Ашиглалтын үеийн засвар, үйлчилгээг барилгын компани хариуцъя
Шинээр авсан байрны маань булан нь тохой нь мөөгөнцөрдөж, бохир нь үе үе бөглөрч, цонхоороо болон гадна ханаараа сийгэлт өгч, дулаанаа алдаж, цахилгааны далд монтаж нь байн байн тасраад байх юм. СӨХ-д хандахаар “Барьсан барилгын компани чанаргүй барьсан” гэж ам таглах. Барьсан барилгын компани руу гомдол гаргахаар “Манай барилгыг Улсын комисс хүлээн авсан. Бид бүх эрх үүргээ СӨХ-д хүлээлгэн өгсөн учир тэд хариуцах ёстой” гэх.
Ийн шинэ байр авсан иргэн би дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу боллоо…
Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг шиг барилгын компаниуд барилга барьж ашгаа олонгуутаа СӨХ гэгч, ганц сантехникч, ганцхан цахилгаанчинтай газарт хамаг юмаа даатгаад холдохын мөн болдог. Гэтэл шинээр ашиглалтад орсон барилгын хана нь мөөгөнцөрдлөө гэхэд үүнийг засварлах мөнгө СӨХ-д байдаг бил үү? Хананаас сийгэлт өглөө гэхэд хөөсөнцөрийг нь солих мөнгө СӨХ-д байна гэдэг үлгэрийн далай бус уу? СӨХ ийм хариуцлага хэзээнээс хүлээхгүй хуультай.Энэ мэт байдлаас болж өч төчнөөн зээл, өр төлбөр болж авсан байр нь тохь тухгүй, чанаргүй болсноос хохирч суугаа ард иргэд олон байна.
Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Барилгын тухай хуулинд “Барилгын чанарын хугацаа гурван жил байна” хэмээн заасан байдаг. Энэ заалтыг иргэн хүн юу гэж ойлгодог юм бол? Барилгын компани юу гэж тайлдаг юм бол?
Гурван жилдээ нурж унахгүй бол барилгын компани хариуцахгүй гэснээр бүх зүйл дуусах ёстой юу?
Маш товчхондоо ашиглалтын гурван жилийн хугацааны засвар, үйлчилгээг барилгын компани хариуцдаг больё. Хийсэн ажилдаа эзэн болж, идсэн хоолондоо сав болцгооё. Ашиг олж болсон юм бол барьсан барилгаа гурван жил засварлаж, орон сууц худалдан авсан иргэдэд үйлчилсэн шиг үйлчилдэг больё. Барилгын тухай хуулинд өөрчлөлт оруулья. Журам дүрмээ тодорхой болгоё.
Хэрэв ингэж чадвал барилгын компани чанартай орон сууц барихыг эрмэлзэх болно, иргэд ч гурван жилийн хугацаанд чанартай засвар, үйлчилгээ авч, цаашид тохь тухтай, сэтгэл тэнэгэр амьдардаг болно.
Монголд барьсан барилгынхаа гурван жилийн засвар, үйлчилгээг хариуцан хийдэг компани Монголд өдрийн од шиг байдаг юм байна. Бидний олж мэдсэнээр “Жигүүр гранд” групп л ийм үйлчилгээ үзүүлдэг аж. Үүнийг нь иргэд мэддэг учир эдний компаниас байр, оффисийн барилга худалдан авахдаа дуртай байдаг юм байна.
Бид тус группийн Барилгын үйлдвэрлэлийн албаны дарга Ш.Батболдтой уулзлаа. Тэрээр ийн ярилаа.
-Миний мэдэхийн манайх л ингэж сайн дураараа барьсан барилгадаа гурван жилийн баталгаа өгдөг. Яагаад гурван жил гэсэн бэ гэдэг их учиртай.
Шинэ барилгын бүх зүйл чийгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, шинэ барилга маш их чийг өгдөг. Энэ чийг 2-3 жилд бүрэн гардаг юм. Шавар гэхэд хатаад, агшиж эхэлнэ. Шалны паркет гэхэд зай завсар гарч эхэлдэг байна. Тэгж байтал бохир нь нэг газраа бөглөрөөд, хоолой нь хагарах асуудал гарч болох уу? Мэдээж болно. Цахилгааны далд монтажид гэмтэл гарах магадлалтай юу? Мэдээж магадлалтай. Манайх бусад компани шиг барьсан болоод хаяад явдаггүй. Хаяад явахаар ямар нэгэн асуудал гарахаар СӨХ жишээ нь, цахилгааны болон сантехникийн шугам хаагуур явсныг мэддэггүй. Нэг ширхэг хөөсөнцөр ч солих мөнгө байдаггүй. Тиймээс манайх барьсан барилгынхаа гурван жилийн засвар, үйлчилгээг нь бүрэн хариуцан ажилладаг. Заримдаа гурван жил нь өнгөрсөн ч иргэдээс гомдол ирэхэд бид очоод л янзлаад өгөх нь бий хэмээн ярилаа.
Энэ чухал асуудлыг Барилгын тухай хуулинд суулгаж өгөх шаардлагатай юм байна. Өдрөөс өдөрт барилгын гадна тал нь хуурч уналаа. Шат нь уналаа. Бохир нь бөглөрлөө. Дулаанаа алдаад байна. Хана, туурга нь чийгэнд идэгдэж, мөөгөнцөртөө баригдаад байна. цонхноосоо сийгэлт өгөөд байна гэх иргэдийн гомдол тасрахгүй гарч байна.
…Шинээр авсан байрны маань булан нь тохой нь мөөгөнцөрдөж, бохир нь үе үе бөглөрч, цонхоороо болон гадна ханаараа сийгэлт өгч, дулаанаа алдаж, цахилгааны далд монтаж нь байна байн тасраад байх юм… Гэхдээ одоо бол айлтгүй ээ. Барьсан компани нь гурван жилийн баталгаат засвар үйлчилгээг өөрсдийн байгуулсан СӨХ-өөр дамжуулан хийж өгнө гэсэн. Харин гурван жилийн ойн дээрээ оршин суугчдын хурлаар шинэ СӨХ байгуулж өгөөд явах юм гэсэн…
Иргэн би ийм л зүйл хүсэж байна. Том төрөөс Ухаалаг барилгын салбар руу энэ мэтээр л шилжмээр байна.