
Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл:-Уг нь Үндсэн хуульд байсан хуучин заалт Ерөнхий сайд огцрох асуудлыг түгжиж өгсөн байсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд огцрох гэж байгаа бол дараагийн Ерөнхий сайдаа нэрлэх ёстой байсан. Харамсалтай нь, Үндсэн хуулийн энэ заалтыг ойлгоогүйгээс болж Засгийн газар дархлаагүй байна гэж ойлгоод УИХ-ын гишүүн болгож дархлах гээд байна. Эндээс харахад Засгийн газрын гишүүн байх эрхтэй УИХ-ын гишүүн эсвэл УИХ-ын гишүүн байх эрхтэй Засгийн газрын гишүүн гэж ялгадгийн учир юунд байна вэ гэсэн нэг асуулт гарч ирж байна. УИХ-ын гишүүдэд ч , Засгийн газрын гишүүдэд ч харилцан адилгүй ялгаварлал гарч ирнэ. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн болдог болсноос хойш Засгийн газар тогтворгүй болсон. Шударга хэлэхэд, УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн болох гээд ээлжээ хүлээгээд суучихдаг болсон. Ингэснээр УИХ хууль тогтоох ажлаасаа хөндийрсөн. Байнга нэгийгээ овоо хараанд авчихсан сууж байдаг боллоо. Гуравдугаарт, Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байх тохиолдолд хууль боловсруулах ажлаа сонирхохгүй байна. Нэг үгээр хэлбэл, Засгийн газрын гишүүн болох сонирхолтой хүмүүс УИХ-д их орж ирж байна. Төр олигархагжсан гэж үүнийг л хэлнэ. Ийм Засгийн газрын гишүүн УИХ-ын чуулган, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд ирдэг ч үгүй, сонирхдог ч үгүй.
Хуульч С.Нарангэрэл: -Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болох уу гэдэг асуудлыг ярих юм бол 1999 оны нэмэлт өөрчлөлтийг л хүчингүй болгочиход болно. Засгийн газрын хуулиар болж байсан юм. Ингээд цэгцрэх юм биш үү.
Хуульч Б.Чимид: -Уг нь парламентын гишүүн нь, Засгийн газрын гүйцэтгэх албаны ажилтай болон аливаа мэргэжлийн үйл ажиллагаатай хавсармал байж болохгүй гэсэн зарчим байдаг. Гэтэл манай гишүүд Засгийн газрын гишүүн болж л байдаг, олимпийн хорооны дарга ч давхар болдог болов. Ийм хүн УИХ-ын хуралдаанд оролцсон болж, баталсан хуулиа ч мэддэггүй болсон. Ийм байж болохгүй. Гуравны нэг гэдэг байж болох юм гэж бодъё. Гэхдээ асуудал байна. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна гэдгийг улс төрийн агуулгыг нь бодсон хүн байна уу. Манайд бичигдээгүй хууль үйлчилдэг болсон. Парламентад олонхи болсон намын дарга нь Ерөнхий сайд болж байна. Манай парламентад нэг намын дарга нь бүлгээ командлаад, бусад намаа командлах болж байна. Парламентад дөрвөн намын дарга сууж байхад нэг нь илүү эрх мэдэлтэй болж байна. Хамгийн амархан гарц бол С.Нарангэрэлийн хэлж байгаа санал.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооныд дарга Ж.Сүхбаатар: -Яагаад гуравны нэг гэж заасныг тодотгоё. Хуучнаараа байж болох байсан. Гэтэл бид пропорциональ тогтолцоо ярьж байгаа. Хосолмол тогтолцоо ярьж байгаа. Хэн Ерөнхий сайд болох вэ. Хэн эрүүл мэндийн асуудлыг парламентын гишүүдтэй холбож өгөх вэ гэдэг чинь пропорциональ, хосолмол болгоод ирэхээр хүссэн хүсээгүй гараад ирнэ. Парламентын гаднаас Засгийн газрын гишүүнийг тавина гэхэд болно л доо. Тэр нь намаа дугуйлчих юм чинь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болонгуут сулраад, оронд нь доод хүмүүсийг тавиад явж болох байх. Гэхдээ УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохыг бүрэн үгүйсгэж болохгүй. Энэ заалт Засгийн газрын гишүүн байж болох бас нөгөө талдаа байхгүй ч байж болох уян хатан заалт байгаа юм. Ер нь УИХ-ын гишүүн биш Ерөнхий сайд, кабинеттэй болбол тогтворгүй байдал үүсгэнэ. Тогтвортой болгох гэж байна гээд харин ч эсрэг зүйл болох юм гэв.
Гэвч хуралдаанд оролцсон хуульч Б.Чимид дээрх асуудалтай холбоотойгоор Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаа энэ удаад УИХ больчихвол яасан юм бэ гэсэн санал ч гаргалаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэнд олон санал ирж буй аж. Түүн дотор нь Улаанбаатар хотын дүүргийн хороодын хэсгийн ахлагч нарыг улстөрийн албан тушаалд оруулах гэсэн санал ч багтах болсон. Хэвлэлүүд ч өдөр алгасалгүй энэ тухай бичиж, хүлээлт үүсгэх болсон. Чухамдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг хэдэн хүн сууж байгаад шийддэг асуудал биш, хуулийг заалт бүрээр нь, таслал бүрээр нь нарийвчлан үзэж, ажиллах ёстой. УИХ-ын сонгууль дөхчихлөө гэдэг байдлаар хам хум шийдэж болохгүй” гэдгийг ч анхааруулаад авлаа. Дээрх саналыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж ч дэмжиж байв.