
Энэ онд улсын хэмжээнд 281.2 мянган га-д үр тариа, түүнээс 276.5 мянган га-д улаан буудай тариалахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас төлөвлөөд байгаа гэнэ. Урьдчилсан тооцоогоор ургац хураалтын үр дүнд улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг хангана гэсэн зорилт тавьж байгаагаа албаны хүмүүс дуулгасан. Тэдний хэлснээр сүүлийн жилүүдэд газар тариалангийн ажил нэлээд эрчимжиж байгаа гэнэ. Энэ нь “Атарын III аян” үр шим юм байх. Аяны хүрээнд газар тариалангийн салбарт техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чадсан гэх дүгнэлтийг салбарын яамны мэргэжилтнүүд өгсөн. Зүтгэх хүчний тракторын 80, ургац хураах техникийн 65 орчим хувийг өнгөрсөн жил шинэчилж чаджээ. Ингэснээр газар тариалангийн ажлын үр өгөөж сайжирсан бололтой. 2010 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 366.3 мянган тонн үр тариа, үүнээс 344.5 мянган тонн буудай, 5000 тонн арвай, 3.1 мянган овъёос, 538 тонн хөх тариа, 12.9 мянган тонн тосны ургамал, 205 тонн гурвалжин будаа, 169.0 мянган тонн төмс, 90.3 мянган тонн хүнсний ногоо, 38.9 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авч жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100.0 хувь, хүнсний ногооны 53.7 хувийг дотоодын ургацаас хангасан байна.
Газар тариалангийн нөр их ажил эхлэх цагаар шатахууны үнийг импортлогчид өсгөсөн нь тариаланчдад багагүй хүндрэл учруулж болзошгүй юм. Он гарсаар хоёр ч удаа шатахууны үнийг нэмсэн. Эхний удаад 30-120 төгрөгөөр, энэ удаад литр тутамд 80 төгрөгөөр шатахууны үнийг өсгөөд байгаа. Бөөн мөнгө газрын хөрсөнд булж, түүнийгээ өсгөхийн төлөө цаг завгүй ажиллах тариаланчдын хувьд шатахууны үнийн энэ өсөлт багагүй дарамт болох нь дамжиггүй.
Газар тариалангийн ажилд зориулан 17 мянган тонн шатахууныг өнөөдрийн байдлаар нөөцлөөд байгаа гэнэ. Шатахууны нөөцийн хувьд газар тариалангийн ажил дуустал хангалттай хүрэлцэж чадна хэмээн салбарын яамнаас мэдэгдэж байна. Техник хэрэгслийн хувьд ямар нэгэн асуудал гарахгүй гэдгийг ч тус яамны мэргэжилтнүүд онцолсон. Учир нь бага хувийн зээлээр газар тариаланчдынхаа “зэр зэвсэг”-ийг шинэчлэх талаар салбарын яамнаас багагүй анхаарал тавьсан гэнэ. 2011 оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс улаан буудайн 5100 тонн үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд худалдаж, борлуулалтын орлогоор нь энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэхээр болжээ. Улаан буудайн нэг тонн үрийг 560 мянган төгрөгөөр худалдах гэнэ .Тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвөөр бол эхний 10 хоногтоо цаг агаар нэлээд тавгүй байх бололтой. Харин дундах 10 хоногоос цаг агаар дулаарч эхлэх төлөвтэй байгаа ажээ. Бүтэн жил харвасан сум шиг өнгөрч ийнхүү “мөнгө” тарих цаг хэдийнэ хаяанд ирчихжээ.