Хуучирсан мэдээ: 2014.01.14-нд нийтлэгдсэн

&#34Хамаргүй&#34 спикер

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр твиттерчдийн дур­гүйг хүргэж орхилоо. Тэрбээр сая­хан Мон­гол Улсын Ерөнхий­лөг­чийн хамт Улаанбаатар хо­тын утааг ал­саас тольдсон. Үүний үр дүнд хо­тын утаа гамшгийн хэм­жээнд хүрснийг сая л мэдэрсэн юм байх.

Твиттер хуудаснаа да­гагч­дын тоогоороо тэргүүлдэг спи­кер “Утаа гамшиг болсон гэ­дэг­тэй санал нийлж байвал RT хий­нэ үү” гэсэн нь ца­хим ертөнцийн найзуу­дынх нь эг­дүүцлийг хүргэв. УИХ-ын дар­гыг ийнхүү жиргэсний дараа твиттерчид “Тавлаад байна уу. Утаа гамшгийн хэмжээнд хүрэх битгий хэл удамд нөлөөлж байгаа” гэх зэргээр түүн рүү давшилсан. Улмаар ийм ха­риулт сонссон З.Энхболд дар­га мөчөөгөө өгөхийг хүсэлгүй “Тавласан юм алга. Утаа гамш­гийн хэмжээнд хүрсэн гэсэн миний байр суурьтай санаа нийлэх үү гэж асуусан юм” гэх зэргээр өөрийгөө хамгаалахыг оролдов. Нийслэл хотын иргэн л бол хэн ч байсан хариултыг нь тодорхой өгөх асуултаар ийнхүү шоудсан түүнд үнэрлэх эрхтэн байна уу гэж эргэлцэхэд хүрээд байна. Нэг ёсондоо түүнд хамар байна уу, эсвэл хамар нь утааны үнэрийг мэдэрдэггүй болчихвуу гэж жиргээчид ойр зуураа ярилцаж байна. Дэлхийн хотуудаас утааны бохирдлоо­роо сүүлээсээ хоёрдугаарт орсон нийс­лэл хотынхоо утааг гамш­гийн хэмжээнд хүрсэн гэдгийг мэдээгүй УИХ-ын даргыг ийн нэрийдэхээс өөр яах билээ. УИХ-ын даргын дээрх санал асуулгад өчигдөр 19:00 цагийн байдлаар 332 хүн “retweet” хийсэн байлаа.

Т.АМАРТҮВШИН

"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж