
Үндэсний хорооны эхний ажил хязгаарлалтын бүс тогтоох байсан бөгөөд нийслэлийн зургаан дүүргийн 50 хороог хязгаарлав. Хязгаарлалтын бүсэд багтсан өрхүүдээс 11 мянга нь түүхий нүүрс түлэхгүй, 70 мянга гаруй өрх утаа бага гаргадаг, бүрэн шаталттай зуух, боловсруулсан түлш хэрэглэх юм байна. Тиймээс 2,8 тэрбум төгрөгийг кокс, үртсэн түлш үйлдвэрлэхэд, 7,1 тэрбумыг гэрийн дуулаалгад, 1.4 тэрбумыг сайжруулсан гэрийн зууханд зарцуулах юм байна. Харин Байгаль орчин аялал жуулчлалын яамны “Цэвэр агаар” сангаас нийт хоёр тэрбум төгрөгийг утаатай тэмцэхээр төсөвлсөн гэж БОАЖЯ-ны сайд Л.Гансүх хэллээ. Дүүрэг, ИТХ-ын дарга нар болон нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд санал бодлоо солилцож, утаатай дулааны улиралд ч тэмцэх нь цагаа олсон ажил гэдгийг сайд онцолсон.
Дүүргийн Засаг дарга нарыг төлөөлж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Утааны асуудлыг яриад шийдэж болно. Холбогдох арга хэмжээг бид дэмжиж ажиллаж байгаа. Үүний зэрэгцээ хөрсний бохирдлыг ярих хэрэгтэй. Утаагүй болоод дараа нь дахин хөрсний асуудал гэж ярих болно. Чингэлтэй дүүрэг гэхэд хойд талаараа хөрсний бохирдолд орсон байна. Тиймээс утаа, хөрсний бохирдол хоёрыг цуг ярих хэрэгтэй байна” гэлээ. Харин УИХ-ын гишүүн З.Алтай “Утааг олон жил ярьсан. Холбогдох яамдууд нь утааг арилгах талаар ямар ч ажил хийхгүй байна. Хийе ч гэсэн сэтгэл алга. Ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийн ажлыг хийж чаддагт нь өгөх хэрэгтэй. Үгүй бол ирэх жил ч бас ийм зүйл яриад л утаатайгаа өвөлтэй золгоно. Засгийн газар хийх ёстой ажлаа хийхгүй байна. Өөрсдөө хийх биш, гадаадын тусламжийн байгууллагын гар хараад суугаад байна. Дэлхийн банк мөнгө өгнө, Мянганы сорилтын сан зуух өгнө гээд л суугаад байдаг. “Мөнгө нь байна, ажлаа хий” гэхээр “хийж чадахгүй” гэсэн тайлбар өгөөд сууж байдаг” гэлээ. Тэр энэ далимд Засгийн газрыг огцруулах саналаа ч сэм хэлээд амжсан. Энэ мэт “чи, би”, “Засгийн газар, Сангийн яам ажлаа хийхгүй байна” гэсэн шалтаг, шалтгаан тоочиж, бие бие рүүгээ түлхэлцсээр хоёр цагийн хэлэлцүүлэг өндөрлөв.
Эцэст нь ирэх өвөл утааг 50 хувь багасгасан байхын тулд бүгд хамтран ажиллаж, Сангийн яам тухай бүрт нь хөрөнгө мөнгийг нь шийдэж, V цахилгаан станцыг ашиглалтанд оруулж, VI цахилгаан станцыг барих төлөвлөгөөг гаргах гэх мэтээр хамтран ажиллахаар боллоо. Ямартаа ч Ерөнхийлөгчийн санаачилсан энэ ажил үр дүнтэй байх үгүйг ирэх өвөл шалгах болов уу.
Ерөнхийлөгч хэлэлцүүлэгийг хааж хэлсэн үгэндээ “Сүүлийн таван жилд нийслэлд 470 мянган хүн буюу зургаан аймгийн иргэдтэй тэнцэх тооны хүн шилжин иржээ. Нийслэл төлөвлөлтөөсөө хоёр дахин их хүнтэй болж, даац хэтэрсэн. Хүн амын тоо хэтэрснээр агаар, ус, хөрс гээд бүх зүйлийн даац мөн адил хэтэрлээ. Улаанбатарын иргэд экологийн сүйрэл дунд амьдарч байна. Үүнээс салахын тулд иргэд, төр засаг нь ч хамтарч ажиллах хэрэгтэй байна. Ажлын эхлэл амжилттай явж байгаад сайшаалтай байна. Утааны тухай бид 21 жил ярьсны дараа одоо ажил болгож байна. Цаашид хүн бүр өөрсдийн хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ хандахад бид ирэх өвөл утааг 50 биш гэхэд 40 хувь багасгах болно” гэлээ. Мөн тэрээр утаагүй болохын тулд бид гэр хорооллыг барилгажуулж, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, нийслэлийн дагавар хотуудыг байгуулах, хөдөөгийн дэд бүтцийг хөгжүүлж иргэдийг хотоос аймаг руу шилждэг болгох, шилжсэн тохиолдолд төр ажлын байраар хангаж, мөнгийг нь шийддэг байхыг сануулсан. Түүнчлэн хотын төвд газар олгох зөвшөөрлийг бүрмөсөн зогсоож, Багануур, Налайх, Багахангай зэрэг захын дүүрэгт газрын зөвшөөрөл олгохыг анхаарууллаа.
Төгсгөлд нь утаа хариуцаж байгаа дарга, албан тушаалтан энэ зун амрахгүй, ирэх есдүгээр сард бүх ажил бэлэн болсон байх ёстой гэдгийг хотын удирдлага, БОАЖЯ зэрэг утаа хариуцаж буй нэгжүүдийн дарга нарт сануулснаар хэлэлцүүлэг өндөрлөв.