Түүхий хуулиуд машиндахаа больё

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Түүхий хуулиуд машиндахаа больё

Түүхий хуулиуд машиндахаа больё

УИХ-ын Нийгмийн бодлого, бо­ловс­рол, соёл, шинжлэх ухааны байн­гын хороо хуралдлаа. Түүгээр Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэл­цүүлэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Говийн болон алс­лагдсан сумдыг тогтоох тухай тог­тоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөв­лөсөн юм.

Гэвч Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэхээс завсарлага авсан Ардчилсан намын бүлгийн шийдвэр хэвээр байгааг энэ үеэр эрхэм гишүүн П.Алтангэрэл хэллээ. Тус бүлгийн ги­шүүд Ерөнхий сайдад уг асуудлаар бичиг явуулсан, түүнийхээ хариуг хү­лээж буй аж. Хэдийгээр намын бүлэг завсарлага авах асуудлыг бүлгийн дарга, дэд дарга мэддэг ч өмнө нь шийдсэн асуудал тул байнгын хорооны дарга Д.Очирбат түүнийг хүлээн ав­лаа. Ингээд дараагийн асуудал руу шилжсэн юм. Үүний дараа Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Төсөлд эмч, эмнэлгийн ажилтан албан үүр­гээ гүйцэтгэж явах үедээ бусдад дарамт­луулах, доромжлуулах зэрэг асуудал үүсдэг. Энэ тохиолдолд дарамт, занал­хийлэл учруулсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тусгажээ. Үүнийг Эрүүл мэндийн тухай хуулиар бус Эрүүгийн хууль, бусад хуулиар зохи­цуулах ёстой гэсэн саналыг ги­шүүн З.Алтай, Л.Гүндалай нар гар­гав. Харин байнгын хороны дарга Д.Очирбат ийм зохицуулалт Эрүүл мэндийн тиухай хуульд заавал байх ёстой гээд Л.Гүндалай гишүүнийг эмч хүн байж эмч нарынхаа эсрэг санал гаргалаа хэмээн “чимхэв”.

Түргэн тусламж дуудсан залуу эмчийг дагуулж  явах замдаа хүчир­хийл­сэн, сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн эмчилж байсан эмчээ жил га­руй дарамталсан. Эмч хуулийн байгуул­лагад хандсан ч цагдаа, шүүхийнхэн холбогдох хуульд заасан асуудал хэмээн тоомсорлохгүй байсаар жилийн дараа өвчтөнийхөө гарт эмч амиа алдсан хэ­рэг хэдэн жилийн өмнө Толгойтод гарсан зэргийг энэ үеэр жишээ татаж байсан юм. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг Иргэний эрүүл мэндийн даатгал хариуцсан байгууллага, уг асууд­лыг хариуцсан Засгийн газрын гишүүн хариуцна гэсэн заалт бас л шүүмжлэл дагуулав. “Байгууллага гэ­сэн эзэн биегүй зүйл сайдтай тэнцэнэ гэж юу байсан юм” хэмээн гишүүд маргалдсан. Хэлэлцсэний эцэст иргэний эрүүл мэндийн даатгал хариуцсан байгуул­лагын дарга гэж оруулахыг дэмжлээ. Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахыг гишүүд дэмжсэний дараа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай, Эрүүл мэндийн тухай хульд өөрчлөлт оруулах, Говийн болон алслагдсан сумдыг тогтоох тухай тог­тоолын төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр алслагдсан болоод говийн сум­дыг ямар шалгуураар тогтоосон нь гишүүдийн дунд мөн л эргэлзээ үүсгэв. Тухайлбал, Ц.Дашдорж гишүүн Говь-Алтай аймгийн наад сумд алслагдсан сумын тоонд багтсан байхад цаад сумд ороогүй байгаад гайхаж байв.

Алслагдсан сумын тоонд Баян-Өлгий, Ховд, Увс зэрэг холын айм­гийн, говийн суманд Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь гээд нэлээд аймгийн зарим сумыг багтаажээ. Байгаль цаг уурын нөхцөл, нийслэлээс алслагдсан байдал зэрэг найман үзүүлэлтээр сумдыг сонгосон аж. Тэдгээр сумдын төрийн албан хааг­чид, багш, эмч нарт тодорхой хөнгөлөлт үзүүлэх, цалинг 20 хувиар нэмэгдүүлэх, таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урам­шуулал олгох зэрэг нэмэгдэл урам­шуулал олгож байх аж. Гэхдээ Л.Гүндалай гишүүний хэлснээр нийт багш ч биш зөвхөн дунд сургуулийн захирал, сургалтын менежер зэрэг арай “эвэртэй, туурайтай” нь хөнгөлөлт эдлэх бололтой. Үүнд гишүүн Л.Гүндалай ундууцаж ер нь аливаа хуулийн төслийг тогтож хэлэлцдэггүй, түргэн түүхий хууль машиндаж гарган бантан хийж буйг анхааруулан шүүмжиллээ.

Д.Одбаяр гишүүн хил орчмын алс­лагдсан арваад сум хөрш орнуудаас эр­чим хүч импортлодог. Тус сумын иргэд хилийн бүсд хамаардгаараа газар хувьчлах эрхгүй. Бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр. Тэднийг импортын цахилгааны НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх боломж байна уу гэсэн санал гаргаж байв. Сумдын тоо, жагсаалтад өөрчлөлт оруулах, нэмж хасах бо­ломж­тойг ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт хэлж байлаа. Тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахыг гишүүд дэмжсэнээр хурал­даан өндөрлөлөө.

Д.ОЮУН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж