Улсын дугаарын учрыг олж өгөөч

Хуучирсан мэдээ: 2014.01.15-нд нийтлэгдсэн

Улсын дугаарын учрыг олж өгөөч

А.Гансүх сайд аа, гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй авто машинд олгосон улсын дугаарын учрыг олж өгөөч

Бид өмнөх дугаарууддаа “Моннис” компанитай хол­боотой мэдээллийг олон нийтэд хүргэж байсан. Са­нуулахад тус компани нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Nissan Teana” маркийн авто машины гарал үүслийг нь тодорхой хийлгээгүйн улмаас нэгэн иргэн хохирсон тухай өгүүлсэн. Уг мэдээллийн мөрөөр олон хэрэглэгч тус ком­па­нитай холбоотой санал гомд­­лоо гаргаж, мөн бу­сад машин импортолдог ал­­бан ёсны дистрибьютор ком­­паниуд аль улсаас ма­шинаа оруулж ирдэг тухай тодорхой мэдээлэл авахыг хүссэн. Иймээс бид эрэн сур­валжлах сэтгүүл зүйн зарч­­мыг баримталж, Авто тээв­рийн газраас гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй ма­шинд улсын дугаар олгох журам байгаа эсэхийг лавлахаар очиход энэ ту­хай мэдээлэл өгөх хүн олдсонгүй.

Тиймээс Зам тээврийн яамны сайд А.Гансүх та­наас дараах зүйлийг тод­руулахыг хүссэн юм. Тухайлбал “Мон­нис” ком­пани дээрх авто машиныг улсын хилээр оруулж ирэх­дээ гаалийн бүр­дүүлэлт хий­­гээгүй гэд­гийг нь Улаан­баатар хотын гаалиас албан бичгээр нотолсон.

Гэтэл гаалийн бүр­дүү­лэлт хийгдээгүй, LGBF1CE028R233606 арлын ду­гаартай энэхүү авто ма­шинд таны хариуцаж буй салбар яамны харьяа Авто тээврийн газраас 06-93 УБТ гэх улсын дугаарыг 2008 онд олгож байжээ. Асуудлын гол учир нь “Nissan Teana” маркийн авто машиныг “Моннис” компани анх Үйлд­­вэр худалдааны яаманд худалдаж, дараа нь уг машин нэг хүний гараас дамжиж иргэн Б гэгчид очиж, 2012 оны арванхоёрдугаар сарын 10-нд ¹016 дугаартай улсын байцаагчийн дардаст тэмдэгтэйгээр дахин тех­никийн үзлэгт орж батал­гаажсан байдаг юм. Тиймээс гаалийн бүрдүүлэлт хийг­дээгүй авто машинд тухайн үед хэн гэдэг улсын байцаагч улсын дугаар олгож байсныг шалгаж өгөхийг хүсч ба­йгаагаа уламжилж байна.

Тэдний гаргасан мэ­дэгдэл зөрүүтэй байсан

Мөн бидний мэдээллийн мөрөөр 2014 оны нэгдүгээр сарын 11-нд тус компаниас дараах мэдэгдлийг цахим сайтаар гаргасан юм. Доорх мэдэгдэл гарахаас өмнө буюу 2013 гуравдугаар сарын 14-нд хохирогч иргэнд гомдлын хариу тайлбар өгөхдөө “БНХАУ-ын Ниссаны үйлд­вэрээс гарсан, ямар нэгэн хуурамч буюу Ниссан үйлдвэрт үйлдвэрлэгдээгүй авто машин биш гэдгийг бид танд нотолсон болно. Мөн авто машины бүрт­гэлийн үндсэн сүлжээнд тус авто машиныг арлын дугаараар нь шалгахад “Nissan Teana” буюу албан ёсны Ниссан үйлдвэрт үйлдвэрлэгдсэн авто машин болох нь батлагдсан” гэж мэдэгдсэн байдаг. Гэтэл иргэнд өгсөн мэдэгдлийн хариунд заасан тодорхой зүйлүүд Улаанбаатар хотын гаалиас ШӨХТГ-т гаргаж өгсөн албан бичигээс илт зөрүүтэй байгаа нь харагдаж байна. Тодруулбал гаалиас тус машиныг арлын дугаа­раар нь шалгаж үзэхэд БНХАУ-ын “Dong Feng” үйлдвэрт үйлдвэрлэгдсэн авто машин гэж гарч ирсэн байна.

Гэтэл тус компани иргэнд өгсөн мэдэгдэх хуудастаа дээрх үйлдвэрийн тухай нэг ч үг үсэг дурьдалгүйгээр, зөвхөн БНХАУ-ын Ниссаны үйлдвэрээс гарсан авто машин байна гэжээ. Ха­рин тэд саяхан гаргасан мэ­дэг­дэлдээ БНХАУ-ын нэ­рийг дурьдалгүйгээр хэрэг­лэгчдийг илт төөрөгдүүлсэн учраас бидэнд тус ком­панитай холбоотой олон мэдээлэл ирсэн болно.

Ингээд тус компанийн гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе

“2014 оны нэгдүгээр сарын 9-нд зарим сонин болон вэб сайтуудад нийт­лэгдсэн мэдээний дагуу “Моннис Моторс” компани доорх албан ёсны мэдэгдлийг хийж байна.

“Моннис Моторс” ХХК нь 1998 оноос Японы тэр­гүүлэгч авто машин үйлд­вэрлэгчдийн нэг “Нис­сан Мотор” компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа билээ. Бид “Ниссан” брэндийн авто машиныг АНУ, Япон, Тайланд, Энэт­хэг, Их Британи зэрэг улс дахь “Ниссан”-ы үйлдвэрээс оруулж ирдэг.

“Ниссан Мотор” нь үндэстэн дамнасан глобал ком­пани бөгөөд авто ма­шинуудаа дэлхийн 20 оронд байрлах 31 үйлдвэртээ нэгдсэн нэг стандартын дагуу чанарын адил түвшинд үйлдвэрлэдэг. Тус компани нь бүх авто машиндаа хуулийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийж, зохих татварыг нь төлж Монгол Улсын хилээр нэвтрүүлдэг ба зарим сонин, вэб сайтын гаргасан нийтлэл нь хэрэглэгчдэд буруу ташаа ойлголт төрүүлж байгаад харамсаж байна.

“Моннис Моторс” ком­пани нь Монгол Улсын хууль журмын дагуу Ниссан брэн­дийн авто машиныг албан ёсны эрхтэйгээр үйлдвэрээс нь шууд хэрэглэгчдэд нийлүүлдэг болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм. Товчхондоо тус ком­панийн гаргасан энэхүү мэдэгдэлд өөрсдийгөө Хятад улсаас авто машин ний­лүүлдэг гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй тул олон нийт эсрэг тэсрэг байр суурьтай байна. Түүнчлэн 2013 оны тавдугаар сарын 8-нд тус компанийн гүйцэтгэх захирал П.Баяр нэгэн сайтад ярилцлага өгөхдөө бидний хөндөж тавьсан асуудлын талаар тодорхой дурьдсан байсан юм.

П.Баяр “Донгфэн мотор”-ын тухай ярилцлагадаа дурьдсан

Тухайлбал тэрбээр “Нис­сан үйлдвэрээ Хятадад байгуулахдаа энэ компанитай хамтарсан юм. Түүнээс биш “Ниссан”-ы тусдаа өөрийн үйлдвэр Хятад улсад ганц ч байхгүй. “Донгфэн мотор” дотор “Ниссан”-тай хамтарсан үйлдвэр нь тусдаа байдаг. Тэр үйлдвэр нь зөвхөн дээрх брэндийн машиныг үйлдвэрлэдэг” хэмээн ярьсан байдаг.

Өөрөөр хэлбэл иргэнд өгсөн мэдэгдэх хуудастаа ч тэр, компанийнхаа нэр хүндийг хамгаалах гэж гаргасан мэдэгдэх хуудсууддаа ч дээрх “Dong Feng” үйлдвэрийн тухай нэг ч үг үсэг оруулаагүй нь эргэлзээ төрүүлээд байгаа юм. Хэдийгээр тус компани зарим нэг авто машинаа Хятад улсаас ний­лүүлдэг байсан ч ту­хайн орны брэнд болсон бараа бүтээгдэхүүнийг үнэн зөв мэдүүлснээр үнэд өөрч­лөлт ордог. Гэтэл аль улсад үйлд­вэрлэгдсэн нь тодор­хойгүй авто машин худалдан авс­наас болж өдгөө нэг иргэн хохироод байгаа юм.

Өөрөөр хэлбэл Улаан­баатар хотын гаалийн дар­гын хэлсэнчлэн ямар улсад үйлдвэрлэгдсэн болон гарал үүслийг нь тодорхой, үнэн зөвөөр гаальд мэдүүлэх ёстой. Түүнээс Хятад улсад үйлдвэрлэгдсэн авто ма­шиныг Япон улсын авто машин гэж мэдүүлж болохгүй. Уг машин япон брэнд байсан ч нийлүүлэлт болон үйлдвэрлэсэн улс орон аль вэ гэдэг нь чухал.

Товчхондоо Хятад улсад үйлдвэрлэгдсэн авто машиныг Япон улсад үйлд­­вэрлэсэн гэж хэлж болохгүй гэдгийг хэлээд байгаа юм. Энэ л жинхэнэ гарал үүсэл тодорхойлох гэдгийн цаад учир юм. Аль улсад үйлдвэрлэгдсэнээсээ шалтгаалж үнийн хувьд ялгаатай байдаг. Тэгэхээр “Моннис” компани хэрэг­лэгчээ дээдлэлгүйгээр, зөвхөн өөрсдийн нэр хүндээ бодож, үнэнд нийцэхгүй мэдэгдэл гаргасан нь хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж байгаа юм.

Бид Монгол Улсад нэр хүндтэй тус компанийн бизнесийн үйл ажиллагааг алдагдуулах гэж эл нийт­лэлийг гаргаагүй. Харин олон нийтэд үнэн зөв бодит мэдээлэл өгөх үүднээс бичсэн. Бид дараагийн дугаартаа Зам тээврийн яамны сайд А.Гансүхийн өгсөн хариуг хүргэх болно.

Үргэлжлэл бий…

Р.САРУУЛ

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж