Вакцины хэргээр эрүү үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.14-нд нийтлэгдсэн

Вакцины хэргээр эрүү үүсгэжээ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Эрдэм” ахлах сургуулийн хоёрдугаар ангийн сурагч  Н.Энхбилэг охин сургууль дээрээ 7-15 насны хүүхдэд хийх сахуу, татрангаас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсний дараагаас эхлэн биеийн байдал нь муудаж, хоёр хуруугаа тайруулаад байгаа нь мэдээлэл олны анхаарлын төвд байгаа. Тэгвэл энэ хэрэгт тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч Г.Батаа энэ сарын 01-нд Эрүүгийн хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 201405000004 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн талаар прокурорын байгууллагын эх сурвалж мэдээллээ. Энэ хэрэгт чухам хэн хэнийг ямар үндэслэлээр сэжигтнээр татан шалгаж эхэлсэн талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.

Вакцин чанарын шаардлага хангасан байжээ

Мөрдөн байцаалтын явцад Халдварт өвчин судлалын төвийн их эмч С.Ананд, Д.Алтанзул нарын урьдчилсан тандалт, газар дээр нь ажиллаж гаргасан дүгнэлт зэргээс сурагчдыг тарьсан Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн BN021L3001A серийн дугаартай “СТ-2” гэсэн вакцины чанар, түүний хадгалалт хамгаалалаас болж Н.Энхбилэгийн бие муудаагүй, харин дархлаажуулалттай давхцаж илэрсэн бие даасан өвчин буюу “Синдром Стевенса Джонсона” гэсэн өвчний оношийг урьдчилсан байдлаар гаргасан байна. Хэдийгээр тус вакцин нь чанарын аюулгүйн шаардлага хангасан байсан хэдий ч хүүхдүүдэд вакцин тарьсан эмч, сувилагч нарын буруутай үйлдэл гарсан байж болзошгүй нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Охины суурь өвчтэйг нягтлаагүй хэмээн буруутгажээ

Охины биеийг үзэлгүйгээр буюу суурь өвчинтэй байсан эсэхийг нягтлалгүйгээр вакцин хийсэн, буруу оношилсон байж болзошгүй гэх энэ хэрэгт “Оточномгон” өрхийн эмнэлгийн их эмч Н.Дэжидмаа, сувилагч Э.Даваа, “Эрдэм” ахлах сургуулийн эмч Н.Дуламсүрэн нарт Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл эмч, сувилагч нарыг “Өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан” гэх хэсэгт зааснаар буруутган шалгаж эхэлжээ.

Өрхийн эмч үзлэг хийгээгүй гэнэ

Вакцин тарих үеэр сурагчдад үзлэг, оношлогоо хийж байсан “Оточномгон” өрхийн эмнэлгийн их эмч Н.Дэжидмаа нь сурагчдад вакцин хийх үеэр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үзлэг хийгээгүй болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Мөн тус эмнэлгийн сувилагч Э.Давааг Н.Энхбилэг охиныг вакцин хийлгэснээс зургаан өдрийн дараа буюу өнгөрсөн 2013 оны арванхоёрдугаар сарын 14-нд вакцинаас харшилсан байдал, өвчний зовиуртай ээжийн хамт очиж үзүүлэх үеэр зохих эмчилгээ, оношилгоог зөв тавиагүй, холбогдох Эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн байна. Харин “Эрдэм” ахлах сургуулийн эмч Н.Дуламсүрэн  нарыг сурагчдад вакцин хийх үеэрээ бүх сурагчдыг үзлэгт хамруулаагүй, вакцинийг зохих ёсоор хадгалж хэрэглэсэн эсэх, хэрэглэсэн зүү тариур вакцины шил шошгийг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр устгасан … зэрэг үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Прокурорын байгууллагаас хяналт тавьж ажиллаж байна

Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэгт шинжээч томилоод байгаа юм байна. Шинжээчид  “сэжигтнээр татагдсан нэр бүхий эмч, эмнэлгийн байгууллагын ажилтанууд эмчилгээ үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн эсэх, холбогдох вакцин, тариур зэргийн чанар стандарт, хадгалалт хамгаалалт, хэрэглэсэн байдал зөв эсэх, Н.Энхбилэгийн өвчний шалтгаан болон урьд  нь суурь өвчтэй байсан үгүй, вакцинаас болж өвчилсөн эсэх, хоёр хуруугаа тайруулсан болон биед гарсан бусад өвчлөл нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэх”-ийг шалгаж тогтоох зорилгоор Баянхонгор аймгийн прокурорын газраас прокурорын даалгавар бичиж хяналт тавин ажиллаж байгаа ажээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж