Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

УИХ урагшаа?

Монгол Улс яагаад тууштай хөгжиж чаддаггүй вэ? БНХАУ-ын Хөх хотын Үндэсний их сургуульд эдийн засагч мэргэжлээр суралцаж байсан монгол оюутанд дээрх асуултыг багш нь тавихад тэрээр хариулж чадаагүй гэдэг. Харин багш оюутнуудад “Монгол Улсын сонгуулийн мөчлөг нь богино, түүнийг дагаж УИХ, Засгийн газрынх нь бодлого өөрчлөгддөг учраас хөгжил нь саардаг” гэх хариулт өгсөн байгаа юм. Хамгийн хачирхалтай нь, өмнөд хөрш Монголын талаарх энэхүү дүгнэлтээ бараг дөрвөн жилийн өмнө хэлсэн гэх юм билээ.

Тэгвэл УИХ Монгол Улсын Хөгжлийн бодлогыг урт хугацаанд тодорхойлсон, сонгуульд аль улс төрийн хүчин ялснаас үл хамаарч УИХ, Засгийн газар нь тогтвортой мөрдөж байх бодлогын баримт бичгийг боловсруулах түүхэн шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргалаа.

Энэхүү бодлогын баримт бичгийг санаачлагч нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Бакей, Д.Оюунхорол, Д.Батцогт нарын гишүүд юм. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахад УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга нар ахалж, Төрийн байгуулалтын байнгын хороо гол ноён нурууг нь барьж, бүх байнгын хороогоор хэлэлцэх үүргийг УИХ-ын дарга өгөөд байна. “Хөгжлийн бодлого”-ыг бүх байнгын хороогоор хэлэлцэх шийдвэрийг гаргасан нь УИХ-аас баталсан хууль, тогтоолын төслүүдтэй уях, аль салбарыг хөгжлийнхөө тэргүүлэх чиглэл болгон тодорхойлох вэ гэдгээ нэг мөр эрэмбэлэхэд оршжээ.

Мөн УИХ-ын даргын онцолсноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ухаалаг төр” бий болгох тухай зарчмыг энэхүү төсөлд улам гүнзгий агуулгаар суулгах ёстой болж байна. Тодруулж хэлбэл, том төрийг ухаалаг төр болгоход “Хөгжлийн бодлого”-д тусгах заалтууд чухал нөлөө үзүүлнэ гэсэн үг юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын тодорхойлсноор Монгол Улсын ДНБ-ий 20 хувь, аж үйлдвэрлэлийн 60 хувь, экспортын 90 орчим хувийг ашигт малтмалын салбар бүрдүүлж байгаа аж. Энэ нь тус салбар ойрын 10 жилдээ Монголын эдийн засгийн зүтгүүр хэвээр байх дүр зургийг илэрхийлж буй хэрэг. Гэхдээ уул уурхайгаас хэт хамааралтай байхын сөрөг талыг монголчууд дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын ханшийн уналттай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд хангалттай мэдэрсэн тул түүнээс хэрхэн зайлсхийж, бусад салбараа хөгжүүлэх вэ гэдэг том ухагдахууныг “Хөгжлийн бодлого”-д суулгах болж байна.

Бусад орны туршлагыг харахад улс орон бүр хөгжлийн хараагаа тодорхойлж түүндээ нийцсэн бодлого зорилтуудыг дэвшүүлж иржээ. Тухайлбал, Англи “Бүгдэд тэгш боломж”, Япон “Эрчимтэй хөгжлийн шинэ эрин 2030”, Ирланд “Тогтвортой өсөлт”, Хятад “Таатай нийгэм 2020”, Сингапур “Эрчимтэй хөгжиж буй глобал хот 2018”,  БНСУ “Эв эетэй итгэлтэй үндэстэн” гэх мэт хөгжлийн зорилтуудыг дэвшүүлсэн байна.

Тэгвэл С.Бямбацогт нарын гишүүд “Бодлоготой хөгжье” хөгжлийн бодлогыг дэвшүүлэн тавьжээ. Тус бодлого хэдэн оныг хүртэл тогтвортой мөрдөгдөх вэ гэдгийг төслийг боловсруулах шатанд тогтоно.

Хамгийн чухал нь энэхүү бодлогод одоо УИХ дахь улс төрийн хүчнүүд улс төрийн өнцгөөр хандах бус улс орныхоо хөгжлийг, ирээдүйг харж чадвал энэ УИХ-ын томоохон гавьяа болж үлдэх учиртай, урагшаа.

С.Дэмбэрэл: Тал талын оролцоог хангасан бодлого батлах нь зөв

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

Тогтвортой хөгжлийг хангаж ирсэн улс орнууд өндөр хөгжилд хүрдэг. Тийм учраас Хөгжлийн бодлогыг мэргэжлийн төвшинд боловсруулахын тулд, УИХ улсынхаа урт хугацааны хөгжлийг тодорхойлсон баримт бичгийг боловсруулж, баталж чаддаг юм аа гэдгийг батлан харуулсан, тал, талын оролцоог хангасан бодлогыг батлах нь маш зөв.

Ё.Отгонбаяр: УИХ үндсэн үүргээ биелүүлнэ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Хөгжлийн бодлогыг хамтарч гаргах нь нийцнэ. УИХ үндсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг. Гол нь зарчмуудаа зөвшилцөх ёстой. Монгол Улсад өнөөдөр хагас коммунист, хагас социалист харилцаа үйлчлээд байна. Үүнээс болж эдийн засагт төрийн оролцоо нэмэгдэж, төр улам данхайж байна. Сурагчийн дүрэмт хувцсыг төрийн компани нь үйлдвэрлэдэг боллоо. Тэгэхээр зарчмаа маш зөв тодорхойлох ёстой.

Ж.Батзандан: Монгол төр нэгдмэл хэлбэрээр ажиллах ёстой

Ж.Батзандан:-УИХ-аас бодлогын олон шийдвэр гаргадаг, хэрэгжилт нь ямар төвшинд байна вэ гэдгийг эргэж харж дүгнэдэг байх ёстой. Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай УИХ-ын  тогтоолын төсөл цаг үеэ олсон санал санаачлага. Харамсалтай нь, Засгийн газраас тогтоолын төсөлтэй холбогдуулан ирүүлсэн саналыг хараарай. Хоёрдугаар зүйлд нь УИХ Засгийн газарт чиглэл өгөөд байх шаардлагагүй шүү гэсэн өгүүлбэр бий. УИХ-д ямар реакци үзүүлж байгаа нь эндээс харагдана. Эдийн засгийн хөгжлийн яам бодлого боловсруулж байна гэсэн байгаа. Монгол төр нэгдмэл хэлбэрээр ажиллах ёстой, дэлхийн хөгжилтэй орнуудад энэ жишиг байдаг. Тийм учраас тогтоолыг дэмжиж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж