Гадаад худалдааг хөнгөвчилнө

Хуучирсан мэдээ: 2014.01.14-нд нийтлэгдсэн

Гадаад худалдааг хөнгөвчилнө

Гаалийн ерөнхий газрынхан өнөөдөр бизнесменүүдийн саналыг сонсох, тэдэнд тулгамддаг асуудлыг шийдэх үүднээс “Гааль-бизнесийн зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгууллаа. Уулзалтад Сангийн сайд Ч.Улаан, ГЕГ-ын дарга О.Ганбат, дэд дарга Н.Энхцогт, Ц.Уугангэрэл болон гаалийн бүх газар, хорооны дарга нар оролцож санал бодлоо солилцсон байна. Гаалийн байгууллага 2014-2016 оныг гадаад худалдааг дэмжих, хөнгөвчлөх, хялбарчлах, гаалийн бүрдүүлэлт хийхэд иргэдэд учирдаг хүндрэлийг бууруулах зорилтыг дэвшүүлсэн байна.

Бизнесменүүдээс гадаад худалдаанд хамгийн идэвхтэй оролцдог 80 гаруй компанийн захирал, удирдлагууд оролцсоноос гадна гадаад худалдаа эрхэлдэг 200 гаруй иргэд уулзалтад иржээ. Эрдэнэт УБҮ, Энержи ресурс, Тавантолгойн захирал удирдлагууд уулзалтад оролцож санал бодлоо илэрхийлсэн байна. Тэдний хувьд гаалийн байгууллагын урт болон богино хугацааны бодлого чиглэлийг сонсохын зэрэгцээ өөрсдөд тохиолддог хүндрэл бэрхшээлийг жишээтэй нь ярьсан юм. Бизнес эрхлэгчдийн хувьд гурван үндсэн асуудлыг шийдэж өгөхийг хүсчээ. Тодруулбал юун түрүүн хууль тогтоомжийг боловсронгуй болгохыг санал болгожээ. Гаалийн хууль нь эрхзүйн зарим зохицуулалтад нийцэхгүй байгаа бөгөөд бусад хууль тогтоомжтой харшилдах, хийдүүлж буй зүйл заалт ч байдаг ажээ. Энэхүү асуудлыг урьд өмнө нь ч хэлж байсан бөгөөд тэр дагуу Гаалийн байгууллагынхан судалгаа хийж, Гаалийн болон гаалтийн татварын тухай хуулийг  цогцоор өөрчлөхөөр болсныг уулзалтын үеэр дуулгалаа. Хуулийн шинэчилсэн найруулгыг ГЕГ-ынхан өөрсдөө боловсруулж байгаа бөгөөд ондоо багтаан Засгийн газраар хэлэлцүүлэхийг зорьж байгаа юм байна.

Бизнес эрхлэгчдэд тулгамддаг дараагийн нэг асуудал нь гаалийн байцаагч нарын зан харилцаа, ёс суртахуун байдал ажээ. Хэдийгээр гаалийн ажилтан нь төрийн тусгай албан хаагч хэдий ч үйлчлүүлэгдэд дээрэнгүй зандрангуй харьцаж болдохгүй гэдгийг бизнесменүүд сануулжээ. Тиймээс гаалийн салбар нэгжийн удидлагууд гаалийн байцаагч болгоны зан харилцаанд анхаарна гэдгээ амласан байна.

Гурав дахь нь хүндрэл гэвэл их хэмжээний бараанд биет үзлэг хийхийн тулд цаг алдаж, бараа бүтээгдэхүүнийг гааль дээр удаан хугацаанд саатуулдаг гэсэн гомдол байлаа. Бизнесменүүдийн хувьд цаг бол алтаар үнэлэгддэг. Бараа бүтээгдэхүүн нь гааль дээр саатсанаас бизнесменүүд их хэмжээний алдагдалд ордог тул гаалийнхан их хэмжээний барааг богино хугацаанд шалгадаг багаж хэрэгсэлтэй болох ажлыг эхлүүлжээ. БНХАУ-ын тусламжийн дагуу 100 тонн чингэлгийг гуравхан минутад шалгах хүчин чадал бүхий орчин үеийн  рентгэн аппаратыг оруулж ирэхээр болжээ. Энэ оны гуравдугаар улиралд багтаан суурилуулчих боломжтойг гаалийн удирдлагууд хэлж байна.

“Гааль-бизнесийн зөвлөлдөх уулзалт”-ыг жил бүр зохион байгуулан санал авч, үр дүнг тайлагнахын зэрэгцээ зорилго зорилтоо тодорхойлдог болох юм байна. Уулзалтын үеэр Сангийн сайд Ч.Улаан “Гаалийн байгууллагынхны гарт монголчуудын амь нас, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, удмын сан бүхэлдээ багтаж байдгийг мартаж болохгүй. Хэдийгээр гаалийнхан төсөв бүрдүүлэгч, улсын төсвийн 1/3-г бүрдүүлдэг хэдий ч аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих ёстой. Үүнийг ч бизнесменүүд ойлгох учиртай” гэсэн юм.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж