“Шасу” төвөөс өнгөрсөн арван нэгдүгээр сард “Цахим болор цом” зарласан билээ. Зарлаад дөнгөж сар гаруй болж буй фэйсвүүкийн “Цахим болор цом”-д хориод хүний жар гаруй шүлэг ирээд байна. Цахим болор цом олон талын боломжийг яруу найрагчдад олгож байгаа юм. Тайзан дээр залуу хүн гарч унших нь илүү зохимжтой байдаг бол энэ цахим наадамд насны хязгаар байхгүй түүнээс гадна ертөнцийн аль ч орноос оролцож болно. Түүний жишээ нь Торонто хотоос ирсэн шүлэг юм. Энэ жилийн “Алтан өд” шагнал хүртсэн яруу найрагч Баяр, мөн олны танил яруу найрагч Доржсэмбэ, Торой, Э.Гантулга, залуу найрагч Ж.Оюун-Эрдэнэ, А.Цолмонтуяа, А.Энх-Үйлс, Б.Сайханжаргал, Х.Батболд, З.Баянзул, Ж.Хүрэлбаатар, Х.Алтанцэцэг, Г.Содномдорж, Б.Хишигням гээд олон найрагчийн шүлэг ирээд байна. Цахим болор цом 30 хүртэл шүлэг авч, оны босгон дээр оны шүлгийг нэрлэх юм.