
шимтэн уншигч хэн бүхний чамин сонголт бол “Британника” нэвтэрхий толь.
Уг нэвтэрхий толийг анх “Нэпко” хэвлэлийн газар анх оруулж ирж,
уншигчдын хүртээл болгож байлаа. Тус компанийн уншигчиддаа барих
дараачийн бэлэг бол “Taschen”. Та сонссон уу? Үнэнийг хэлэхэд хотын төв
хэсэгт болж байгаа хоёр өдрийн хугацаатай өдөрлөгийг зорих хүртлээ
үүнийг би мэдэхгүй байсан юм. “Нэпко” хэвлэлийн газар энэ удаад дэлхийд
дээгүүрт тооцогддог “Taschen” брэндийн номыг оруулж иржээ. Ном шимтэн
уншигчдын мэлмийг ийнхүү мялаахаар “Central tower”-ын хоёрдугаар давхарт
“Таашаах урлаг Taschen Монголд” гэх өвөрмөц нэртэй номын үзэсгэлэн
худалдааг өчигдрөөс дэлгэсэн байна. Нар гэрэлтсэн танхимд хотын хаанаас ч
олж хараагүй номын цуглуулгыг харах болно гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
Учир нь “Taschen” брэндийн номнууд Монголд зарагдаж байгаагүйгээр
барахгүй үндсэн үнээр нь уншигчдад хүргэж байгаа юм. Гагцхүү англи,
герман хэлээр хэвлэгдсэн бөгөөд нийт 350 төрлийн 800 орчим ширхэг номыг
оруулж иржээ. Эдгээр нь урлаг, уран баримал, уран зураг, гэрэл зураг,
загвар, кино урлаг, аялал, аж байдлын сэдвийг өгүүлж, оюуны цангааг
тайлах гэнэ шүү. “Taschen” брэндийн номны онцлогийг этгээд атлаа
донжтой, зохиомж, загварын өвөрмөц шийдэл, зураг чимэглэлээр нь
тодорхойлж болох юм. “Central tower”-т гарч буй үзэсгэлэн худалдаа өнөөдөр 18.00 цаг хүртэл үргэлжлэх бол “Sky” их дэлгүүрийн номын тасагт
мөн худалдаж байна.
Монголд онцгой эрхтэйгээр худалдаж буй уг
брэндийг гаргадаг “Taschen” компанийг анх 1980 онд Германы Келн хотноо
Бэнэдикт Ташен хэмээх эрхэм үүсгэн байгуулж байжээ. Өдгөө уг брэндийн
номыг 20 гаруй хэлээр орчуулан дэлхийн улсуудад түгээж байна.
Үзэсгэлэн
худалдааг сонирхоход өөрийн эрхгүй нэгэн ном нүдэнд туссан. Тэр номыг
нээвэл, эхний хуудсанд цаасан шил байх аж. Гайхаж байна уу. Ном уншихад
энэ шил их хэрэгтэй эд шүү. Орчин үеийн технологийн гайхамшиг цаасаар
бүтээсэн номонд ч шингэж бодлог шилдэг жишээг эндээс харах болно.
Эрэгтэй, эмэгтэй хүний биеийн гоо сайхныг харуулсан номыг 3D –ээр
бүтээсэн байна. 3D-г үзэхийн тулд шил хэрэгтэй тул шилийг цаасан
байдлаар шийдэж өгчээ. Номын хуудсан дээр хуруугаа тавихад алслалтын
гайхамшгийг илүү харах бөгөөд анх удаа 3D номтой танилцсан маань энэ
байв. Ийм номыг эрэгтэй, эмэгтэй хүний биеийг тод, томруун харуулсан
номд ашигласан нь зохиогчийн чөлөөт сэтгэлгээг илтгэх мэт бөгөөд үнэ нь
70 мянган төгрөг юм байна. Номын гайхамшиг үүгээр дуусахгүй ээ, бүх
цаг үеийн шилдэг хамтлагуудын нэг болох, хөгжмийн түүхэнд тодорхой байр
суурь эзлэн үлдсэн Ливерпулын дөрвөл буюу “Beatles”-н тухай номыг эндээс
сонирхоорой. Тухтай удаан уншин сууж чадаагүй ч урьд нь хэвлэл
мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаагүй, хаа нэгтээ нүдний үзүүрт
харагдаж байгаагүй сонихон фото зургийг харсанаа хэлэх байна. Мөн урлагт
сэтгэл, зүрхээ зориулсан нэгний хувьд хачин жигтэй шийдэлтэй “сюрреаль”
чиглэлийн фото зургийн ном олж авах нь сайхан боломж биз ээ. Хотын
стресс, замын түгжрээ, инфляцийн дарамтаас ангид номын үзэсгэлэнгээр нэг
зочлоод үзээрэй.













Гэрэл зургийг: Б.БАТМӨНХ