Тайландын сөрөг хүчний тэргүүний гэрийг дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.15-нд нийтлэгдсэн

Тайландын сөрөг хүчний тэргүүний гэрийг дэлбэлжээ

Тайландад өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээс хойш өрнөж буй бослого үймээн улам газар авсаар байна. Ерөнхий сайд Йинглак Шинаватраг суудлаас буулгах асуудалд ард түмэн хоёр хэсэгт хуваагдаад буй юм. Тэгвэл өнгөрсөн шөнө Тайландын улстөрийн сөрөг хүчний лидерийн байшинд хүчтэй дэлбэрэлт болсон байна. Албаныхны мэдээлснээр Тайландын Ардчилсан намын тэргүүн, экс Ерөнхий сайд Апхисит Ветчачивагийн гэрт дэлбэрэлт болсон аж. Азаар дэлбэрэлт болох үед гэрт нь хэн ч байгаагүй учраас хүн гэмтэж бэртээгүй гэнэ.

Тайландын ардчилсан намынхны зүгээс Ерөнхий сайд Йинглак Шинаватраг ихэр хоёр дугаар сард болох сонгуулиас өмнө суудлаас нь буулгахыг хүсч буй юм. Харин Йинглак Шинаватра парламентийн сонгуулиас өмнө огцрохгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн билээ.

Үүний зэрэгцээ Сутер Таугсубанаар толгойлуулсан босогчид эсэргүүцлийн ажиллагааныхаа хүрээнд дөрөв дэх өдрөө Бангкок хотыг хаагаад буй юм. Тайландад гурван сар орчим үргэлжилж буй зөрчил, мөргөлдөөний улмаас найман хүн амь үрэгдэж, олон тооны хүн гэмтэж бэртжээ.

Апхисит Ветчачива нь 2010 онд Тайландын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Йинглакийн ах Таксин Шинаватраг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хоорондох хоёр сарын мөргөлдөөнийг зогсоохоор цэргийн хүчийг дайчилж байжээ. Тухайн үед Йинглакийн эсрэг жагсаалыг тэргүүлэгч Сутер Таугсубан нь Апхисит Ветчачивагийн орлогч байсан аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж