Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Тэнэглэлээ больё

…Хайлсан цас шавхай болж гуталд наалдан заваарах Парисийн гудамжаар санваартнуудын цуваа хөвөрч, найрал дуу уянгална.  Ид шидтэнг цаазаар авахын тулд Гревийн талбай дээр амьдаар нь шатаахыг үзэхээр гүйлдэх хүмүүсийн хөлд Анжелика дайруулахаа шахав.

Тулузын гүн, Ленгедокийн агуу хазгар де Пейрак бол чөтгөр шулам, ховсдогч. Ид шидийн хүчээр эд хөрөнгөө зузаатгасан нэгэн. Ердийн металлыг алт болгон хувиргах чадвартай. Гадаадын сэжигтэй буруу номтнуудыг хүлээн авч, хилийн чанадаас ирсэн хориотой ном зохиол ашигладаг, эмэгтэйчүүдийн сэтгэлийг татах чадвартай  гэх мэтчилэнгээр тухайн нийгэмдээ адлагдсан нэгэн эр, түүний үзэсгэлэнт эхнэрийн тухай өгүүлдэг.  Шашин хоорондын мөргөлдөөнөөс хар багаасаа зовлон туулж, хазгар доголон болж хоцорсон тэрбээр байгаль эхээс заяасан оюун ухаан, хөдөлмөрч зангаараа баяжсан нь эзэн хаан болоод шадар туслахууд, лам нар, ард түмний дургүйг хүргэжээ. Тэр бүхнээс илүү баяжаад байдаг. Гэтэл бусад нь гуйланчлалд зэвэрч, өлөн зэлмүүхэн амьдраад байдаг. Тиймээс ямар ч хамаагүй шалтгаанаар түүнийг алах нь чухал байлаа.1660-аад оны нийгмийн бурангуй ёс, хүний мөн чанарыг хөндсөн "Үзэсгэлэнт Анжелика" номын гол сэдэв нь энэ.

2011 он. Улаанбаатар хот. Их жанжины талбай. “Би ардчилал байгуулж явсан хүн. Шинэ төр байгуулах шиг амархан юм байхгүй. Энэ олигархиудыг  буудаж байгаад ч хамаагүй буулгана” хэмээн хашгирах Д.Нинж, түүний үгийг алга ташин хөөргөх хөгшид, оюутнууд.  Их хуралдайн төлөөлөгчид 15 олигархийн нэрсийг гаргажээ. Түүнийгээ “Арван таван толгойтой атгаалжин хар мангас” хэмээн нэрлээд зураг плакат хүртэл хэвлүүлжээ. Харин ямар үндэслэл, ямар баримт нотолгоогоор эдгээр олигархийг тодруулснаа Их хуралдайн зохион байгуулагчид өөрсдөө ч тайлбарлаж чадсангүй. Зүгээр л “ард түмэн” тэгж хүссэн гэнэ. Тэгээд тэдний дансыг хааж шалгах, хил гаалиар нэвтрүүлэхгүй байх шаардлагыг ч бас хуулийн байгууллагуудад тавих гэнэ. Гэвч хэн нэгнийг яллах, буруутгахын тулд тулд хэн нэгэнд заавал нотлох баримт байх хэрэгтэй. Тэр тусмаа өнөөгийн соёлт ертөнц, хуль ёст нийгэмд бол нотлох баримтгүйгээр хэн нэгнийг гүтгэх, гүжирдэх, нэр төрд нь халдах нь эргээд хуулинд харшилна гэдгийг Их хуралдайг зохион байгуулсан эрхмүүд мэдэхгүй гэвэл алдас болох байх.

Олигархи гэж хэн юм бэ. Төрийн эрх мэдэл, албан тушаалыг ашиглаж хувьдаа баялаг хуримтлуулсан буюу хууль бусаар баяжсан нөхдүүдийг хэлдэг гэсэн там тум ойлголттой. Шийдвэр гаргах түвшинд хуруу хумсаа сайтар шигтгэж аваад, түүгээрээ дамжуулан хөрөнгөө улам зузаатгаж, хууль цааз, эрх мэдлийг өөрсдийн эрх ашгийн тулд хийдэг улс төр, эдийн засгийн бүлэглэл гэх юм уу даа. Тэгэхээр тэднээс ангижрах, төрийн эрх мэдлээс хол байлгахын тулд хуулиа өөрчлөх, хяналтын механизмаа сайжруулах хэрэгтэй болж байна. Төрийн эрх мэдлээр хувийн эрх ашгаа хамгаалж байна уу, эсвэл нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж байна уу гэдэгт нь хяналт тавина гэсэн үг. Түүнээс биш дөрвөн зууны өмнөх шиг тууж авчраад шатаачих ч юм уу, дүүжилчихэж болохгүй. Ингэвэл хүнийг төрлөөр нь устгах гэмт хэрэг буюу “геноцид” гэж үнэлэгдэх болно. Тиймээс буруутгахын тулд нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, шүүх хурал энэ тэр байх ёстой. Гэтэл “Их хуралдай”-н зүгээс хуулиас гадуур шүүх хурал, хуулиас гадуур яллагаа, хуулиас дээгүүр шударга ёсны тухай яриа сүүлийн үед ихээхэн гараад байгаа. УИХ-ын гишүүн /Ц.Шинэбаяр гэдэг билүү. Өмнөх гурван жил УИХ-д суухдаа өөрийгөө таниулж чадаагүй тэр нөхөр Сүхбаатарын талбайд гарч ирснээсээ хойш жинхэнэ “од” болж байна/ хүртэл “Хууль шийдэж чадахгүй бол бид шийднэ” гэж ярихыг сонсохоос жихүүдэс хүрмээр.

Үүний хажуугаар “мөнгөтэй л бол олигархи, ард түмний дайсан” гэсэн ойлголт нийгмийн нэлээд хэсэгт байгаа нь энэ цуглаан жагсаалын үеэр анзаарагдаж, түүнд нь дөрөөлж өөрсдийн улс төрийн зорилгоо гүйцэлдүүлэх гэсэн хүмүүс энэ туйлшралыг улам ихээр дэвэргэж, өдөөж байгаа нь бүр ч их айдас төрүүлсэн зүйл болоод байна. Талх үйлдвэрлэж, тариа тарьж, гутал хийж, цамц оёж, магадгүй алт ухаж, архи үйлдвэрлэж баяжсан нэгнээ олигархиар тодруулж, буудан алахаас буцахгүй байгаа монголчууд бид хэддүгээр зуунд амьдарч байгаагаа мартжээ.  Энэ чинь хүн, түүний бүтээсэн баялгийг дээдлэгч, хувийн өмчийг хуулиар хамгаалж, зах зээлийн эдийн засгийг замналаа болгосон XXI зуун. Хэн нэг нь баялаг бүтээснийхээ төлөө  аль тэртээ XVI зууныхан шиг чөтгөр шулмаар дуудуулж, амьдаараа шатаалгах ёстой гэж үү. Тэгвэл энэ улсын төсвийг хэн бүрдүүлж, хэн ядуусын хоолыг нь бэлтгэх вэ. Баялаг бүтээгчдийн хурааж хуримтлуулсны татаасаар оюутнууд төлбөрөө төлүүлж, автобусанд үнэгүй зорчиж, хөгшид тэтгэвэр хүртэж, тэднээс шууд биш ч дам хамааралтай амьдарч байгаагаа ухаардаггүй нь гачлантай. Гар хөдөлбөл, ам тостоно гэх  мөртлөө монголчууд сайн яваадаа дургүй.  Өөрөөс нь үнэтэй тамхи татаж, ганган машин унаж, гоё харшид амьдрах нэгэндээ бүр ч дургүй. Гэтэл үнэндээ тэд байгалиас заяасан оюун ухаанаа бусдаас илүү ашиглаж, эцэс цуцашгүйгээр ажилласан хөдөлмөрийнхөө үр шимийг л хүртэж байгаа хэрэг шүү дээ. Хэн илүү сэтгэж, хэн ажиллаж чадна тэр хэмжээгээрээ сайхан амьдрах нь энэ нийгмийн зарчим. Тэгж ажиллаж чадахгүй бол ганган машин, хээнцэр амьдралыг горьдоод ч хэрэггүй.

Ч.Лодойдамба гуайн “Тунгалан Тамир” зохиолын Итгэлт баяныг монголчууд андахгүй. Тамирын голын мөсийг долоох шахан байж хөрөнгөжсөн түүний хөрөнгийг Ардын засаг хураан авч ядууст түгээдэг. Харин  ядуус тэр хөрөнгөөр нь дураараа дургиж, дунд чөмгөөрөө жаргаж байгааг нь Итгэлт хараад халагладаг хэсэг гардаг даа. Тэгэхээр “хязгааргүй “хэмээн нэрлэдэг хэмжигдэхүүний нэгжийн амьд жишээ нь хүний тэнэглэл гэдэг. Хэрэв тийм бол энэ тэнэглэлээ одоо зогсооцгооё. Эсвэл баялаг бүтээгчдээ хотынхоо талбайд бөөнөөр нь тууж авчраад шатаачихвал илүү хялбар ч юм уу.

Ж.ЭРХЭС
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж