
Өнөөдрийг хүртэл монгол хэлээ албан ёсоор баталгаажуулсан заалт нь Үндсэн хуулийн“Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэх ганц өгүүлбэр. Түүнээс бусдаар эх хэлээ хамгаалсан, манасан хууль байгаагүй бөгөөд одоогийн дагаж мөрдөж буй Төрийн албан ёсны хэлний тухай хууль нь нийгэм, цаг үеийнхээ шаардлагад огтхон ч нийцэхгүй байгаа. Тиймээс хуулийг шинэчлэхээр зориг гаргасан М.Батчимэг болоод бусад гишүүдэд талархахаас аргагүй гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс хэлж байсан юм. Хуулийн төсөлд “Монгол Улс нь монгол хэлний бичиг үсгийн нэгдмэл дүрэмтэй байна. Тэрхүү дүрмийг эрх бүхий судалгааны байгууллага хариуцан боловсруулж, Хэлний бодлогын зөвлөл зөвшөөрч, баталснаар уг дүрэм хүчинтэй болно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, эх хэл маань манаачтай болох нь. Үндсэн хуулийг Цэц манадаг гэдэгтэй адил гэх үү дээ.
Харин тэрхүү манаач хэн байх вэ гэдэг дээр зөрүүтэй санал гарч байлаа. Хууль санаачлагчдын хувьд эрх бүхий байгууллага гэдэгт Шинжлэх ухааны хүрээлэнгийн Хэл шинжлэлийн хүрээлэн байхаар тусгасан ч үүнийг үгүйсгэх нэгэн ч байлаа. Ямартай ч монгол хэлний дүрэм гээчийг багш болгон өөрийн тааллаар зохиох, өөрчлөх бус хариуцах эзэнтэй болох нь хамгийн гол ололт юм. Хуульд заасан эрх бүхий судалгааны байгууллага нь монгол хэлний бичиг үсгийн нэгдмэл дүрэм боловсруулаад зогсохгүй гарын авлага, монгол хэлний үгсийн сангийн болон мэргэжлийн хэлний болон бусад толь бичиг боловсруулах, гадаад нэр томъёог монгол хэлнээ хөрвүүлэх, монгол хэлний төвшин тогтоох шалгалтын агуулгыг боловсруулах зэрэг үүргийг хүлээх ажээ.
Аль ч байгууллага ажилтан авахдаа гадаад хэлний мэдлэгийг шалгадгаас эх хэлээ хэр мэддэгийг нь анзаардаггүй. Үүнээс болж монголоороо ярьж, бичиж, сэтгэж чадахгүй эрлийз хэлтнүүдээр дүүрсэн. Тиймээс ч МУИС-ийн баш Ш.Чоймаа төрийн байгууллагууд дэргэдээ эх зохиогчтой болохыг сануулсан бол Ардын уран зохиолч Т.Галсан эх хэлний түшмэл гэх албан тушаал бий болгохыг чухалчлав. Эрлийз хэлтнүүдээс ангижрахын тулд ерөнхий боловсролын сургууль төгсөгч бүр монгол хэлний хичээлээр Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байхыг энэ жилээс эхлэн албан ёсоор шаардаж байгаа бол төрийн албан хаагч бүрээс монгол хэлний төвшин тогтоох шалгалт авч байхыг хуульчилжээ. Гадаад хэлний сургалттай дунд сургуулиуд монгол хэлний хичээлийг үл ойшоодогоос эрлийз хэлтнүүд олноор төрж байгааг М.Батчимэг гишүүн хэлж байлаа. Тиймээс гадаад хэлний сургууль бүр монгол хэлний хичээлийг эрх бүхий байгууллагаас баталсан хөтөлбөрийн дагуу явуулах заалтыг багтаажээ. Зарим нэг эрдэмтэн дунд сургуулийн монгол хэлний хичээлийн хөтөлбөр хэт хүнд байгааг шүүмжилж байлаа. Их дээд сургуульд судлах хэмжээний хөтөлбөрөөр монгол хэлийг заадгаас болж хүүхдүүд залхдаг байхыг үгүйсгэхгүй юм.
Олны эсэргүүцэл, дэмжлэгийн дэнсэн дунд байнга байдаг монгол бичгийг шинэ хуулийн төсөлд “уламжлалт монгол бичиг” гэх нэршлээр багтаасныг ч буруутгаж байлаа. Уйгаржин монгол бичиг гэхгүй юмаа гэхэд Ерөнхийлөгчийн зарлигт дурдсанчлан үндэсний монгол бичиг гэж ярьж бичиж заншихыг эрдэмтдийн зарим нь уриалж байлаа. Цаашдаа бүх нийтээрээ монгол бичигт шилжих нь зүйтэй гэсэн нөгөө хэсэг байхад монгол бичгийг үзэж судлах нь зайлшгүй боловч бүх нийтээрээ шилжсэнээр дэвшил бус ухралт болно гэсэн нөгөө хэсэг бас байна. Өнөөдөр монгол бичгийг бүү хэл кирилл үсгээр монгол хэлээ бүрэн эзэмшээгүй хэр нь гадаад хэлэндээ гаргуун залуус олон бий. Жараад оноос хойш монгол хэл дээр ном уншаагүй гэх хуучин цагийн сэхээтнүүд ч тааралддаг. Зарим нэгэн их дээд сургуулийн сурах бичиг, гарын авлага монгол хэлээр олддоггүй. Ийм байхад монгол бичгээр орчин үетэйгээ хөл нийлүүлнэ гэдэг үлгэр туульс гэдэг үг үнэний ортой. Харин монгол бичгийг үндэсний бичиг үсэг гэдэг утгаар нь төрийн албан бичигт үлдээж, ялангуяа гадаадын улс орнуудад илгээх албан бичигт монгол бичгийг хөрвүүлгийг хавсаргахад буруудах зүйлгүйг мөн хэлж байлаа.
Монгол хэлний хуулийн бас нэгэн анхаарал татсан хэсэг бол цахим орчин дахь монгол хэлний зохицуулалт. Өнөөгийн залуус сошиал ертөнцөд кирилл үсгээс илүүтэй латин үсгийг хэрэглэдэг. Гэтэл латин галиг ямар байхыг хуульчилсан нь үгүй. Х үсгийг л гэхэд kh-ээр галиглах уу, ганц h-ээр тэмдэглэх үү гэдэг өнөө хүртэл маргаантай. Тиймээс нэгдсэн нэг стандарттай болох, цахим ертөнц дэх монгол хэлний хэрэглээг нэмэгдүүлэх гэхчилэн шинэ тутам харилцааг хөгжүүлэх үүргийг эрх бүхий байгууллага хүлээхээр хуульд заажээ. Түүнчлэн үндэсний цөөнх болсон казах, буриад хэл болоод нутгийн аялгийг хэрхэх вэ гэхчилэн монгол хэл тойрсон олон асуулт эзэнгүйдсэн хэвээр. Энэ бүхнийг нэг мөр болгон зохицуулах Монгол хэлний хуулийн төсөл боловсруулах шатандаа байна. Мэргэн уншигч таны санал бодол ч энэхүү хуульд нэмэр болно гэдгийг дуулгая.