“Шүүх 320 сая төгрөгийг хохирсон иргэдэд олгосон”

Хуучирсан мэдээ: 2014.01.15-нд нийтлэгдсэн

“Шүүх 320 сая төгрөгийг хохирсон иргэдэд олгосон”

Иргэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо барагдуулах хууль эрхзүйн таатай орчин, шүүхийн шударга тогтолцоог хүсэн хүлээж байна. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд  хийж хэрэгжүүлж буй олон ажлаас шүүхийн байгууллага хүний эрхийг хамгаалах, хохирол барагдуулах  чиглэлээр  хэрхэн  ажиллаж буйг онцоллоо. Тодруулбал хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгуулсан иргэн хохирлоо барагдуулах ямар боломж байгааг уншигчиддаа хүргэж байна. Энэ чиглэлээр иргэдэд хамгийн ойр ажилладаг ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт Т.Ихтамиртай  ярилцлаа.

-Эрүүгийн хэрэгт шалгагдаад шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй, цагаадсан иргэн өөрт учирсан хохирлоо барагдуулах хууль эрхзүйн боломж бий.  ХЭҮК-т  ирсэн  энэ төрлийн өргөдөл гомдлыг шүүхээр хэрхэн  шийдвэрлэж байна вэ? 

-Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ байгуулагдсан цагаасаа гомдол, мэдээллийн дагуу эрх нь зөрчигдсөн иргэнийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаж  байна. ХЭҮК-ын тухай  хуульд  комиссын гишүүний бүрэн эрхийг заасан. Бүрэн эрхийнхээ хүрээнд гомдол гаргасан иргэнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Манайхаас шүүхэд гаргаж буй төлөөлөн нэхэмжлэлийн дийлэнх нь эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгуулсны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх тухай, төрийн байгууллага албан тушаалтны учруулсан гэм хорын хохирлыг арилгуулах асуудал байдаг. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хариуцлага тооцуулахаар хандаж байна. Бид хуулийн боломжтой бүх арга хэлбэрийг ашиглаж шүүхэд ханддаг. Ихэнх тохиолдолд шүүх иргэний талд хэргийг шийдвэрлэж байна. Өнгөрсөн хугацаанд ХЭҮК 22 хэрэг дээр ажиллаж,нийтдээ 320 орчим сая төгрөгийн хохирлыг төрөөс барагдуулах шийдвэр  шүүхээс гаргуулсан.

-Шүүхээс хохирлоо барагдуулсан иргэний тодорхой хэрэг дээр жишээ дурдахгүй юу?

-2013 оны байдлаар ХЭҮК  Хөвсгөл аймгийн сум дундын шүүх, Хэнтий аймгийн Сум дундын шүүх, Баянгол дүүргийн шүүхэд нийт гурван төлөөлөн нэхэмжлэл гаргаж, шүүхээр хэргийг иргэний талд шийдвэрлүүлсэн байна. Манай байгууллагад хандсан гурван иргэний тухайд эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгагдсаны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу өргөдөл гаргасан. ХЭҮК  гомдол гаргасан иргэнийг төлөөлж шүүхэд нэхэмжлэгчээр оролцоод гэм хорын хохирлыг барагдуулах шийдвэрийг шүүхээс гаргуулсан. Өөрөөр хэлбэл дээрх иргэдийг хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгаж, хохироосон гэж үзсэн. Гомдол гаргасан гурван иргэнд шүүхээс нийтдээ 110  гаруй сая төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн хуульд заасны дагуу Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа. Иргэн эрүүгийн хэрэгт шалгагдаад холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болсон, цагаатгагдсан тохиолдолд гэм хорын хохирлоо төрөөс нэхэмжлэх эрх нь нээгддэг.

-Үндэслэлгүй хэрэгт шалгуулна гэдэг тухайн хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Хохирлоо барагдуулсан иргэдийн хувьд асуудал ямар байсан бэ?

-Хоёр нь эмэгтэй хүн. Нэг нь таван жил, нөгөө нь найман жил гаруй эрүүгийн хэрэгт шалгагдаад хэрэг нь хэрэгсэхгүй болж, цагаадсан. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай эсэхээс үл хамаараад хэрэг нь цагаадсан бол шүүхэд нэхэмжлэл гаргаж, хохирлоо төрөөс нэхэмжлэх эрх үүснэ. Хэрэгсэхгүй болсон, цагаадсан тогтоол гараагүй бол ийм эрх үүсэхгүй. Харин нөгөө иргэний хувьд шүүхээс зургаан жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлсэн. Ингээд өмгөөлөгч нь давж заалдаад Нийслэлийн шүүхээс тухайн иргэнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж дөрвөн жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ магадлалыг нийслэлийн шүүхээс шийдвэр гүйцэтгэх албанд явуулсан боловч шийдвэр гүйцэтгэх алба магадлалыг хоригдож байгаа  ялтанд гардуулж өгөөгүйгээс тухайн иргэнийг зургаан жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлж, хүний эрх зөрчсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус шүүхийн шийтгэх тогтоолоор иргэнд илүү ял эдлүүлсэн. Энэ гомдлын дагуу төлөөлөн нэхэмжлэл гаргаад иргэний талд асуудлыг шийдвэрлүүлсэн  байгаа. Иргэд эрүүгийн хэрэгт шалгуулаад тодорхой хугацааны дараа гэм буруугүй нь шүүхээр тогтоогддог. Гэхдээ хэрэг нь дуусч л байвал өөрт нь учирсан гэм хорыг тоолгүй орхидог тал бий. Энэ нь иргэдийн эрхийнхээ талаарх мэдлэг дутмаг байдагтай холбоотой.

-Шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхэд  цаг хугацаа ордог гэдэг шүүмжлэл олон нийтэд бий. Хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсан иргэний хохирлыг ямар хугацаанд барагдуулж байна вэ?
 
-Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хууль бий. Энэ хуулийн хүрээнд ХЭҮК-т өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор, шаардлагатай бол хугацааг сунгаж ажиллагаа явуулна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах, нотлох баримт, холбогдох материалыг бүрдүүлдэг. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 60 хоногийн хугацаанд хэргийг шийдвэрлэж байгаа. Хуулийнхаа хугацаанд иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хэргийг шийдвэрлэдэг.

-ХЭҮК шүүхтэй ойр ажиллаж байгаа. Хүний эрхийг хамгаалах чиглэлд шүүхүүд идэвхи санаачлагатай ажиллаж байна уу?

-Шүүхүүд идэвхитэй ажиллаж, хохирсон иргэний талд асуудлыг шийдвэрлэж байна. Гэхдээ тодорхой хэрэг дээр амжиллагаа хийгээд явж байхад засч залруулах, уялдаа холбоогоо сайжруулах зүйлүүд ажиглагддаг. Тухайлбал ХЭҮК-оос нэхэмжлэл гаргахад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, ХЭҮК-ын тухай хуулиудад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ёстой. Орон нутгийн шүүхээс улсын тэмдэгтийн хураамж төлөхийг шаардсан тохиолдол бий. Дээрээс нь ХЭҮК хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргаж байхад хохирогчоос заавал итгэмжлэл авах шаардлагагүй. Бид эдгээр тохиолдол бүр дээр гомдлоо гаргаад давах, хяналтын шатанд заргаа авсан байгаа. Цаашид ийм байдлаар хохирсон иргэд эрхээ хамгаалуулж, шүүхэд хандах  шаардлага гарна. Тиймээс  энэ төрлийн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ шүүхүүд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийг удирдлага болгон ашиглах хэрэгтэй гэж боддог.

-Хохирсон бол шүүхээр асуудлаа шийдүүлэх боломж байгаа гэдгийг л иргэдэд ойлгуулах чухал юм байна.

-Тийм. Иргэдийн эрх зүйн мэдлэгийг улам сайжруулах ёстой. Иргэд ямар ч байдлаар эрх нь зөрчигдсөн бай шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй. Шүүх эрх нь зөрчигдсөн иргэний эрхийг хамгаалах ёстой. Би зөвхөн хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсан асуудлаас гадна төрийн байгууллага албан тушаалтны буруутай үйл ажиллагаа, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо дутмагаас иргэнийг илүү  хугацаагаар хорьж эрхийг нь зөрчсөн жишээг дурдлаа. Өөр ямар ч байдлаар хохирсон иргэд шүүхэд хандаж болно. ХЭҮК-т маш олон төрлийн гомдол ирж байна. Гэхдээ өргөдөл гомдол болгоныг комисс шууд харьяалан шийдвэрлэх боломжгүй. Гэхдээ хууль зүйн  зөвлөгөө, мэргэжил арга зүйн туслалцааг өгдөг. Тухайн иргэн уг асуудлаар хаана хандаж болохыг, өргөдлөө хэрхэн гаргах талаар зөвлөнө.

-Заавал ХЭҮК-оор дамжуулахгүй өөрсдөө нэхэмжлэл гаргаж болно гэсэн үг үү?

-Эрх нь зөрчигдсөн хэн боловч  өөрөө шүүхэд хандах боломжтой. Хууль  бусаар эрүүгийн хэрэгт шалгагдаж хэрэг нь хэрэгсэхгүй болсон, цагаадсан этгээд өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхэд шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байх ёстой. Өөрөөр хэлбэл давах, хяналтын шатанд хандах хугацаа нь дуусгавар болсны дараа гомдлоо гаргана гэсэн үг. ХЭҮК, шүүхүүд иргэний эрхийг хамгаалах, хохирлыг барагдуулахад хүчин чармайлт гаргаж ажилладаг гэдгийг хэлмээр байна.

-Иргэдэд чухал мэдээлэл өгч, ярилцсанд баярлалаа. 

С.ОТГОНСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж