
Гэтэл “Өлсгөлөн гөлөг” буюу ард түмний байгаа царайг! Сая төрсөн нярайгаасаа эхлээд сахал үсэндээ баригдсан буурлууд нь хүртэл хүн бүр гадаадынханд арваад сая төгрөгийн өртэй хэрнээ ууц цорой нь наалдах шахсан хөөрхийлөлтэй амьтад явцгааж байна. Би “Өлсгөлөн ард түмэн” гэдэг нэр томьёондоо чинээлэгдүү амьдралтай 5-10 хувийг хэлээгүй шүү. Ариун цагаан хөдөлмөрөөрөө юм уу, үр хүүхдүүдийнхээ буянаар элбэг хангалуун амьдарч байгаа, цалин тэтгэврийн их багыг тоож мэдэх ч үгүй суугаа хэсэг хүн бий л дээ. “Өлсгөлөн гөлөг шиг” гэдэгтээ би тэтгэвэр авагчдын 60 хувийг эзэлж байгаа 180 мянган төгрөгийн орлоготой хүмүүсийг хэлж байна. Бас халамжийн тэтгэвэр гэж 103 мянган төгрөгөөр голоо зогоогчдыг хэлж байгаа юм. Өдөржин хагалгаа хийгээд хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо ядарч гарч ирдэг хэрнээ 540-хөн мянган төгрөгийн дундаж цалин авдаг эмч нарыгаа хэлж байгаа юм. Өдөржин анги дүүрэн хүүхэдтэй “ноцолдоод” дөрөв тавхан зуун мянган төгрөгийн цалин авдаг багш нараа ч хэлье. Өдөр, шөнө, нойр хоолгүй ажиллаад 322 мянган төгрөгийн цалин авдаг үйлчилгээний ажилчдаа бас дурдъя. Өнөөгийн төр, Засгийн газар жил гаруйхан хугацаанд улс орноо ингэж доройтуулан ард түмнээ ядуурууллаа. Та бүхэн хар даа! Бүх зүйлийн үнэ тэнгэрт хадсан. Сонгуульд “Хүн шиг амьдаръя, Улс шиг хөгжье” гэсэн уриатайгаар орж бидний тархийг угаасан Ардчилсан нам улс орноо хөгжүүлсэнгүй, хүн шиг амьдарч байсныг юу шиг ч болгочихов доо. Үнийн өсөлт 2012 онтой харьцуулахад 28-29 хувь өсчихөөд байхад цалин, тэтгэврийг сохор зоосоор ч нэмсэнгүй. Уг нь Н.Алтанхуягийн Засгийн газар “Цалин, тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан нэмнэ” гэж амласан юмсан. Тэгвэл 2013 онд цалин, тэтгэврийг 30 орчим хувиар нэмсэн байх учиртай биз дээ. Одоо бүх зүйлийг хасч танаж эхэллээ. Оюутнуудад сар бүр олгодог байсан 70 мянган төгрөгийг өнөө намраас олгохгүй болж, цөөн хэдэн онц сурлагатнуудад шагналын журмаар олгох гэнэ.
Зарим судалгаагаар, оюутнуудын 80-90 хувь нь 70 мянган төгрөгөө хасуулах тооцоо гарч байгаа. Зөвхөн энэ 70 мянган төгрөгөөр амьдрагч гэр бүл хэдэн зуугаар тоологдох юм гэсэн. Сонгуулийн өмнө, өнөөдрийн төр барьж байгаа хэдэн хүн яаж сайхан донгодлоо. “Оюутны 70 мянган төгрөгийг 90 мянга болгоно” гээд хашгирч байсан хүн өнөөдөр дээд суудалд сууж л байна. Тэр байтугай Эдийн засгийн хөгжлийн сайдын суудалд заларсан Нямжавын Батбаяр сонгуулийн өмнө Архангай аймагт очоод “Хүн тус бүрт олгож байгаа 21 мянган төгрөгийг 50 мянга болгоод, насан туршид нь олгоно” гэж хэлсэн үг одоо ч дуу хураагчид бичээстэй байна. Ийм эрээ цээрээ алдсан хүмүүс өнөөдөр ардчиллын баг өмсөн гарч ирээд улс орныг бужигнуулчихлаа. Өндөр настан, багачууд хүүхдүүдээсээ эхлээд өлсгөлөнгөөр нэрвэгдэж эхэллээ. Өдөрт тав, арваараа “золгүй явдал” гэсэн оноштойгоор бурхны орон руу ачигдах боллоо. Төр засгийн эрхийг барьж байгаа хэдэн хүн, бүх бурууг өнгөрсөн үе рүүгээ чихэж, өөрсдөө энхийн цагаан тагтаа болохыг хичээж байна. Харин олон жил дангаараа юмуу хамтран төр барьж байсан МАН ард түмнийхээ төлөө чамлахааргүй зүйл хийж байжээ. 2010 оны аравдугаар сард цалин, тэтгэврийг 30, 2012 оны тавдугаар сард цалин, тэтгэврийг нийтэд нь 53.8 хувиар нэмсэн байх юм. Хоёрхон жилийн дотор ард түмнийхээ цалин, тэтгэврийг бараг хоёр дахин нэмчихсэн байдаг. Гэтэл Ардчилсан нам төр засгийн эрхийг барьсан 1.6 жилийн дотор цалин, тэтгэврийг ганц төгрөгөөр ч нэмсэнгүй. Харин тэтгэврийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ “Та нарт л мөнгө хавтгайруулж олгосноос болж инфляци өсөөд байгаа” хэмэээн чичилж байх юм. Монголын ард түмний уламжлалт их баяр цагаан сар, хэдхэн хоногийн дараа болох гэж байдаг. Бензин шатахуун импортлогч хэдэн компани үнээ 20-40 хувь нэмж, бүх зүйлийн үнийг дахин хөөрөгдлөө. Бензин шатахууны үнэ нэмэх нь гадаадад ямар ч нөлөөгүй, хангалттай нөөцтэй байгаа өнөөгийн нөхцөлд сар шинийн баяраа тохиолдуулан үнийг ингэж хөөрөгдөж байгаа нь төрийн бодлого байх л даа. Захын хорооллын ядуучууд “Золгохоо болихоос доо” гэлцэж байна гэсэн. Парламент дахь МАН-ын гадуурхагддаг цөөнх, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, иргэний хөдөлгөөнийхний шахалт шаардлагаар Н.Алтанхуягийн Засгийн газар “цалин, тэтгэврийг нэм нэ” гэж ам ангайсан юмсан. Өнөөх л худалч зангаараа хойшлуулсаар л байна. Одоо бүр цагаан сарын дараа нэмнэ гэж ам ангайх боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Цалин, тэтгэврийг хэдийд хэдэн хувиар нэмэхээ зарлахгүй. Нууц байдлаар нэмнэ” гэнэ. Үүний ард л “Но” байна гэлцэх. Хүмүүсийн хардлага бол “Ардчилсан намынхан, ах дүү төрөл төрөгсдийнхөө маш нарийн судалгаа гаргаж байгаа. Тэдэндээ их мөнгө өгөх, бусад хүнд үнэрлүүлээд зогсох бодлого барьж байгаа. Тэгээд нууцлаад байгаа юм” гэх. Энэ бол цөхөрлөө барсан олон түмний хардлага. Сүүлийн үед нэг сонин зүйл ажиглагдах боллоо. Оны өмнөхөн олон хүний тэтгэвэрт өөрчлөлт орж 287.8 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүнд 2200 төгрөг нэмээд 290 мянга болгожээ. Мөн 404.2 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүнд 4800 төгрөг нэмээд 409 мянга болгосон байх юм. Үүний учрыг хүмүүс олохгүй байгаа. Нэг хэсэг нь “Өндөр настны тэтгэврийг нэмчихэж байгаа нь энэ биш байгаа даа. Манай Ерөнхий сайд, “Бага ч гэлээ та нарын тэтгэврийг нэмээ биз дээ” гээд гүрийж чадах л хүн шүү” гэлцэж байна. Харин УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газарт нэлээд хүчтэй шаардлага хүргүүлээд байгаа юм байна. Үнийн өсөлттэй уялдуулан цалин, тэтгэврийг 30 хувиас доошгүй нэмэгдүүлэх, үүнийгээ сар шинийн баярын өмнө нэмэхийг шаарджээ. Ингэхдээ “Багыг илүү, илүүг бага” нэмэх зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ нь юу гэсэн үг болохыг холбогдох хүмүүсээр тайлбарлууллаа. Жишээ нь 180 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүмүүсийнхийг 40 хувиар нэмж 252 мянга болгох, 800 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүнийхийг 20 хувиар нэмж 960 мянга болгох гэхчлэн амьдралд нэлээд ойртуулъя гэсэн бодлого аж. МАН-ын бүлгийнхэн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу “Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тэтгэмжийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тооцож олгоё гэж шаардсан байна. Тэд бас нэг чухал шаардлага тавьжээ. Нийгмийн даатгалын хуульд “Ахмад настны тэтгэвэр бодох, цалингийн итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Засгийн газар жил бүр тооцон нэмэгдүүлэх” гэсэн заалт байдаг аж. Энэ заалтыг хэрэгжүүлэхийг шаардсан байна. “Хүний хуучин нь, дээлийн шинэ нь” гэж Монголчуудын нэг сайхан үг бий. Улс орон уруудаж, түмэн олноороо ядрах үед өнөөх л МАН маань хүн ардынхаа төлөө хүчтэй дуугарч, зоригтой шаардаж байх юм даа. Энэ дээр суугаа “дүлий” хүмүүс шаардлагыг нь хэр зэрэг хүлээж авах юм бол доо, харж л сууя.
(Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн)