Барууны улсууд Ираныг цөмийн зэвсэг бүтээхийг санаархаж байна хэмээн сэжиглэж байгаа ч Тегеран үүнийг эрс үгүйсгэж, цөмийн хөтөлбөрөө зөвхөн энхийн зорилготой хэмээн баталдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама зөвшилцөлд хүрсэнд баяр хүргэсний зэрэгцээ Ирантай удаан хугацааны тохиролцоонд хүрэхэд илүү их хүчин чармайлт шаардагдана гэдгийг онцоллоо.
Зөвшилцлийн дагуу энэ сарын 20-оос эхлэн таван хувиас дээш уран баяжуулалтыг түр зогсоох аж. Мөн 20 хувь хүртэл баяжуулсан ураны нийт нөөцийг урвалд оруулан хувиргах гэнэ. Ингэхдээ нэг бол баяжуулалтыг нь бууруулна, эсвэл дахин баяжуулах боломжгүй болгох юм байна. Энэхүү 20 хувь хүртэл баяжуулсан ураны нөөц нь цөмийн зэвсэг бүтээхэд ашиглаж болох гол түүхий эд. Иран үүнээс гадна уран баяжуулахад ашигладаг центрфуг шинээр барихаас татгалзаж, одоо ашиглаж байгаагийн ихэнхийг унтраах юм байна.
Ирантай хийсэн яриа хэлэлцээр дээр Герман болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүнийг Европын холбооны гадаад бодлого хариуцсан дээд комиссар Кэтрин Эштон төлөөлжээ. Тохиролцооны биелэлтийг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг хянах болно гэж комиссар яриа хэлэлцээрийн дараа болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдлээ. Ираны эсрэг үйлчилж буй хориг арга хэмжээг Тегеран хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн тэр хэмжээгээр хэсэгчлэн цуцлах юм байна. Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд “Бид илүү өргөн хүрээтэй хоригийг үргэлжлүүлэн дэмжсээр байх бөгөөд хэрвээ Иран хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол түүнийг улам чангатгах болно” хэмээн анхааруулжээ. Түүнчлэн “Иран анх удаа нэгдүгээр сарын 20-оос өндөр баяжуулсан ураны нөөцөө устгаж, уран баяжуулах боломж олгодог зарим тоног төхөөрөмжөө задална” гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэлдээ цохон тэмдэглэв. Түүнчлэн Барак Обама Ираны эсрэг шинэ хориг тавих хуулийн төсөл Конгресст хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх гэж байгаа нь цагаа олоогүй алхам гэдгийг анхаарууллаа. Хэрвээ энэ хууль хэлэлцэгдэж батлагдвал Обама өөрийн хориг тавих эрхээ эдэлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин