
Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан зарладаг ч гишүүд цагтаа цуглах нь ховор. Арга ядаад гишүүдийн ирцийг бүрдүүлэхийн тулд хурууны хээгээр ирц бүртгэх технологи нэвтрүүлэхээр болж, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, А.Бакей нар хуулийн төсөл санаачлан өргөн мэдүүлсэн. Гэвч ийм төрлийн хуулийн төслийг жилийн өмнө УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд өргөн мэдүүлсэн ч УИХ-ын дарга З.Энхболд намын харьяалал гаргасан уу, хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаалгүй хав дарлаа гэх цөөнхийн шүүмжлэлтэй нүүр тулснаар энэхүү төслийг мөн хамтад нь хэлэлцэн нэгтгээд байсан ч Сү.Батболд гишүүн төсөл санаачлагчдыг хуулийн төслөө буцаах шийдвэр гаргавал яасан юм бэ гэх санал тавьж, түүнийг нь гишүүн Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр хүлээн авсан юм.
Энэ үед С.Баярцогт гишүүн “Бусдын өмнөөс гишүүд кноп дарвал УИХ-ын гишүүнээс нь татгалзуулдаг байхаар зааж өгөөгүй цагт наад төслийг чинь УИХ-аар батлахын хэрэггүй” гэх утгатай үг хэлээд авсанд тус байнгын хорооны дарга А.Бакей “Гишүүд гэнэт ухаантай юм ярьцгаагаад, хэцүү юм аа” гэж хэлж, “ангийнхнаа” хөгжөөгөөд авна билээ.
Хурууны хээгээр ирц бүртгэх хуулийн төслийг Д.Эрдэнбат, С.Бямбацогт нар татан авсан ч гэлээ гишүүд хуралдаандаа ирц сайтай оролцож, хууль тогтоох ажилдаа шамдахгүй бол ч намрын чуулган завсарлах өдөр ч ойртож байна шүү.
Г.НАРАН