Депутатууд ууртай байна, төрд хариуцлагын тогтолцоо ажиллахаа больсоноос тэрбум төгрөг идчихсэн түшээ нь УИХ-д ичихгүй сууж л байдаг. Эвээр асуудлыг шийдэх ёстой атал биенээ шанаадаад унагадаг, эс бөгөөс салаавч өгч ёс зүйгүй аашилдаг. Үндсэн хуулийнхаа гол үзэл санаа, агуулгыг мэдэхгүй атлаа “Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй бол, хоцрогдсон” гэж хийрхдэг.
Засгийн газар нь УИХ-ынхаа толгой дээр гараад суучихсан, яамны Төрийн нарийн бичгийн дарга нь “тендэр” нэрээр 2 сая ам.долларыг хахууль болгон авдаг гээд болохгүй, бүтэхгүй бүхнийг хууль тогтоогч хийгээд дарга даамлууд үйлддэг болсон тухай сануулаад авлаа.
УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Депутатууд энэ тухайд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг нь хэсэг бүлэг хүмүүсийн санааны зоргоор хийдэг, хөнддөг зүйл биш. Ул суурьтай, судалгаа шинжилгээтэй, тал, талын байр суурийг авч, хэрхэхээ шийдэхгүй бол Бүрэн эрхт улсын тусгаар тогтнол ч хөндөгдөхийг онцолж байна. Тэр тусмаа 2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Дордохын долоон заалтыг оруулах гэж бус Үндсэн хуулиа илүү төгөлдөржүүлэх зорилго агуулсан ч чадаагүйг энэ парламент мөн мартах учиргүйг дахин санууллаа.
Эл асуудлын талаар Ардын Их хурлын депутатууд юу өгүүлснийг онцолъё.
Ардын Их хурлын депутатууд 76 хоногийн турш Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийг батлахын төлөө шөнө өдөргүй сууж ажиллажээ. Ингэхдээ капиталист хэмээн нэрлэгддэг Америк, Франц, Герман, Япон зэрэг орны Үндсэн хуулиудад заагдсан бүхий л үнэтэй зүйлүүдийг нь хөрвүүлж, Монголын Ардчилсан Үндсэн хуульд “шигтгэсэн” байна. Тухайлбал, 1700 оны Америкийн Хүний эрхийн тунхаг, мөн Үндсэн хуулиас нь, 1800 оны Францын Үндсэн хууль, 1947 оны Японы Үндсэн хууль, 1955 оны Германы Үндсэн хуулиудыг тус бүр судалж, тус хуульд тусгасан байна. Үр дүнд нь монгол хүн бүр өмчтэй байх харилцаа үүссэн төдийгүй хүний эрхийн хамгийн том шалгуур болсон үг хэлэх эрх чөлөөг тунхагласан юм гэж тухайн үеийн Ардын Их хурлын 41 дүгээр тойргийн депутат асан Н.Пүрэвдорж хэллээ. Тэрээр энэ тухай “Хэтэрхий мэргэн жараахайнууд УИХ-д олон болжээ. Бүхэл бүтэн 300 жилийн түүхийг дүгнээд, бид Үндсэн хуульдаа зарим заалтыг оруулсан байхад тэд “20 жил болчихлоо, одоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боллоо” гэж байна, чадахгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт нь хувьсгалын дүнд бий болдог зүйл. 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд Ардчилсан Үндсэн хууль батлагдсан” гэсэн юм.
Ардын Их хурлын депутат асан С.Билигсайхан намынхнаасаа ичих болсон тухайгаа хэлэв. Тэрээр “Яамны Төрийн нарийн бичгийн дарга замын тендэрийн хахуульд 2 сая ам.доллар авч байна гэнэ ээ. Биднийг энд хууль батлах гээд сууж байхад тэр бол дунд сургуулийн хүүхэд байсан. Түрийний бөөс толгойд гарахаар яадгийг харуулж байна. Хэрвээ Р.Гончигдорж дарга аа, өчигдөр /уржигдар/ ярьсан шигээ аар, саархан зовлон тоочоод, тулга тойрсон юм бодоод, албан тушаалаа хайрлаад баахан “гөлөгнүүд”-ээр тойруулаад суугаад байвал Монгол төрийг бузарлаж гүйцнэ. Төрийн бодлого, боловсон хүчний бодлого хаана байна, Ерөнхийлөгчийн санаачилсан “Ухаалаг төр”-ийг бий болгоё гэж зорьж байгаа бол Р.Гончигдорж дарга аа, та одооноос эхэлж амлалт ав. Хойтон жил Үндсэн хуулийн 23 жилийн ойг тэмдэглэхэд авлига авдаг хүндээ хариуцлага тооцдог болчихсон бай. Авлигыг өгдөгт нь ч хариуцлага тооцох эрх зүйн орчныг нь бүрдүүлж өг. Ийм муухай төр байж болохгүй.
Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийг засах хэрэгтэй” гэв.
“Төрийн нэр гундаж доройтож байна”
Ардын Их хурлын 50 дугаар тойргийн депутат асан н.Далхжав намын нэрээр УИХ-д сонгогдсон зарим нэг гишүүн нь “Үндсэн хуулиа өөрчилье, шинэчилье” гээд явж байгаа нь эрх ашгийн ихээхэн зөрчил дагуулж байна хэмээлээ. Үндсэн хуульд зааснаар парламентын гишүүн нь тойрогт өрсөлдөж ард түмнийхээ саналыг авсан байх ёстой. Гэтэл Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нэрээр Үндсэн хуулиа зөрчин байж, намын нэрээр УИХ-д сонгогддог тогтолцоог 2012 оны УИХ-ын сонгуулиар хэрэгжүүлсэн нь туйлын зөрчилтэй зүйл болсон хэмээж байна. Түүнчлэн төрийн нэр гундаж, доройтсоны мөн анхаарууллаа. Тэрээр энэ тухай “Монгол төрд авлига авсан хүн байна, бие биенээ шанаадсан, салаавч гаргасан хүн байна. Тэрбум төгрөг идчихсэн хүн ичихгүй УИХ дээр суугаад байх юм. Монгол төр, УИХ-ын нэр хүнд унаж дууслаа. Энийг янзалж болдоггүй юм уу.
Цагаатгалын асуудлаа эргэж харах хэрэг байна. УИХ-ын дэд дарга Л.Цог энэ асуудлаар санаачлага гаргахгүй байна. 1937, 1938 онд цаазлуулсан хүмүүсийн үр хүүхэд өнөөдөр 80 насны босго давлаа. Одоо хэдэн жил насална гэж төр төрсөн үр, хүүхдийг нь хандах хэрэгтэй. Түрүүчийнх шиг нь хамаатан садан гэж тойруулмааргүй байна. Энэ асуудлыг УИХ-аар даруй хэлэлцэж шийдвэрээ гаргах хэрэгтэй” хэмээлээ.
УИХ, Засгийн газрын гишүүд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй” гэж том, том ярьдаг ч агуулгыг нь судалж үзсэн үү, бүрэн дүүрэн мэддэг үү гэх асуулт тавибал их л эргэлзээтэй хариулт гарч ирэх бололтой.
Ардын Их хурлын 63 дугаар тойргийн депутат асан н.Пүрэвдагва “Үндсэн хуулийн агуулгыг мэддэг хүн алга. Ард түмэнд Үндсэн хуулийг мэдүүлнэ гэж байгаа хүмүүс нь өөрсдөө мэдэхгүй байна” гэж шүүрс алдав. Ингэж хэлээд санал дэвшүүлсэн юм. Хэрвээ дээрх санал ажил хэрэг болбол УИХ, Засгийн газрын гишүүд, мөн яам, агентлаг, аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа хэлтэст ажиллагсдаас “Шинэ Үндсэн хуулиар шалгалт авч, мэдлэгийг нь шалгах өргөн ажиллагаа хэрэгжиж мэдэх нь. Шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан депутатууд шалгагч багшаар ажиллаж болох юм гэх санааг бас хэлээд авна билээ.
Депутатуудын нийгмийн асуудалд анхааръя
Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийг батлахад тухайн үед 430 депутат хоёр сар гаруйн турш шөнө, өдөргүй сууж байж гараас гаргасан түүхтэй аж. Тэднээс өнөөдөр 298 нь энх тунх амьдарч буй. Гэхдээ орон нутагт ядруухан амьдарч буй депутат цөөнгүй, тэдэнд УИХ-аас анхаарал ч тавьдаггүй. Нарийн яривал хэн нь хаана амьдарч байна вэ гэдэг наад захын судалгаа ч байхгүй гэнэ.
Иймд УИХ энэ асуудалд нухацтай хандаж, сар бүр “тэтгэлэг” олгодог болох. Жилдээ нэг удаа сувилалд депутатуудыг амраачихдаг байх, Үндсэн хуулиа сурталчлан таниулах шаардлагатай гэж үзвэл депутатууддаа орон нутагт ажиллах томилолтынх нь зардлыг шийдэж өгөөд, тойрогт нь ажиллуулчихвал нутаг орондоо хүрээд тал, талынхаа эрх ашгийг хангачих таатай бололцоо бий гэдгийг ахмад гишүүд УИХ-ын удирдлагуудад сануулаад авлаа. Мөн Үндсэн хуулийг хамгаалах дархлааг өөрт нь суулгаж өгөх ёстойг ч онцлон захисан юм.