Оросууд оффшороос 5-6 тэрбум ам.доллар олохоор төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Оросууд оффшороос 5-6 тэрбум ам.доллар олохоор төлөвлөжээ

ОХУ-ын эдийн засаг, санхүүгийн мэдээллийн “Коммерсант” сэтгүүлийн мэдээлснээр тус улсын Засгийн газар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Татварын асуудлаар харилцан туслалцах конвенцид нэгдэх замаар оффшор бүсүүдтэй хамтран ажиллахаар зэхэж байгаа юм байна.

Энэ конвенцид нэгдсэнээр ОХУ-ын татварын албаныхан гадаад орны татварын албадтай илүү өргөн хүрээнд мэдээлэл солилцох, гадаад улс оронд данс бүхий компаниудын санхүүгийн үйл ажиллагааны талаар шалгалт хийх боломжтой болох юм. 1988 онд батлагдсан энэ конвенцийг 64 улс хүлээн зөвшөөрөөд байгаагаас 28 нь батламжлан нэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн арванхоёрдугаар сард эдийн засгаа оффшор бүсээс чөлөөлөх төлөвлөгөөгөө танилцуулснаас хойш энэхүү конвенцид нэгдэх үйл явц эрчтэй өрнөсөн аж.

Оффшорт гурван замаар цохилт өгөхөөр оросууд төлөвлөж байна. Нэгд, ОХУ-ын газар нутгаас хөрөнгийг нь хянадаг оффшор компаниудыг татварт хамруулах, хоёрт, ийм компаниудад төрийн дэмжлэг үзүүлэхийг хориглох, гуравт, ийм компаниудтай гэрээ хэлэлцээр хийхгүй байх юм. Эдгээрийг ажил хэрэг болгохын тулд зайлшгүй гадаад орон, тэр дундаа оффшор бүсийн татварын албадтай хамтран ажиллахаас өөр аргагүй. Ингэхийн тулд дээр өгүүлсэн конвенцид нэгдэх шаардлага гарч байгаа юм. Татварын асуудлаар харилцан туслалцах конвенцид 2011 оны зургадугаар сард оруулсан нэмэлт өөрчлөлтөөр конвенцийг хүлээн зөвшөөрсөн улс орнууд санхүү, татварын мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээжээ.

Дэлхийн улс орнуудын шахалтаар оффшор бүс бүхий улсууд энэ конвенцид нэгдэж байгаа юм. Тухайлбал, 2013 оны тавдугаар сараас Их Британийн мэдэлд байдаг оффшор бүс болох Виржинийн арлууд G5 буюу Их Британи, Герман, Франц, Итали, Испанийн иргэдэд хамаарах мэдээллийг хүссэн үед гаргаж өгч байхаар болжээ. ОХУ-ын Сангийн яамны тооцоогоор эдгээр арга хэмжээний дүнд улсын төсвөө 5-6 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой аж.

Конвенцид нэгдсэнээр өөр нэг боломж гарч ирнэ. Тухайлбал, тухайн компани тухайн улсад татварын өртэй, гэхдээ актив нь өөр улсад байгаа бол татварын алба тэрхүү активийг царцаах эрх үүсэх аж. Энэ эрх үүссэнээр ОХУ тухайлбал, Канадаас 1,38 тэрбум рубль, Туркээс 1,23 тэрбум рублийн татварыг нэхэмжлэн авах эрх үүсэх аж.

Оффшорт цохилт өгөх төлөвлөгөөг танилцуулсаны дараахнаас ОХУ-ын том компаниуд, тухайлбал, “Русал”, “Русгидро”, КамАз, “Металлоинвест”, “Норникель” оффшор бүсээс гарахаа мэдэгдсэн байна.

Өнгөрсөн 2013 онд Лихтенштейн, Сингапур, Швейцар энэ конивенцид нэгдсэн бөгөөд энэ онд Бермуд, Кайманийн арлууд зэрэг оффшор бүсүүд нэгдэх аж.


Бэлтгэсэн Д.НАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж