
Бусдын идэж уусан, өмссөн зүүсэн гээд юу эсийг фэйсбүүкээс сонжих нь завтай үед цаг нөхцөөх сайхан зугаа болдог ч ажилтай үед бөөн төвөг уддаг. Нэг орчихвол гарч чадахгүй “тэнүүлчилсээр” байгаа хайран сайхан алтан цагаа хий дэмий зүйлд зарцуулаад өнгөрөх нь бий.
Дэлхий дээр 10 хүн тутмын нэг нь фэйсбүүкчин гэх бөгөөд тэр сая сая хүний эгнээ элссэн сая, сая хүн фэйсүүкийн эдгэшгүй донтон болчихоод байгааг Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас анхааруулжээ. Хүүхэд гэлтгүй томчууд хүртэл дээрх өвчнөөр өвчилж, сэтгэлзүйн эмгэгтэй болоод байгаа ч тус байгууллагынхан анхааруулжээ. Тэдний хийсэн судалгаагаар 18-40 насны хүмүүсийн 60-аас дээш хувь нь өдрийн үр бүтээлтэй цагийн дийлэнх хэсгийг фэйсбүүк, твийтерт зарцуулж байгааг судалгаагаар тогтоожээ. Танилтай минь адилхан ажлаа твийтерээр хийдэг нөхдүүд ч Монголын төрд олон бий. Хуулийн дагуу тогтоосон найман цагийнхаа цалинг бүтэн авахын тулд жиргэсэн шигээ өдрийг өнгөрөөж, төрийн ажлыг цалгардуулдаг хүмүүс цөөнгүй. Аргагүй ч биз дээ, төрийн түшээд нь хүртэл фэйсбүүк, твийттерт донтчихоор залуус “сэтгэл зүрхээ” даатгах нь зүйн хэрэг биз.
Чуулган дээр хэлэлцэж байгаа хуулийг анхаарахаас илүү твийттерт жиргэсэн шигээ суух түшээд товчлуур дарсан хойноо “Би юу хийчихэв ээ” гэж Богд шиг уулга алдах үе олон гардаг байх аа. Яагаад гэвэл тэд хамаг анхаарлаа утсан дээрээ, твийттер гэгчид тавьчихдаг болохоор ямар хууль баталж байгаагаа ч зарим нь сайн мэддэггүй юм байна лээ. Баталсан хуулийнх нь талаар асуухаар “Би байсан л даа. Гэхдээ тэр асуудлыг сайн мэдэхгүй байна” гэх жишээний хариулт өгдөг нөхдүүд ч бий.
Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар сошиал ертөнцтэй “ханилсан” хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж сул, сэтгэлзүйн элдэв асуудлуудтай тулгарах нь элбэг байжээ. Тэр бүү хэл, бусдаас хэт хамааралтай болж, бие даасан шийдвэр гаргаж чадахгүйд хүрэх тохиолдол ч фэйсбүүк хэрэглэгчдийн дунд элбэгшсэн гэнэ.
Нэгэн шинэ онигоо сүүлийн үед моод болоод байгаа. Өвөөгийнх нь бие муудсан талаар ач хүүдээ эмээ нь ярьж л дээ. Тэгсэн ач хүү нь “Би аймаар завгүй байна, эмээ” гээд очиж туслаагүй мөртлөө твийттерт “Яанаа өвөө маань өвдсөн гэнэ ээ, сэтгэл өвдөөд үхэх нь ээ” гэжээ.
Ийм л онигоо шиг фэйсбүүк, твийтергүй л бол амьдарч чадахаа больсон хүмүүс олширсоор байна. Ямар сайндаа хамаатны охин маань хоолоо хийж байхдаа хүртэл нүд нь утсан дээрээ, хамаг анхаарал нь фэйсбүүкт чиглэгдчихдэг гэж ярихав дээ. Томчуудыг донтуулж чадаж байгаа фэйсбүүк гэгч өсвөр насныхныг бол “баллаад” хаях бололтой.
Фейсбүүк, твиттер зэрэг сайтуудад ажлын цагийнхаа 30-40 хувийг зарцуулдаг хүмүүс байхад бүр 60-70 хувийг дэлгэц ширтэн хэн нэгний статусыг унших, сэтгэгдэл бичих, найзуудынхаа зургийг үзэх зэрэгт зарцуулдаг хүмүүс ч байдаг талаар Олон улсын эрүүл мэндийн байгууллагынхан мэдээлжээ. Тиймээс цахим донтолтоос хүн бүр сэргийлж, сошиал сайтуудад өнгөрөөх цагаа хязгаарлаж, илүү бодитой, амьд харилцаанд идэвхтэй оролцохыг уриалсан байна.
Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа үнэн бол монголчуудын хөдөлмөрийн бүтээмж сүүлийн нэг жилийн дотор багагүй хувиар алдагдсан гэж мөрийцөхөд ч алдахгүй. Ажлын бүтээмжээс бага багаар хумсалсаар байгаа фэйсбүүкт донтсон шинэ үеийнхэнд бие бялдрын хувьд сөрөг нөлөө илэрч байгааг эмч нар хүртэл сануулж байна. Тэгэхээр эрүүл амьдарч, эрүүлээр сэтгэж, ажилдаа сэтгэл дүүрэн, бүтээмж сайтай амьдармаар байвал фэйсбүүктэй нөхөрлөх хугацаагаа багасгана уу. Фэйсбүүк гэдэг олон хүний хувьд жинхэнэ “хар тамхи” болчихоод байгаа болохоор тэр.