
Филиппиний зүүн өмнөд хэсгийн нутгаар сүүлийн хоёр хоног үргэлжлэн орж буй аадар бороо үерийн гамшиг дагуулжээ. Үерт одоогийн байдлаар 20 хүн амь үрэгдэн, 13 хүн ор сураггүй болж, олон мянган оршин суугч орон гэрээ алдсан байна. Хохирогчдын ихэнхи нь Филиппиний Зүүн Давао мужийн Компостелла орчмын оршин суугчид аж. Түүнчлэн аадар бороо, үерийн уснаас болж хөрсний нуралт ихээр үүсч буйгаас олон зуун айлын сууц нурангид даруулжээ. Филиппиний албаныхны мэдээлснээр үерийн гамшигт 10 мужийн 132 мянган хүн хохироод байгаа гэнэ.
Түүнчлэн цаг уурчдын зүгээс аадар бороо ирэх хоёр хоногт Хайян хар салхинд ниргүүлсэн бүс нутгаар үргэлжлэн орох тул үерийн гамшгаас урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ. Хайян хар салхи нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Филиппинийг дайран өнгөрөхдөө 6100 гаруй хүний амийг авч одсон юм.
Үерийн гамшиг нэрвэгдээд буй бүс нутгийг үүнээс өмнө өнгөрсөн арванхоёрдугаар сард хүчтэй далайн шуурга дайран өнгөрснөөс 2000 орчим хүн амь үрэгдэж, их хэмжээний хохирол учирсан билээ.
Б.АНХТУЯА