Хуучирсан мэдээ: 2014.01.15-нд нийтлэгдсэн

&#34Хүн бол толь&#34

Монгол залуу “Кryolan”-ы дүр төрхийг тодорхойлох нь гэсэн баяртай мэдээ сонслоо. Тэрбээр нүүр будагч мэргэжилтэй. “Make up аrtist” гэвэл илүү зохимжтой. Улаан хивсний ёслолд оролцож буй бүх оддыг “Make up аrtist” мэргэжилтнүүд амьдруулж, бусдын нүдэнд үзэсгэлэнтэй харагдуулж, тэдний нүүр будалтын хэв маягийг тодорхойлж байдаг. Ихэнхдээ компьютер график ашигладаг ч урлагийн нүүр хувиргалтын жинхэнэ сонирхол татсан дүр төрхүүдийг тэд л бий болгодог. Ялангуяа зөгнөлт киноны гол дүр, аймшгийн киноны баатруудын нүүр хувиргалт бол тэдний хувьд жинхэнэ ур чадвар шаардсан бүтээл.

Make up чиглэлээр, тэр дундаа “make up special effect” төрлийн будалтаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн эрхмийг “NEWS WEEK” онцолж байна. Түүнийг Г.Цэнгүүн гэдэг бөгөөд дэлхийд алдаршсан “Кryolan” брэндийн ерөнхий “Make up аrtist”-аар ажилладаг залуу юм. Г.Цэнгүүн Монголд нэг сарын хугацаатай ажил хэргийн уулзалтууд хийхээр иржээ.

Гурван жил
 “Make up”-т  суралцжээ

Тэрбээр 2001 онд есөн настай байхдаа Германруу явж гуравдугаар ангиасаа Германы ЕБСургуульд суралцсан. Гурван жилийн турш “Make up Germany square” сургуульд “Make up artist” чиглэлээр сурч төгсчээ. Германд 13 жил ажиллаж амьдарч байгаа бөгөөд сүүлийн жилүүдийн гол ажил нь Make up болсон байна. Тэнд жил бүр зохиогддог “Make up artist design” шоуд оюутан байхаасаа  оролцжээ.  400  “Make up artist”-аас шилдэг арван хүнийг шалгаруулсны нэг нь Г.Цэнгүүн байсан бөгөөд шоуны дараагийн шатанд оролцож, “Гранпри” шагнал хүртсэн бахдам түүх түүнд бий.

Харин түүний дараагийн зорихыг хүсдэг газар бол АНУ. Гэвч ойрын хэдэн жилийн төлөвлөгөөндөө Германд ажиллахаар шийджээ. Киноны уран бүтээлчидтэй холбоотой байхыг зорих болжээ. Германд АНУ, Английн уран бүтээлчид олноороо ажилладаг болохоор тэднээс туршлага судлах боломж хангалттай бий гэж тэрбээр үзжээ. 2012 онд суралцахынхаа хажуугаар нэгэн кинон дээр хоёр испани хүнтэй хамтарч ажиллаж, “Hansel & Gretel witch hunter” кинонд туслах “Make up artist”-аар ажилласан нь түүнд их урам өгчээ.

“Make up artist”
эмэгтэй хүний мэргэжил үү?

Г.Цэнгүүн зураг зурах дуртай, бас баримал хийхдээ ч муугүй. Энэ нь түүний ааваасаа өвлөсөн авьяас. Аав нь зураач барималч хүн байсан бөгөөд тэрбээр зурах, баримал барих дуртай байснаас бус Make up чиглэлийн мэргэжилтэн болно гэж зүүдлээ ч үгүй ажээ. Анх 2008 онд “Pandorum” кинонд киноны хувцас өмсгөл дээр ажиллаж байхдаа Make up-ын анхны мэдэгдэхүүнтэй болжээ. Киноны  “Make up” хийдэг өрөөнд нь ороход мутант аймшгийн маск хийчихсэн, хүмүүсийн нүүрэн дээр амьдруулж байсан нь энэ мэргэжилд дурлах шалтгаан болсон гэдэг. Тэр үеэс хойш л энэ чиглэлээр явах шийдвэрээ гаргажээ. Дараа нь энэ мэргэжлийн тухай судлаж хүмүүсээс асууж эхэлсэн. Германд энэхүү урлагийг  Make up гэж нэрлэдэггүй, “Masking belna” гэж нэрлэдэг юм байна. Make up гэвэл зөвхөн хүний нүүр царайн дээр ажилладаг. Харин  “Masking Belna” гэвэл хүний нүүр царайн дээр ажиллахаас гадна үс, гар хөл гээд бүгдийг буддаг аж. Бас “Special effect”-ийг ч эзэмших шаардлагатай гэнэ. Make up зөвхөн нүүрэнд будалт хийхийг хэлдэг бол “Special effect” гэдэг нь мутант янз бүрийн амьтны маск хийх, аймшгийн киноны гол дүрүүдийг будах зэрэг бүгд багтдаг байна. “Энэ мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад Г.Цэнгүүн “Миний зурсан зураг эсвэл төсөөлсөн төсөөлөл нүдэн дээр минь амьдарч, хөдлөж, бүжиглэж, жүжиглэж байдаг нь бахархалтай. Миний бүтээсэн дүр киноныхоо дүрд хувирчихсан байхыг харахад сэтгэл хөдөлдөг. Заримдаа өөрөө айхаар дүр бүтээчихсэн байдаг. Энэ мэргэжил зураач, барималч нарт илүү сонирхолтой санагдах байх. Би өөрөө багахан ч гэсэн зурж, баримал хийдэг учраас тэдэнд сонирхолтой санагдахыг гадарлаж байна” хэмээн өгүүллээ.

Оскар хүртсэн “Make up artist”-ууд ч бий

Г.Цэнгүүн хамгийн алдартай мэргэжил нэгтнүүдэд Rick Balor, Dick Smith, Arjen Tuiten, DDT studio, Stan Winston зэрэг хүмүүсийг нэрлэж байна. Эдгээр хүмүүс бүгд л “Special effect” төрлийн будалт хийдэг багаад эдний дунд Оскарын шагналтан ч бий гэнэ. Ихэнх хүмүүс тайзны ард ажилладаг “Make up artist”-уудыг хүмүүс тэр болгон мэддэггүй.  Гэхдээ бүх л жүжигчдийг,  урлагийн нүүр царай болсон хүмүүсийг олонд таниулах үүргийг “Make up artist”-ууд хүлээж, түүнийгээ амжилттай биелүүлж байдаг байна.

Make up-т маш олон төрөл байдаг ажээ.

  1. Beauty make up – энэ бол өдөр дутмын будалт
  2. Show make up – Уруулыг нь хараар будах, эсвэл олон өнгөөр будах, үс нь ч мөн адилхан этгээд байх жишээтэй.
  3. Улаан хивсний будалт – Beauty make up шиг боловч илүү уршаарддаг будалт 
  4. Театрын будалт – холоос, тайзан дээр, гэрэлд яаж харагдах вэ гэдгийг тооцоолон будах будалт юм. Зузаан будаж байж тод харагдуулдаг.
  5. Special effect – энэ төрөл ерөнхийдөө тасарсан гар хөл, аймшгийн киноны маск, уран зөгнөлт киноны дүрүүдийг бүтээдэг. Энэ бүгдийг будгаар амьдруулдаг. Компьютрээр хийх юм бол хэтэрхий хуурамч харагдах магадлалтай гэж үзээд энэ төрлийн будалтыг хийдэг. Хүмүүс хуурамч зүйлд дургүй шүү дээ.

Монголд сургалт явуулна

Г.Цэнгүүн эх орондоо нэг  сарын хугацаатай иржээ. Германы “Kryolan” брендэд ажиллаж байгаа тул томилолтоор ирсэн байна. Эх орондоо байх хугацаандаа Make up-ын чиглэлээр сургалт явуулах зорилго өвөрлөжээ. Театрын, киноны будалт энгийн будалтаас юугаараа ялгаатай хийгээд энэхүү мэргэжлийг эзэмшихийн тулд юунд анхаарах талаар монгол залуустаа зөвлөхийг хүсчээ. Өөрийнхөө цуглуулсан туршлага, мэдээллээ нэгтгээд маш товчхон бас үр дүнтэй түргэвчилсэн сургалт хийх гэж байгаа ажээ. Харин ирэх зунаас бас томоохон шоу зохион байгуулахаар төлөвлөөд байгаагаа мөн дуулгалаа. Маск хийхийг хүмүүс төдийлөн ойлгодоггүй, ойшоодог ч үгүй. Компьютерээр л эфэкт хийгээд байна гэж боддог. Тэгтэл бүх л маскыг “Make up artist”-ууд бүтээж байдаг. Тэр будалтуудыг хэрхэн хийдэг талаар ирэх зун залууст сургалт явуулна гэдгээ Г.Цэнгүүн хэлж байна.

“Хүн бол тольтой адил”

Есөн настайдаа, гуравдугаар ангиа төгсчихөөд Германд очсон ч шууд үргэлжлүүлээд дөрөвдүгээр ангидаа суралцаж чадаагүй байна. Наад зах нь герман хэл сурах хэрэгтэй гэх мэт олон шаардлагын улмаас гуравдугаар ангиасаа Make up-д суралцаж эхэлжээ. 13 жил Германд амьдарч байгаа түүний хувьд аавынх нь дүр мөнхөд үлдсэн байна. “Жаахан байхад аав маань бурхан болсон. Хэрвээ аав маань одоо амьд байсан бол бид хоёр бүр энэ чиглэлийг хөгжүүлээд хамтарч ажиллаад бужигнуулж байхгүй юү” хэмээн харамсан өгүүлэх түүний номер нэг фен нь ээж нь ажээ.

Анх Make up-ын сургуулийг олж бүртгүүлээд оруулж байсан гэнэ. Германд боловсрол эзэмшихэд үнэ төлбөргүй ч Make up- чиглэлээр сурахад маш их материал хэрэгтэй байдаг гэнэ.

Хамгийн сонирхолтой нь тэрбээр  сургуульдаа ганцаараа ази гаралтай байжээ. Тиймээс “Германд ч гэлтгүй Европын олон оронд байдаг нэг зүйл нь Ази гаралтай гэх гадуурхал. Танд тийм зүйл тохиолдож байв уу” хэмээн асуусан юм. Тэрбээр хариулахдаа:

-Заавал тийм байх албагүй л дээ. Хүн хүнээсээ л шалтгаалах байх.Миний хувьд гадуурхагдсан тохиолдол гарч байгаагүй. Би өөрөө хүнтэй хүндлэлтэй зөв харьцвал бусад хүмүүс ч гэсэн намайг хүндэлнэ гэж боддог. Германчууд Чингис хааныг сайн мэддэг болохоор Монголчуудыг сайнаар хүлээж авдаг. Хүн бол тольтой адилхан. Тухайн хүн өөрөө хүнтэй инээж харьцвал нөгөө хүн ч мөн инээж л харьцана. Өөрөө эхлээд муухай ааш гаргавал нөгөө хүн ч муухай л аашилна.
 
Германчуудын нэг домог байдаг. Нэг хүйтэн өвөл нохой даарч явсаар уулын цөмд оржээ. Гэтэл тэр дотор маш олон толь байсан учраас түүний олон дүрс нь олон нохой байгаа мэтээр харагдаж ихэд ярдаглан хуцтал олон нохой зэрэг хуцаж тэр нохой өөрөө айгаад гараад явчихсан байдаг. Харин түүний араас орсон нохой инээмсэглэсэн учир тэр дотор байсан бүх нохой инээмсэглэж нохой тэндээ  өвлийг дулаахан өнгөрүүлсэн тухай домог бий. Түүнтэй адил хүмүүс өөрсдөө бусдын харилцааны эхлэлийг тавьдаг гэдэгт би итгэдэг гэсэн юм. Эндээс түүний амьдралын философийг тольдож болох билээ. Тиймээс ч түүний тухай бичлэгээ “Хүн толь” хэмээн нэрлэлээ.

Э.ТЭМЛҮҮН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №044

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж