Сонгуулийн хуулийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр 09.30 цагт эхэлж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Л.Болд нарын өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм байна.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас эхэлж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийн төсөл соёрхон батлах тухай, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах хөтөлбөр, бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ажээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Дээд боловсролын шинэчлэл төсөл"-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Тогтвортой амьжиргаа-II төслийн нэмэлт санхүүжилт"-ийн хэлэлцээрийн төслийг тус бүр зөвшилцөх эсэхийг шийдвэрлэх юм байна.

Үдээс хойш УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна. Мөн Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэх, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж