“Вакцин тарьж, урамшуулал өгснөөр хөтөлбөр хэрэгжихгүй”

Хуучирсан мэдээ: 2014.01.15-нд нийтлэгдсэн

“Вакцин тарьж, урамшуулал өгснөөр хөтөлбөр хэрэгжихгүй”

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар гишүүд өчигдөр “Монгол мал” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонссон юм. Уг хөтөлбөрийг УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир санаачилж, өмнөх парламентаар баталж байв. Гэвч УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэхэд Үйлдвэр хөдөө аж ахуйн яам гурван зүйл дээр анхаарахыг хүссэн юм.

Тэрээр “Монгол мал” хөтөлбөрийг би эсэргүүцээгүй, концепцийнх нь хувьд өөрчлөх ёстой гэж үзэж байна. Мал эмнэлэг байгуулаад, хэдэн вакцин тариад, малчдад урамшуулал өгөхийг хөтөлбөр гэж үзэж болох уу?. Төрийн бодлого, яамны бодлого тэс өөр зүгт явж байна. Малчид тэтгэврээрээ биш малынхаа ашиг шимээс олсон орлогоор сайхан амьдрах нөхцөлийг “Монгол мал” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг цоо шинэ юм руу бүгд ормоор байна. Яагаад гэвэл малчид тухайн баг, хороо, сум  малынхаа тоо толгой, орлогоос шууд хамаарч амьдрал нь дээшилдэг, үүнийг төр нь бодлогоор дэмждэг юм руу бүгд шууд ормоор байна. Үүнээс айгаад, ичиж зовоод, болгоомжлоод байх хэрэггүй. Бид үүнийг олон жил ярьчихаад, одоо гуравхан жилийн хугацаа үлдчихээд байхад хийхгүй бол болохгүй. “Монгол мал” хөтөлбөрийн концепци дотор урамшууллаас гадна төр болон малчдын хүлээх хариуцлагыг маш тодорхой болгож өгмөөр байна. Хоёрдугаарт, орон нутгийн хөгжил, малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэржилтийн бодлогыг бүсчилсэн байдлаар хэрхэн явуулах вэ гэдгийг “Монгол мал” хөтөлбөрт суулгаж өгмөөр байна. Тэгж байж амьдралын үнэнд ойртоно. Вакциныг хйидэг газар нь л хийнэ. Хөтөлбөрөөр хийх ажил биш. Иймээс хөтөлбөрийнхөө концепцийг шинэчилье.

Мөн Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн асуудлаар, ялангуяа мал аж ахуй, газар тариалантай холбоотой асуудлаар бодлогоо гаргаж ирээч ээ. Газар тариалангийн бүсэд мал аж ахуй эрхлэх үү, малын бэлчээрт газар тариалан эрхлэх үү гэдгийг тодорхой болгож өгөх нь чухал. Түүнийгээ дагуулаад хүнсний ногоо тариалахад татварын хөнгөлөлттэй байдаг. Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх нь үнэтэй байдаг тогтолцоонд шилжих хэрэгтэй. Харин мал аж ахуйн бүсэд нь газар хөндөж, тариалан эрхлэх нь үнэтэй байдаг, мал аж ахуй эрхлэхэд хямд байдаг байх тийм зарчмыг бий болгох ёстой.

Гуравдугаарт, сумдыг, ялангуяа хөгжиж буй, хүн ам ихтэй сумдыг төрийн бодлогоор дэмжих цаг нь болчихсон. Хүн ам цөөтэй, хөгжихгүй байгаа сумд нь мегаполисын хувьд дээрх сумд руу чиглэсэн бодлого барих хэрэгтэй. Ялангуяа мах, сүү, ноос боловсруулах үйлдвэрийг төрийн бодлогын жишгээр төвлөрөл нэмэгдэж, хөгжих боломжтой сумдад эхэлж байгуулах нь зүйтэй. Монголд ноос хамгийн хямдхан байсан. Харин одоо хамгийн үнэтэй болж байна. Ноосоор зөвхөн бор эсгий, эсгий гутал хийдэг байсан бол  одоо дулаалгын хана хүртэл барьж байна. Ноосоор хамгийн дулаан алдагдал багатай хана хийж байна. Энэ үйлдвэрийг түгээн дэлгэрүүлэх, бүтээгдэхүүнийг нь Улаанбаатарт нийлүүлэх бодлогыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яам хийх ёстой. Хийх хийхдээ захиргааны аргаар хэрэгжүүлэх ёстой. Энэ бүхнийг хийхгүйгээр дөрвөн жил зүгээр сайхан харагдаад өнгөрөх юм бол бидний хийсэн ажил ямар ч үр дүнгүй болно. Энэ бол цаг үеэ олсон зөв асуудал, тийм учраас салбарын яам нь энэ ондоо багтаагаад хийх ёстой” гэсэн юм.

Салбар хариуцсан сайдын тайлбараар Д.Эрдэнэбат гишүүний гаргасан саналыг бусад гишүүд бас дэмжих нь чухал байгаа юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж