“МИАТ”-ийн 49 хувийг хувьчлах учир

Хуучирсан мэдээ: 2014.01.15-нд нийтлэгдсэн

“МИАТ”-ийн 49 хувийг хувьчлах учир

“МИАТ” компани удахгүй олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээл дээр IPO хийх бололтой. Ямар ч байсан энэ хүрээнд компанийн үнэлгээг тогтоох ажил төлөвлөгөөний дагуу эхэлсэн гэж байна. Үнэлгээг гаргасны дараа IPO хийх асуудлыг шийдвэрлэнэ гэж тус компанийн албаны эх сурвалж мэдээлсэн.

Засгийн газар 2012 оны сүүлчээр “Агаарын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг баталсан. Энэхүү бодлогын дагуу “МИАТ” компанид “Үндэсний агаарын тээвэрлэгч” статус олгосон. Түүнчлэн шинэ онгоц авч өгч, компанийн ашиг, орлогыг нэмэгдүүлэхэд системтэйгээр анхаарч эхэлсэн байна. Харин тус компани шинэ онгоцоо түрээсэлж, өнгөрсөн онд 5.6 тэрбум төгрөгийн өрөө тэглэж, нэмээд 1.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ нь сүүлийн жилүүдэд гараагүй тохиолдол юм. АНУ-ын “Боинг” корпорациас дараагийн ээлжийн Боинг онгоцоо худалдан авах хэлцлийг ч эхлүүлжээ.

“МИАТ” компанийн гаргасан мастер төлөвлөгөөгөөр тус компани ирэх жилүүдэд 60 хүртэлх сая ам.долларын ашигтай ажиллах боломжтой гэж буй. Товчхондоо бол Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани нэгэнт ашигтай ажиллаад эхэлжээ. Мөн ирээдүй нь ч бас гэгээлэг харагдаж байна. Тийм ч учраас дараагийн арга хэмжээ буюу олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр IPO хийх ажлыг эхлүүлсэн байж болно. Гэхдээ энэ нь мэдээж маргааш гэхэд “МИАТ” олон нийтэд нээлттэй болчихно гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, ажил дөнгөж л эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд “МИАТ” алдагдалтай ажиллаж байсны нэг шалтгаан нь яах аргагүй төрийн менежмент байсан.

“Төр муу менежер” гэдэг нь иргэний агаарын тээврийн салбарт ч бас харагдаж, батлагдсан хэрэг. Гэхдээ иргэний агаарын тээвэр гэдэг стратегийн ач холбогдолтой салбар учраас тэр чигт нь хувьчлах боломж байхгүй. Энэ тохиолдолд сайн гарц нь компанийн тодорхой хувийг хувьчлах замаар шинэ менежмент, хяналтыг оруулж ирэх явдал гэж төр засгийнхан үзсэн. Тэгэхээр 49 хувийг дагаж олон нийтийн хяналт, менежмент орж ирж, компанийн ашиг орлого ч нэмэгдэх боломжтой. Ингэснээр ганц “МИАТ” компани ашиг орлогоо нэмэгдүүлэхгүй. Монголын хөрөнгийн зах зээл томорч, үндэсний аж ахуйн нэгжүүд ч ашиг орлогоо сайжруулж, томрох боломж бүрдэнэ.

Цаашдаа төрийн өмчийн компаниуд энэ жишгээр хөрөнгийн зах зээл дээр гарах ёстой. Тэгж байж, төр, хувийн хэвшлийн хамтарсан сайн менежментийг хэрэгжүүлж, төр сайн менежер болох боломж нь бүрдэнэ. Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдсаныг онцолъё. Тэрбээр манай ийгл.мн цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа “Цаашдаа төрийн өмчийг үе шаттайгаар олон нийтэд хувьцаа гаргах замаар хувьчилна. Төр заавал 51 хувиа ч эзэмших албагүй. Шаардлагатай бол 15 хувийн алтан хувьцаагаар ч бас хяналт тавьж болно. Төрийн өмчийн хороо энэ чиглэлэд ажиллана” гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, төр цаашдаа өөрийн өмчөө олон нийтэд санал болгож, хөрөнгийн зах зээл дээр гаргах бодлого баримтална гэдэг нь тодорхой болж байна. Үүнд “МИАТ” компанийн асуудал ч багтаж байгаа. Тийм учраас “МИАТ”-ийг хувьчилна гэдэг нь цаг хугацааны л асуудал болж байх шиг. Бүр цаашибал, 49-өөс илүү хувийг ч олон нийтэд санал болгохыг үгүйсгэхгүй. Монголчууд Оюутолгой төсөлд 34 хувиараа хангалттай хяналт тавьж чадаж байгаа.

Нөгөөтэйгүүр хувьчлал хийх нь  зөв ч, хэнд, яаж, хэрхэн хувьчлах вэ гэдэг асуудал бий. Одоогоор энэ бүх асуудал тодорхой болоогүй. Хувьчлал хийхээс өмнө компанийн үнэлгээг сайжруулах, ашиг орлогыг одоо байгаагаас нь нэмэгдүүлэх гэх зэрэг олон ажлыг хийх ёстой. Монголчууд “Гараа сайн бол бариа сайн” гэж ярьдаг. Энэ жишгээр “МИАТ” компани анхнаасаа л сайн хувьцаа гаргаж, арилжаалбал, цаашдаа үнэ цэн нь тогтмол өсөж, тэр хэрээр компанийн ашиг орлого ч нэмэгдэх биз ээ.

Л.ЭНХДЭЛГЭР

Эх сурвалж: www.eagle.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж