
Анод банкны хувьцаа эзэмшигчдийн мөнгийг хувьдаа завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан тус ТУЗ-ын гишүүн Н.Даваа, Э.Гүр-Аранз, Ө.Энхтөр нарыг уржигдар Баян-Зүрх дүүргийн шүүхийн шийдвэрээр цагдан хорих арга хэмжээ авсан. Уг мэдээлэл тархсаны дараа “Гал үндэстэн холбоо”-ныхон мэдэгдэхдээ “Анодын Н.Давааг жагсаал цуглаантай холбогдуулан баривчиллаа. Учир нь тэрбээр “Гал Үндэстэн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн тул цагдаагийнхан албадан саатуулсан нь бидний үйл ажиллагааг санаатай таслан зогсоох гэсэн үйлдэл. Тиймээс бид Н.Давааг суллах болтол тэмцлийн бүх хэлбэрийг сонгоно” гэсэн юм. Харин албаны эх сурвалжууд “Анод банкны 1200 хувьцаа, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг завшиж бусдад оны их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Даваа нарыг мөрдөн байцаагчийн хүсэлтээр шүүхийн тогтоол гаргаж саатуулсан нь үнэн. Тэднийг жагсаал цуглаантай холбогдуулан баривчилсан гэх мэдээлэл ор үндэслэлгүй. Харин саатуулах болсон үндэслэл нь Улсын мөрдөн байцаах газраас тэдэнд үүсгэсэн Эрүүгийн хуулийн 148.4, 156.3, 153.3 гэсэн зүйлчлэлтэй хэргийг тун удахгүй шүүхэд шилжүүлэх гэж байгаатай холбоотой” гэв. Яллагдагчаар татагдахын өмнө тэднийг УМБГ-аас барьцаагаар батлан даалтад гаргаж байжээ. Мөн зарим эх сурвалжийн хэлэхээр уг хэрэгт сэжигтээр татагдсан Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Д.Баярсайхан нарыг ч шаардлага гарвал цагдан хорих юм байна. Уг хэргийн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа энэ сард дуусгавар болох бөгөөд тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхантай хамтран ажилласан тус хорооны гишүүд болох Б.Шаравсамбуу, Д.Дүгэржав нарыг нэмж шалгаж буй гэнэ. Анод банкны удирдлагуудад банкны байгууллагын ажилтан шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчин бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгажээ. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нар Анод банкнаас хуурамч IPO гаргахад хяналт тавиагүй, тус банкны удирдлагуудтай хуйвалдан бусдад их хэмжээний хохирол учруулахад нөлөөлсөн болохыг нь мөрдөн байцаагчид тогтоожээ. Он дамжин шалгагдаж төрийн өндөр дээд албан тушаалтнууд ч холбогдсон олон арван хохирогчтой Анод банкны хэргийг энэ сард багтаан шүүх рүү шилжүүлнэ гэдгийг ч УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Х.Доржсүрэн хэлж буй. Мөн яллагдагчаар татагдсан Н.Даваа нарын өмгөөлөгч нар Баян-Зүрх дүүргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргасан байна.
Н.ТҮВШИН