жүдо бөхийн спорт одоогийнх шиг өндөр хөгжсөн байсан бол Даваадорж лав дэлхийн аваргын медальтай байх байсан биз. Даанч самбо бөхийг илүүд үздэг байж дээ хэмээн түүнтэй хамт бэлтгэл сургуулилт хийж явсан нөхөд нь дурссан. Тэр ч утгаараа тэрээр самбо бөхийн шигшээ багт багтан олон сайхан амжилтаар өөрийгөө чимэглэжээ. Ханьдаа халамжтай, үр хүүхдэдээ энэрэлтэй, анд нөхдөдөө жудагтай жинхэнэ монгол эр хүн гэж Ч.Даваадоржийг л хэлнэ дээ гэж түүний анд аймгийн арслан, жүдо бөхийн дасгалжуулагч Ц.Шийрэв багш ярьсан.

-Аавынхаа мэхнээс өвлөж үлдсэн үү?
-Хутгах мэхийг нь сайн сурсан. Өсвөрийн тамирчин байхдаа хутгах мэхээр мөн ч олон өрсөлдөгчөө буулгаж авсан даа.
-Ааваас үлдсэн зодог шуудгаас эрч хүч, энерги авна биз?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ аавынхаа зодог, шуудгийг өмсч зүрхлэхгүй л дээ. Надад дэндүү хүнддэх учраас тэр. Харин барилдахынхаа өмнө адис авдаг уламжлалтай.
Ч.Даваадорж харцага хүүгээ бөх, цаашлаад их спортын тамирчин болгохыг чин сэтгэлээсээ хүсч, дэмждэг байжээ. Аавынхаа амжилтын буухиаг залгамжилж яваа олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг 2008 онд самбоор Ази болон дэлхийн аваргад түрүүлж, улмаар Тайланд улсад болсон жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль авч ирсэн нь аавдаа барьсан хамгийн том бэлэг байв. Энэ нь жүдогоор дэлхийн аваргаас авсан анхны мөнгөн медаль байсан юм. Д.Төмөрхүлэг ийм том амжилт үзүүлээд ирэхэд аав нь хүнд өвчин тусч, үхэлтэйгээ тэмцэж байсан юм. Гэхдээ Ч.Даваадорж агсан хүүгээ дэлхийн дайтай том бөх болсныг харж чадсан хувьтай хүн. Д.Төмөрхүлэгийг анхны багш Ц.Шийрэвийнхээ хамт дэлхийн аваргаас мөнгөн медальтай ирэхэд нь Ч.Даваадорж харцага “Би та хоёрыг л хүлээж байлаа. Миний хүү үнэхээр дэлхийн хүн болжээ” хэмээн хэлжээ. Энэ үгийг хэлснээс хойш хоёр хоногийн дараа тэрээр гэр бүл, найз нөхдөө үүрд орхисон юм.
Түүнийг зөвхөн сайн барилддаг байсан уу гэвэл үгүй. Гавьяат жүжигчин Б.Түвшинжаргал ахаасаа дутахгүй гэж уртын дууг уянгалуулдаг цээлхэн хоолойтой нэгэн байлаа. Ялангуяа эр хүн бүрийн зүрхэнд байдаг “Эрдэнэ засгийн унага”-ыг мэргэжлийн дуучнаас дутахааргүй дуулдаг байжээ. Бөх сонирхогч, бөхийн хорхойтнууд Ч.Даваадорж харцагын барилдааныг хамгийн сүүлд 2007 оны наадмаар харсан юм. Уг наадамд тэрээр хоёрын даваанд Монгол Улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаярыг тухайн үед начин цолтой байхад нь амлан авч барилдаад өвдөг шороодуулж, улсын начин Ш.Жаргалсайханд тахим буулгаж байлаа. Харин түүнээс хойш харцагын уран барилдааныг харах завшаан тохиосонгүй.
Олон түмний зүрх сэтгэлд Монголын хамгийн өндөр хүн, хамгийн намхан хүнтэй үндэсний бөхөөр барилдаж буй зэрэг тод үлдсэн байдаг. Энэ бол улсын харцага Ч.Даваадорж, начин Ж.Оргилболд нарын барилдаан юм. Тэрээр цагдаагийн баяраар анх удаа Ж.Оргилболдтой барилдаж даваад олон түмнийг шуугиулж байсан удаатай. Түүнээс хойш наадмаас бусад барилдаанд хэд хэдэн удаа үлэмж биетэй начны өвдгийг шороодуулж байв. Ч.Даваадорж агсантай идэр залуугаасаа үерхэж, нөхөрлөж эхэлсэн, түүний найз аймгийн арслан Ц.Шийрэв андаа дурсан ийн ярилаа. “Миний найз тун их сэтгэлийн тэнхээтэй хүн байсан. Баргийн зүйлд сэтгэлээр унана гэж үгүй. Бие жижиг ч сэтгэлийн тэнхээгээрээ өөрөөсөө том биетэй олон хүчтэнийг өвдөглүүлж явсан даа. Хүүгээ өөрийн биеэр над дээр дагуулж ирээд тамирчин болох замналыг нь эхлүүлсэн юм. Харин одоо хүү нь мундаг тамирчин боллоо. Д.Төмөрхүлэгийг найзууд нь ааваас нь дутахгүй хайрлаж, хамгаалж, зааж сургалаа. Удахгүй олимп, дэлхийгээс медаль авч тэнгэрийн оронд байгаа аавыгаа баярлуулна гэдэгт итгэлтэй байна. Өөрийгөө хурцалж барилддаг найзыгаа хараад үнэхээр их бахархдаг байсан юм. Би найзтайгаа тэмцээн уралдаан дээр нэг ч таарч барилдаж байгаагүй. Харин хамт бэлтгэл хийдэг, бэлтгэл хангагч нь байлаа. Биеийн ерөнхий хөгжлийн талаар өөгүй. Тийм л хүн байсан даа, миний найз”.

Тэгвэл Ч.Даваадорж агсантай гэмгүй сайхан найзууд явсан самбо, жүдо бөхийн дасгалжуулагч Д.Эрдэнэбаатар “Анд минь чи амгалан нойрсч байна уу. Хэлсэн үгийг чинь чандлан сахиж байгаа, найз нь. Хүү чинь одоо том бөх болсныг харж байгаа биз дээ, нутгийн нөхөр минь. Би хэзээ ч чиний хүүгийн аав шиг нь байхыг эрхэмлэнэ. Тайван нойрс доо, миний анд. Олимп, дэлхийгээс медаль авсных нь дараа чинийхээ бүлээн шарилын өмнө хүүтэй чинь хамт очих болно. Найзыгаа өршөө” хэмээн сэтгэлийн үгээ бичжээ.
Тийм ээ, ид залуу насандаа халамжит хань, энэрэлт үр, хайртай дотнын найз нараа орхиод бурхны оронд заларсан түүнийг хойч үе нь мартахгүйн учир ийн дурслаа.
Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин