Нийт эдийн засагт мөнгө орж ирэхээсээ гадагшлах нь их, зах зээлд эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ багасч буй нь улс орон, айл өрхийн төсөвт ч сөргөөр нөлөөлж эхэлсэн. Гэхдээ энэ бүхэн сүүлийн нэг жилийн дотор бий болчихсон асуудал биш, олон жилийн турш хуримтлагдсан, нөгөө талаас Монголын эх орончдын бодлогогүй тоглолтоос үүссэн хүндрэл юм. Энэхүү хүндрэлээс салахын тулд бодлогоо зөв тодорхойлохоос гадна Монголын улстөрчид овлигогүй аашаа дарах ёстой болж байна.
Улс оронд нь мөнгөгүй байхад цалингаа нэм гэж сүрдүүлэх юм уу эсвэл, Оюутолгойн лобби явж байна гэх зэргээр иш мухаргүй зүтгэх нь эдийн засагт ямар хорлонтой болохыг сүүлийн нэг жилд үүсээн асуудал хангалттай нотлоод өглөө шүү дээ. Өнгөрсөн онд гаргасан нэг том ололт бол Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн баталсан явдал. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх, мөнгөгүйн зовлонг амсах томоохон шалтгаан болсон хуулиа өөрчилсөн нь сайн хэрэг ч хуулийг хэрэгжүүлэх орчин нөхцөл нь тунгалаг байх учиртай юм. Сайн хууль баталсан ч хэрэгжүүлэх орчин нь тааламжгүй бол мөнгө орж ирэхгүй. Үүний тулд хөрөнгө оруулагчдыг ямар ч зовлонгүйгээр ажлаа хийж, мөнгө олдох, олсон мөнгөнөөс нь хуулийн дагуу авах ёстой татвараа авдаг эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх ёстой юм. Ялангуяа дэлхий нийтийн анхаарлын төв болсон “Оюутолгой”-н хөрөнгө оруулагчдад хэрхэн хандахаас дараагийн боломж хаагдах уу, нээгдэх үү гэдэг шалтгаалах юм. Тийм болохоор эх орныхоо төлөө эх орончид маань дуугаа жаахан намсгах хэрэгтэй болох нь.
“Оюутолгой” далд уурхайн бүтээн байгуулалт зогссон нь хоёр талд хоёуланд нь ашиггүй. Цаг алдах тусам “Оюутолгой”-гоор дамжиж Монголд орж ирэх хөрөнгө түгжигдэх нь дамжиггүй. Монголын эдийн засагт багагүй нөлөө үзүүлэхүйц том хөрөнгө оруулагчдад татварын болоод бусад хууль эрх зүйн тогтвортой байдлыг мэдрүүлж, түүнийгээ таниулах нь мөнгө дуудах эхний арга зам. Томоохон хөрөнгө оруулагчдыг дагаад жижгүүд нь орж ирдэг бичигдээгүй хууль бизнесийн салбарт үйлчилдэг. Дэлхийн бизнесийн ертөнцөд үйлчилдэг энэ практик дээр түшиглээд “Оюутолгой”-г урагшлуулах нь юу юунаас илүү чухал асуудал болчихоод байна. Энэ онд “Оюутолгой” 692.3 мянган тонн зэсийн баяжмал гаргахаар төлөвлөсний 175.6 мянган тонн нь цэвэр зэс байх аж. Мөн 27 тонн алт, 50 тонн мөнгө олборлож, борлуулахаар, 2014 онд 2.6 тэрбум ам.долларын орлого олохоор төлөвлөөд байгаа. Хэрэв Монголын эх орончид ямар нэгэн байдлаар саад болчихгүй бол дээрх орлогоос монголчууд авах ёстой татвараа аваад явчихвал асуудал жигдрээд ирнэ гэсэн үг.
Зөвхөн “Оюутолгой”-н асуудлаас гадна “Тавантолгой” төсөл уул уурхайн болон барилга, технологи зэрэг бусад салбарт гадаадын томоохон хөрөнгө оруулагчийг татаж чадвал хөрөнгө оруулалтыг урсгалыг буцааж сэргээх боломж бий.
Өнгөрсөн 2013 онд Монгол Улсын 2.9 сая иргэн бүгдээрээ 863 мянган төгрөгийг популизмын өртөгт тушаасныг Ерөнхийлөгч зарласан билээ. Тэгвэл өнгөрсөн жил шууд хөрөнгө оруулалт 4,2 тэрбумаас 2,5 тэрбум ам.доллар хүрэхтэй үгүйтэй болж буурсан байна. Энэ бол популизмын төлөөс. Тэгэхээр популистууд дуугаа аядахгүй бол Монголд мөнгө орж ирнэ гэж хүлээлтгүй юм. Гавьяа байгуулахын тулд гай тарих хэрэггүй гэдэг биз дээ.