Нээлттэй хэлэлцүүлэгт хөдөө орон нутгийнхан оролцоно

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

Нээлттэй хэлэлцүүлэгт хөдөө орон нутгийнхан оролцоно

Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Газрын тосны газраас энэ сраын 15-ны өдөр “Эрдэс баялаг-2025” нээлттэй хэлэлцүүлэг хийх юм. Энэ талаарх  мэдээллийг сарын өмнөөс нийтэд мэдээлсэн бөгөөд  хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр тус яамнаас сэтгүүлчдэд өглөө. Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Уул уурхайн сайд Д.Ганхуяг үндсэн илтгэлийн тавьж хэлэлцүүлнэ. Дөрвөн салбар хуралдаантай эл хэлэлцүүлгийг гол зорилго нь иргэд олон нийтэд салбарын талаарх бодит ойлголтыг өгөх, хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хариуцлага, нэр хүндийг нэмэгдүүлэх зорилгыг өвөрлөж байгааг онцолж байлаа. Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид хэлэхдээ:

– Нээлттэй хэлэлцүүлгээс ард иргэд, иргэний нийгмийн байгууллагынхан болоод төрийн байгууллагууд, аймаг орон нутгийнхан, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй  аж ахуйн нэгж байгууллага, хэвлэл мэдээллийнхэнд хандсан уриалга гаргах юм. Хэлэлцүүлгийг цаашид жил тутам зохион байгуулах болно гэлээ.

Хэлэлцүүлгийг угтаж салбарын яам нийт 19 асуулт бүхий санал асуулгыг өөрийн цахим хуудаст байрлуулсан байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг та дэмжиж байна уу,  эрдэс баялгийн салбар эдийн засагт ямар нөлөөтэй гэж үздэг вэ, тус салбарын нөхөн сэргээлтийг аль байгууллага хянах нь зөв бэ, уул уурхайн салбарын татвар хураамжийн орлогоос орон нутгийн хөгжлийн санд оруулж буй хувь хэмжээ таны бодлоор хэр байгаа вэ, бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг та дэмжиж байна уу гэхчилэн олон асуултыг багтаажээ.   Тэр бүү хэл эрдэс баялгийн салбарын аль хэсэгт авилгад өртсөн бэ гэсэн асуултыг ч багтаасан байна. Вэб сайтаар иргэдээс санал авах хугацааг маргаашаар тасалбар болгон үнэлгээ өгч түүнийгээ нээлттэй хэлэлцүүлгийн үеэр танилцуулах ажээ.

Нээлттэй хэлэлцүүлэг “Туушин” зочид буудалд болох юм. Одоогийн байдлаар 300 гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ. Тэдний дунд Дорнод, Өвөрхангай гэхчилэн аймгуудаас хэлэлцүүлгийг зорьж ирэх хүмүүс цөөнгүй байгаа гэнэ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж