
Өнөөдөр од адил гялалзаж яваа авьяаслаг уран бүтээлчдийг хийсэн бүтээлээр нь нэрлэдэгээс найруулагчаар нь овоглодоггүй нь ч үүнтэй холбоотой биз ээ. Арслан барс мэт архирагчдын аяыг дааж өнөөтэй золгосон тэдний авьяасаас илүүтэй тэвчээр, хатуужлыг гайхмаар. Урлагийн сургуульд сурсан болгон уран бүтээлийн зам мөр хөөдөггүй нь үүнтэй холбоотой биз ээ. Хичнээн олон залуусын хүсэл мөрөөдөл, найруулагч нарын дарангуйлал дор мөхөж, хичнээн нь дүүлэн нисэх даль жигүүрээ хугалуулсан бол. Хүнээс хатуу ширүүнийг сонсож байж хүн болдог сургаал бий. Ажилд тустай, ахуй амьдралд нэмэртэй үгийг алттай зүйрлэдэг нь монгол заншил. Гэвч хараал зүхэл, доромжлол бол яавч сургаал биш. Хүн доромжлох уг нь хуультай. Хууль дүрэм ярихаа байя гэхэд ядаж хүндэтгэх шалтгаан байх учиртай. Үнэхээр хүний тэвчээр барсан, итгэл эвдсэн, голдоо ортол нь гомдоосон бол харааж зүхэхийг үгүйсгэхгүй. Гэтэл ажил төрлийн харилцаанаас болж жүжигчид, уран бүтээлчдээ доромжлон “зугаацах” найруулагч нарыг зүйрлүүлэх жишээ ч олдсонгүй.
Найруулагч гэх сайхан мэргэжлийг дарангуйлагч болгон хувиргаж орхисон тэдний замнал одоо ч үргэлжилсээр. Хөмсөг зангидаж, харааж загнасан хүмүүс олонх шоу, цэнгээнийг шүүнэ. Анх удаа тайзан дээр гарч, айж бэргэсэн залуучууд, хүүхдүүдийг элдвээр аашлах тэднээс үзэгчид уйдаж, залхах болжээ.Үзэгчдийг хөгжөөн цэнгээх, хүмүүжүүлэх, оролцогчдыг урлагийн замд хөтлөх зорилготой цэнгээнт нэвтрүүлгүүдээс таашаал авахаасаа илүү төвөгшөөх нь олонтаа. Наймхан настай балчир үрсэд хатуурхан, учраа олохгүй сандрах залуусыг тохуурхан суугаа шүүгчдийн амнаас хүнд хэрэгтэй, бусдад тустай сургаал хэдий хэртэй гардгийг мэдэхгүй юм. Нэгэнтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Та эмэгтэй дарангуйлагч, эмэгтэй авлигач гэж сонссон уу” гэж асууж байсан юм. Түүн лүгээ эмэгтэй найруулагч олон байддаггүй нь ч нэгийг хэлээд байх шиг.