АНУ-ын Конгресс “ZTE”-г тагнуулын байгууллага гэжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

АНУ-ын Конгресс “ZTE”-г тагнуулын байгууллага гэжээ

-Харин “ZTE” компани ямар шалгуураар Монголд орж ирээд, харилцаа  холбооны салбарыг ногоон гэрлээр гартаа оруулав-

Хятадын
харилцаа холбооны төрийн өмчит “ZTE”, “Huawei” компаниуд бусад улс орны
аюулгүй байдалд эрсдэл учруулж байна гэж үзэн дэлхий даяар хориглож
эхлээд байна. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Тагнуулын байнгын
хороо БНХАУ-ын дээрх хоёр компаниудтай холбоотойгоор нэг жилийн
хугацаанд хийсэн хяналт шалгалтынхаа талаар тайлан гаргасан байна. Уг
тайландаа “ZTE”, “Huawei” компаниуд АНУ-ын компаниудын оюуны өмчийг
хулгайлсан төдийгүй АНУ-д тагнуулын үйл ажиллагаа явуулж, тус улсын
үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна гэжээ.

Тайланд
ноцтой гэгдэх олон тооны баримтыг дэлгэсэн бөгөөд “ZTE”, “Huawei”
комдпани нь Хятадын Засгийн газарт кибэр дайны нэгжийн үйлчилгээ үзүүлж,
өөр улс орныг чагнаж тагнадаг хэмээн үзсэн байна. Мөн “ZTE”, “Huawei”
компаниудыг Хятадын Засгийн газар, армиас их хэмжээний дэмжлэг авч,
АНУ-ын компани, иргэдийг чагнан тагнаж байгаа тул эдгээр компанийн үйл
ажиллагаанд хориг тавих, хяналт тогтоож шалгах, төрийн байгууллагууд
тоног төхөөрөмжийг нь ашиглахгүй байх, хувийн компаниуд эдгээр
компанитай хамтран ажиллахаа татгалзах, Хятадын компаниуд АНУ-ын
харилцаа холбооны зах зээлд нэвтрэхийг оролдож буй нь эрсдэлтэй гэж үзэх
тухай зөвлөмж гаргасан байна.

“ZTE”, “Huawei” бол цахилгаан
холбооны төхөөрөмж нийлүүлдэг БНХАУ-ын үндсэн хоёр компани юм. Дэлхийн
хамгийн том 50 цахилгаан холбооны компаниудын 45 хувь нь ямар нэгэн
хэмжээгээр “Huawei”-ийн төхөөрөмжүүдийг ашигладаг аж. Энэ хоёр компанийн
үйлдвэрлэсэн төхөөрөмжүүд дээр нууц чип, программ суулгасан байхад л
дэлхийн ихэнх хүмүүсийг чагнах боломжтой хэмээн үзэж зарим орнууд
төхөөрөмжийг нь ашиглахыг хорьж эхлээд байна. Европын холбоо, тухайлбал
Австри “ZTE”, “Huawei”-ийн төхөөрөмжийг хорьж эхлээд байгаа бол Герман
улсын бүх их дээд сургууль болон шинжлэх ухааны байгууллагуудыг хооронд
нь холбодог “Deutsches Forschungsnetz” хэмээх сүлжээнд мөн энэ хоёр
компанийн төхөөрөмж ашиглаж болохгүй гээд хорьсон байна.

Энэтхэгийн
засгийн газар  “ZTE” болон Хятадын бусад үйлдвэрлэгчдийн тоног
төхөөрөмжийг импортлохгүй байхыг өөрийн үүрэн холбооны операторуудад
албан ёсоор сануулсан. Австралийн Засгийн газар харилцаа холбооны
шинэчлэлийн тендерээс “ZTE”компанийг хассан. Мөн 38 тэрбум ам.долларын
өртөг бүхий өндөр хурдны интернетийн сүлжээг байгуулах ажлыг
“Huawei”компанийн бүтээгдэхүүнээс чагнах төхөөрөмж илэрсэн гэх
шалтгаанаар хориг тавьсан. Энэ мэтчилэн “ZTE”, “Huawei”компанийн нэр
хүнд дэлхийн олон арван оронд сайнгүй байгаа юм.

“ZTE”, компани
Алжир, Кени, Норвеги, Филиппинд шударга бусаар өрсөлдсөн, тендер
будлиантуулж авилга өгсөн хэрэг мандуулж байжээ. Тендер авахдаа тухайн
улсын эрх баригчдад удаа дараа авилгал өгсөн нь баримтаар нотлогдсон.
Ийм
хэрэгт холбогдсон Филиппиний ерөнхийлөгч ч суудлаасаа огцорч байв.
Ираны Засгийн газар “ZTE” компаниас төхөөрөмж худалдаж авах гэрээ
байгуулсан ч уг төхөөрөмж нь газар доорх утсан сүлжээ болон үүрэн
телефон, интернет холбоо зэрэг холбооны хэрэгслүүдэд хяналт тавих, ярьж
байгаа хүний байрлалыг илрүүлэх, яриаг нь сонсох, таслах, цахим шуудан,
чатыг унших, интернетэд холбогдсон вэб хуудасны мэдээлэлд задлан шинжлэл
хийх гээд иргэдийн хувийн нууцад халдах чадалтай байсан тул олон улсын
хүний эрхийн байгууллагуудын шахалтаар уг гэрээгээ зогсоосон байна.
Манай хэвлэлүүдээр ч “ZTE” компанийн бусад оронд явуулж буй сөрөг үйл
ажиллагааны талаар мэдээлж, Монголд татвараас зайлсхийсэн байж болзошгүй
тул АТГ-аас шалгаж байгаа бөгөөд үүнд нь манай төрийн өндөр албан
тушаалтнууд холбогдсон байж болзошгүй талаар бичиж байгаа.

Өнөөдөр
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үүрэн холбооны операторууд,
интернет сүлжээний компаниудын дийлэнх нь тус компанийн тоног
төхөөрөмжийг ашиглаж байна. Хамгийн олон хэрэглэгчидтэй  “Мобиком”
компанийн дамжуулалт, холболтын зарим хэсэг “ZTE” , “Huawei” компанийн
төхөөрөмж дээр суурилсан, Скайтелийн үүрэн телефон хэрэглэгчдийн
холболтын станц “ZTE” компанийн төхөөрөмж дээр суурилсан бол Юнителийн
холболт, дамжуулалтын хэсгийн цөөн хувь нь  “Huawei” компанийн
төхөөрөмж, “G-mobile”-ийн сүлжээ 100 хувь ZTE компанийн төхөөрөмж дээр
суурилдаг байна.  

Монголын цахилгаан холбоо компани мөн л дээрх
хоёр компанийн төхөөрөмжүүдээр үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын
холбоо мэдээллийн салбарт Япон, БНСУ, Нидерландын компаниуд хөрөнгө
оруулалт хийж, харин технологийн хувьд “ZTE” , “Huawei” компаниудаас
бүрэн хараат байгаа юм.

Монгол Улсад интернетийн үйлчилгээ
үзүүлдэг “Railcom”, “Skynet”, “Mobinet”, “Magicnet”, “Citinet”, “Micom”
компаниуд ялгаагүй БНХАУ-ын “ZTE”, “Huawei” компанийн техник хэрэгсэл,
программ хангамжийг ашигладаг. Үүнээс харахад Монгол Улсын мэдээллийн
аюулгүй байдал алдагдах эрсдэл асар өндөр байгаа нь харагдаж байгааг
гадаад, дотоодын тусгай албадууд анхааруулсаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж