
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ой тохиож буйтай холбогдуулан шинэ Үндсэн хуулийн уг эхийг өнөөдөр 10.00 цагт Төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр заллаа. Төрийн хамгаалалтад байдаг Үндсэн хуулийн эхийг залах хүндэтгэлийн ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, дэд хурандаа Ц.Мөнхтүвшин нар оролцлоо.
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн цорын ганц уг эх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд хадгалагдаж байдаг бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийн энэхүү эх дээр гараа тавьж тангараг өргөдөг билээ.
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейд залсан Үндсэн хуулийн уг эхийг долоо хоногийн хугацаанд олон нийтэд үзүүлэх юм байна.
С.СҮРЭН