Монгол 2014 онд юугаа идэх вэ?

Хуучирсан мэдээ: 2014.01.14-нд нийтлэгдсэн

Монгол 2014 онд юугаа идэх вэ?

Хоёр жилийн өмнө улсын төсвийн 40 хувийг дангаараа бүрдүүлж ирсэн нүүрсний салбар 2014 онд сайжрахгүй гэдгийг “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ярилцлагадаа дурджээ. Хэдийгээр Хятад улстай хил залгаа оршиж байгаа ч Монголын нүүрс өрсөлдөөнөөс улам бүр жийгдэх болсныг тэрбээр шүүмжилсэн байна лээ. 

2014 онд Монгол Улс 31.4 сая тонн нүүрс экпортод гаргана гэсэн том тоог улсын төсөвтөө суулгасан хэдий ч нэг тонн нүүрсээ 35-хан ам.доллараар зарж байгаа нь эдийн засгийн үр ашиг муухан наймаа болоод буйг гэрчлэх биз. “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Я.Батсуурь Хятадын төрийн өмчит “Чалко” компанид төлөх өр хэвээрээ шахууг, одоогийн байдлаар 150 сая ам.долларын өр төлөлт үлдээд буйг ярьсан байна лээ. Тэгвэл гадаадын шууд хөрөнгө оруулалт оны хоёрдугаар улирал хүртэл  сайжрах төлөв ажиглагдахгүй байгааг эдийн засагч П.Хашчулуун хэлж байна.  Харин Уул уурхайн сайд Д.Ганхуяг шинэ оны өмнөхөн "Оюутолгой"-н асуудал жилийн эхний хагаст шийдэгдэх болов уу гэж найдаж буйгаа дуулгасан.
 Энэ бүхнээс харахад энэ жил нүүрсний салбараас болон гадаадын хөрөнгө оруулалтаас Монгол Улс ихийг хүлээлтгүй нь тодорхой байна. Тэгэхээр 2014 онд монголчууд юу “идэж” амьдрах вэ гэдэг асуулт тавигдах нь зүйн хэрэг биз. Учир нь, Монголын нүүрсний борлуулалт муу, дэлхийн зах зээлд зэсийн үнийн уналт үргэлжилсэн хэвээр, гадаадын хөрөнгө оруулалт сайжрах хандлага ажиглагдахгүй байгаа зэрэг  нь дээрх асуултыг тавих шалтгаан болж байгаа юм. Харин хариултыг холоос биш ойрхноос хайгаад үзье.

 Дэлхийн зах зээлд шар металлийн төлөөх чимээгүйн дайн өрнөж байна. Төв банкныхаа алтны нөөцийг нэмэгдүүлэх бодлогыг улс орнууд баримтлах болсон нь гадаадын валютын нөөцөө хамгаалахад чиглэгдэж буй юм.  ОХУ болон Хятад, Тайланд, Бангладеш, Венесуэл, Филиппин, Өмнөд Солонгос, Япон зэрэг орон алтны нөөцөө нэмэгдүүлэх талаар тусгай бодлого хэрэгжүүлэх болсон шалтгаан нь гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж,  үндэсний мөнгөн тэмдэгтээ хамгаалах оролдлого гэж хэлж болно. Европыг өрийн хямрал дайрч, Японд болсон цунамийн гамшиг, Хятадын эдийн засгийн өсөлтийн саармагжилт  зэргээс шалтгаалж, сүүлийн жилүүдэд улс орнууд алтны нөөцөө дундрахаас сэргийлж, их хэмжээгээр шар металлийг худалдан авах болсон байна. Тухайлбал, олон улсын валютын сангаас зарсан нийт алтны 80 гаруй хувийг улс орны Төв банкууд худалдан авсан гэх мэдээлэл байна. 

Ийнхүү дэлхийн улс орнууд алтыг бодлогоор худалдан авч байхад харин Монгол Улсын алтны салбар эзэнгүй айл шиг л байна.

 Өнгөрсөн баасан гаригт буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор 4-5 кг алт гаргахыг завдсан үйлдлийг цагдаагийн байгууллагынхан таслан зогсоожээ. Тэгвэл 2013 оны арванхоёрдугаар сард Монголын дөрвөн иргэн Замын-Үүд-Эрээний чиглэлийн олон улсын галт тэргэнд нийтдээ 18 кг алт нууцаар авч явсныг тагнуулынхан илрүүлсэн юм. Энэ бол үе үехэн хэвлэлээр цацагдаж ирсэн, хууль бус алт хилээр гаргах гэж байгаад баригдсан цөөхөн жишээний нэг. Хил, гааль, тагнуулынханд баригдахгүйгээр, үгсэн хуйвалдах, тохиролцох замаар хичнээн хэмжээний алт Монголын хилээс гадагшилсан бэ гэдэгт өнөөдрийн хувьд хэн ч хариулж чадахгүй биз. Өөрөөр хэлбэл, Монгол Улс жилдээ хичнээн хэмжээний алт олборлож, хэд нь хууль бусаар гадагшилж буйг хуулийнхан , татварынхан , Монголбанкныхан, УИХ-ынхан ч хэлж чадахгүй. Хар захаар наймаалцаж буй болон олборлож байгаа алтны хэмжээг тооцох субьект Монголд байхгүй учраас тэр юм. 

Ерээд оны эхээр Монголын эдийн засаг гүнзгий хямралд орж, үүнээс хамгийн бага зардлаар, хамгийн богино хугацаанд гарахад Ерөнхийлөгч асан П.Очирбатын хэрэгжүүлсэн “Алт” хөтөлбөр аминд орсон гэдгийг тухайн үеийн лидер гэгдэх эдийн засагчид ярьдаг. “Алт хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанкны валютын нөөц нэмэгдэж, 2005 онд 25 тонн алт худалдаж авсан нь Төв банкны хувьд түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал байжээ. Тэгвэл өнөөдрийн хувьд гарын 10 хуруунд хүрэхтэй үгүй компани алт олборлож байна. Харин бусад нь  бүгд “нинжа” хэлбэрт шилжиж, олборлосон алтаа хууль бусаар наймаалцаж байна.

Нууц байдалд шилжсэн алт олборлогчдын үйл ажиллагааг ил болгох, хууль бусаар гадагшилж байгаа шар металлыг дотоодоо шингээхийн тулд өнөөдрийн ганц арга зам нь бодлогоо шинэчилж, хууль эрх зүйн таатай орчинг бий болгох. Үүний тулд алтны татварыг багасгах хуулийн төслийг яаралтай батлах ёстой юм. Улс орнуудын хувьд алтанд тавьсан роялти татвар харилцан адилгүй байна. АНУ-д гурван хувь, Чилид таван хувь, Бразилд хоёр хувь, Индонизид дөрвөн хувь, Энэтхэгт 2.5 хувь, харин Монголд 10 хувь. Хятад улс алтны нөөцөө зургаа дахин нэмэгдүүлж, нэг мянга гаруй тоннд хүргэсэн байна. Цаашдаа ч тус улс алтны нөөцийнхөө хэмжээгээр дэлхийд Америкийн дараа орно гэдэг том төлөвлөгөө өмнө тавьчихаад байгаа бололтой. Их гүрнүүд гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх талаар том бодлогоор хөдөлж байхад харин монголчууд тамын тогооны үлгэрээ ярьж, хамаг алтаа хар захаар урсгаад өнгөрмөөргүй байна.  

Алтны татварыг багасгах хууль батлагдвал алтны борлуулалтын орлого 1,5-2 тэрбум ам.доллараар, Монголбанк дахь алтны болон валютын нөөц жилдээ 8.5-10 тэрбум ам.доллараар нэмэгдэх боломжтой гэдгийг Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй ярьсан. Энэ хууль аль нэгэн алтны компанийн эрх ашгийг хамгаалахад  чиглэгдээгүй. Тэр тусмаа  “Оюутолгой”-д зориулж гаргаагүй.
Гол нь жаахан салхинд дагаж намираад байхгүй эдийн засагтай болохын тулд гадаад нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай байгаа болохоор тэр юм. Алтны  татварыг багасгаснаар энэ салбарын үйл ажиллагаа ил тод болно, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ, байгаль орчин болоод нийгмийн хариуцлага сайжирна. Мөн шинэ техник, технологи нэвтэрч, хууль бус асуудал хумигдана. Адаглаад  алтны салбарт ажиллаж байгаа бичил уурхай эрхлэгчидтэй холбоотой хэрэг зөрчил буурна. Ийм  эрх зүйн орчинг алтны салбарт бий болгох ёстой. Тэгж байж  монгол төгрөгийн ханш чангарна. Монголчуудын амьдрал дээшилнэ. Долларын өмнө гараа өргөн бууж өгөхгүйн тулд бодлогоо яаралтай шинэчилмээр байна.

 Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж