Хуульд өөрчлөлт оруулахаа больчихвол яасан юм гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Хуульд өөрчлөлт оруулахаа больчихвол яасан юм гэв

Нэг, нэг тойрог тойгло­чи­хоод, түүнийгээ алдчих вий гэхээс унтаж ч чадахгүй болчихоод буй УИХ-ын гишүү­дийг эрх мэдлийн хуваарилалт бас л “шаналгаж” эхлэв. Засгийн газрын гишүүний гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын ги­шүүн  байж болно гэсэн заал­тыг Үндсэн хуульд тусгах уу, үгүй юу гэдэг дээр гишүүд өчигдөр халуухан мэтгэлцлээ. Маргаан УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны үеэр гарсан юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл:-Уг нь Үндсэн хуульд байсан хуучин заалт Ерөнхий сайд огцрох асуудлыг түгжиж өгсөн байсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд огцрох гэж байгаа бол дараагийн Ерөн­хий сайдаа нэрлэх ёстой байсан. Харамсалтай нь, Үнд­сэн хуулийн энэ заалтыг ойлгоогүйгээс болж Засгийн газар дархлаагүй байна гэж ойлгоод УИХ-ын гишүүн бол­гож дархлах гээд байна. Эндээс харахад Засгийн газрын гишүүн байх эрхтэй УИХ-ын гишүүн эсвэл УИХ-ын гишүүн байх эрхтэй Засгийн газрын гишүүн гэж ялгадгийн учир юунд байна вэ гэсэн нэг асуулт гарч ирж байна. УИХ-ын гишүүдэд ч , Засгийн газрын гишүүдэд ч харилцан адилгүй ялгаварлал гарч ирнэ. Хоёрдугаарт,  УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн болдог болсноос хойш Засгийн газар тогтворгүй бол­сон. Шударга хэлэхэд, УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн болох гээд ээлжээ хүлээгээд суучихдаг болсон. Ингэснээр УИХ хууль тогтоох ажлаасаа хөндийрсөн.  Байнга нэгийгээ овоо хараанд авчихсан сууж бай­даг боллоо. Гуравдугаарт,  Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байх тохиолдолд хууль боловсруулах ажлаа сонир­хохгүй байна. Нэг үгээр хэлбэл, Засгийн газрын гишүүн болох сонирхолтой хүмүүс УИХ-д их орж ирж байна. Төр олигархагжсан гэж үүнийг л хэлнэ. Ийм Засгийн газрын гишүүн  УИХ-ын чуулган, байн­гын хороо, ажлын хэсгийн хуралдаанд ирдэг ч үгүй, со­нирх­­дог ч үгүй. 

Хуульч С.Нарангэрэл: -Зас­­­­­­­гийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болох уу гэдэг асуудлыг ярих юм бол 1999 оны нэмэлт өөрчлөлтийг л хүчингүй болгочиход  болно. Засгийн газ­рын хуулиар болж байсан юм. Ингээд цэгцрэх юм биш үү.

Хуульч Б.Чимид: -Уг нь пар­ла­­ментын гишүүн нь, Зас­­гийн газрын гүйцэтгэх албаны ажилтай болон аливаа мэргэжлийн үйл ажиллагаатай хавсармал байж болохгүй гэсэн зарчим байдаг. Гэтэл манай гишүүд Засгийн газрын гишүүн болж л байдаг, олимпийн хороо­ны дарга ч давхар болдог болов. Ийм хүн УИХ-ын хуралдаанд оролцсон болж, баталсан хуу­лиа ч мэддэггүй болсон. Ийм байж болохгүй. Гуравны нэг гэдэг байж болох юм гэж бодъё. Гэхдээ асуудал байна. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна гэдгийг улс төрийн  агуул­гыг нь бодсон хүн байна уу. Манайд бичигдээгүй хууль үйл­чилдэг болсон. Парламентад олон­хи болсон намын дарга нь Ерөнхий сайд болж байна. Манай парламентад нэг намын дарга нь бүлгээ командлаад, бусад намаа командлах болж байна. Парламентад дөрвөн намын дарга сууж байхад нэг нь илүү эрх мэдэлтэй болж байна.  Хамгийн амархан гарц бол С.Нарангэрэлийн хэлж байгаа санал.

УИХ-ын Төрийн байгуу­лал­тын байнгын хорооныд дарга Ж.Сүхбаатар: -Яагаад гу­рав­ны нэг гэж заасныг то­дотгоё. Хуучнаараа байж бо­лох байсан. Гэтэл бид пропо­рциональ тогтолцоо ярьж байгаа. Хосолмол тогтолцоо ярьж байгаа. Хэн Ерөнхий сайд болох вэ. Хэн эрүүл мэндийн асуудлыг парламентын гишүүдтэй холбож өгөх вэ гэ­дэг чинь  пропорциональ, хо­сол­­мол болгоод ирэхээр хүс­сэн хүсээгүй гараад ирнэ. Парламентын гаднаас Засгийн газрын гишүүнийг тавина гэхэд болно л доо. Тэр нь намаа дугуйлчих юм чинь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болонгуут сулраад,  оронд нь доод хүмүүсийг тавиад явж болох байх. Гэхдээ УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохыг бүрэн үгүйсгэж болохгүй. Энэ заалт Засгийн газрын гишүүн байж болох бас нөгөө талдаа байхгүй ч байж болох уян хатан заалт байгаа юм. Ер нь УИХ-ын гишүүн биш Ерөнхий сайд,  кабинеттэй болбол тогтворгүй байдал үүсгэнэ.  Тогтвортой болгох гэж байна гээд харин ч эсрэг зүйл болох юм гэв.

Гэвч хуралдаанд оролцсон хуульч Б.Чимид дээрх асуу­дал­тай холбоотойгоор Ер нь Үнд­сэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаа энэ удаад УИХ больчихвол яасан юм бэ гэсэн санал ч гаргалаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан аж­лын хэсгийнхэнд олон са­нал ирж  буй аж. Түүн до­тор нь Улаанбаатар хотын дүүр­гийн хороодын хэсгийн ахлагч нарыг улстөрийн албан тушаалд оруулах гэсэн санал ч багтах болсон. Хэвлэлүүд ч өдөр алгасалгүй энэ тухай бичиж, хүлээлт үүсгэх болсон. Чухамдаа Үндсэн хуульд өөрч­лөлт оруулна гэдэг хэдэн хүн сууж байгаад шийддэг асуу­дал биш, хуулийг заалт бүрээр нь, таслал бүрээр нь нарийвчлан үзэж, ажиллах ёстой. УИХ-ын сонгууль дөх­чихлөө гэдэг байдлаар хам хум шийдэж болохгүй” гэдгийг ч анхааруулаад авлаа. Дээрх саналыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж ч дэмжиж байв.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж