Цэцийн их суудлын хуралдаанд ямар маргаан өрнөв

Хуучирсан мэдээ: 2014.01.10-нд нийтлэгдсэн

Цэцийн их суудлын хуралдаанд ямар маргаан өрнөв

Шүүхийн шинэчлэлийн хүрээнд боловсруулагдсан хуулиудын нэг нь Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн хууль. Энэ хуулийн гол санаа, амин сүнс нь шүүхэд оролцоо муутай байдаг иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг нь хэргийг шийдвэрлэх үед шүүгчтэй адил эрхтэй байхаар тусгаж өгөх байв. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралд нэг иргэдийн төлөөлөгч, хоёр мэргэжлийн шүүгчийн хамтаар хэргийг шийдвэрлэх тухай байлаа. Гэвч энэхүү хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн иргэн мэдээлэл гаргасан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан хүртлээ маргаан өрнөсөн юм. Дунд суудлын хуралдаанаар уг хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн байсан бөгөөд хууль тогтоогчдын хувьд Их суудлын хуралдаанд “дүгнэлтийг хүлээн авах боломжгүй” гэх шийдвэртэйгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулсан юм. Цэцийн 9 гишүүн, мэдээлэл гаргагч иргэн О.Баясгалан, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин нар Цэцийн их суудлын хуралдаан дээр ямар маргаан өрнүүлснийг тоймлон хүргэж байна. 

Цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус тус тайлбараа хийлээ. 

О.БАЯСГАЛАН: “ИРГЭНД ТАСЛАХ ЭРХИЙГ ОЛГООД БАЙГАА УЧРААС ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨРЧИЛ БОЛЖ БАЙНА”

Мэдээлэл гаргагч иргэн О.Баясгалан нь цэцэд дараах тайлбарыг хийсэн юм. Тэрээр “Улсын Их Хурал нь 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан байх бөгөөд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар, хамтын зарчмаар хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.” мөн зүйлийн 3.3.1 дэх заалт “маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;” мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна.” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна.” гэж заасан болохоос иргэдийн төлөөлөгчөөр хэргийг хянан шийдвэрлүүлэн Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдэлд халдах, шүүгчийн хараат бус байдлыг үгүйсгэх тухай зохицуулалт биш юм. Монгол хэлний “оролцогч” гэдэг нь аливаа нэгэн үйл ажиллагаанд “оролцож байгаа этгээд” гэх утга илэрхийлэх боловч эрх мэдэлтэй гэсэн үг биш бөгөөд “хянан шийдвэрлэх” эрх бүхий этгээд гэсэн утга илэрхийлэхгүй билээ. Аливаа хэрэг маргааны ажиллагаанд оролцогчдын тухай ойлголт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчдын бүрэлдэхүүний тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн гуравдугаар бүлгийн хоёр дахь хэсэгт тодорхойлон заасан этгээдүүдийг хэлэх билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй юм” гээд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэв.

Мөн тэрээр Үндсэн хуулийг баталж байх үеийн протоколыг сөхөж тайлбар гаргасан бөгөөд “Үндсэн хуулийн хэлэлцэж байх үед шүүх эрх нь зөвхөн шүүгчид байх хууль зүйн үндэслэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хууль боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын ахлагч П.Очирбат нь Ардын их хуралд өргөн барьсан Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл бүлгийн хэсэг, танилцуулгаас харж болно. Үүнд “Төрийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг шүүх засгийг хөндлөнгийн нөлөөнд автахгүй байлгах, гагцхүү хуульд захирагдах, бие даасан тогтолцоо байхыг иш үндэс болгов. Шүүгч хараат бус байдлын баталгаа болох зорилгоор гагцхүү хуульчдын дундаас шүүгчдийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилгоор, шүүхийг зохион байгуулах, санхүү эд хөрөнгийн асуудлыг эрхлэх Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулна” гэх танилцуулга илтгэлийг тавьж, шүүх эрх мэдлийн баталгаа болгож Үндсэн хуулийн 49-р зүйл заалтыг оруулсан юм байна. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар иргэнд таслах эрхийг олгоод байгаа учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 49-р зүйлийн 2- дахь заалтыг зөрчөөд байгаа юм” хэмээв.   

 

Х.ТЭМҮҮЖИН: ОРОН ЗАЙГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 52 -Р ЗҮЙЛД ЯМАР Ч МАРГААНГҮЙГЭЭР БИЧЧИХСЭН БАЙГАА

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин дараах тайлбарыг хийлээ. Тэрээр “Үндсэн хуультай холбоотой асуудал дээр Үндсэн хуулийн зөвхөн нэг заалтаар тайлбар хийх боломжгүй. Тэр ганцхан заалтаар Үндсэн хуулийн бүх харилцааг зохицуулахгүй шүү дээ. Энэхүү асуудалд Үндсэн хуулийг хэрэглэхтэй холбоотой дор хаяж дөрвөн аргачлалыг харж тайлбарлах ёстой. Үндсэн хуулийг баталж байх үеийг эшлэн түүхчилсэн байдлаар тайлбар хийхээс илүүтэй хүний эрхийн суурь зарчмыг барьж либерал тайлбаруудыг хийх ёстой. Үндсэн хуулийн суурь зарчмуудтайгаа нийцүүлэн, үгчилсэн утгачилсан онолын гурван тайлбарын дунд хувилбар дээр харах нь зүйтэй. Шүүхэд хэн ч хөндлөнгөөс нөлөөлж болохгүй гэсэн зарчим нь өөрөө юунд тулгуурлан гарч ирдэг вэ гэдгийг бодох хэрэгтэй. Энэ бол иргэний үндсэн эрхийг хангахад зориулж үүссэн институц дээр зориулагдан гарсан зарчим. Агуулгынхаа хувьд анхдагч биш, хоёрдогч зарчим. Анхдагч зарчим нь иргэний шударга шүүхээр шүүлгэх эрх. Ард түмний эрх мэдэл хэрхэн хэрэгждэг вэ гэдэгт бид тайлбар хийх ёстой. Мөн иргэний үндсэн эрх болох шударга шүүхээр шүүлгэх гэдэг нь хуулиар хэмжүүлэхээс гадна юуг үнэн зөв бэ гэдгээ хэмжих эрх нь иргэний эрх бий. Хүмүүс өөрсдийнхөө дунд байгаа асуудлыг шийдэх гэж байгаа болохоос биш хэн нэгэн, хаа нэгэн газраас эрх авсан хүн бусдын асуудлыг шийдэх гэж байгаа явдал биш. Иймд жирийн дундаж, жирийн ухаалаг, энгийн хүн асуудлыг хараад энэ нь гэм буруутай юм байна, энэ нь үнэн зөв юм байна гэж хэмжиж болохуйц тэрхүү орон зайг нь нээж өгөх ёстой. Энэхүү орон зайг Монгол Улсын Үндсэн хуулийн 52 -р зүйлд ямар ч маргаангүйгээр биччихсэн байгаа. “Бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар шийднэ”. “Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх нь хэрэг маргааныг хамтын зарчмаар шийднэ” Үүнд хоёрдогч эх сурвалж болж “Анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ  иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” Гуравдагч тусгай зохицуулалт нь “хуульд тусгайлан заасан бусад хэргийг шүүгч дангаар шийдвэрлэж болно” гэсэн байгаа. Хэрвээ ерөнхий, тусгайлсан арын хоёр заалтыг огт хамаагүй гэж үзэх юм бол бид анхан шатны шүүх дээр шүүгч дангаар шийдвэрлэж байгаа хэргийг Үндсэн хууль зөрчөөд байна гэж ойлгох болж байна уу. Гэтэл бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар шийднэ, анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна, хуульд заасан бол шүүгч дангаар шийдвэрлэнэ гэсэн энэ заалтууд нь эхлээд ийм зохицуулалт байна, бас ийм байж болно гэж задалж өгч байгаа юм. Гэтэл Үндсэн хуулийн 52 -р зүйлд биччихсэн зүйлийг нь үгүйсгэж, иргэдийн төлөөлөгчийг оролцуулах ёстой байтал энэ хүнийг зүгээр л ажиглах ёстой, огт хамаагүй гээд орхиж болохгүй.

Шүүхэд иргэд оролцох гурван хэлбэр байна. Ямар ч нээлттэй шүүх хуралдаан хийж байгаа тохиолдолд иргэд шүүх хуралд орж суугаад өөрийнхөө хувийн дүгнэлтийг өөрийнхөө орон зайд гаргах эрхийг нь хуулиар хязгаарлалгүй олгосон. Хоёрдох шүүхэд оролцох эрх нь өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж байна гэж үзвэл өргөдөл гомдлоо гаргаад тодорхой эрх ашгаа өөрөө болон бусдаас хууль зүйн туслалцаа авах байдлаар оролцох үндсэн эрх. Гурав дахь оролцоо буюу шийдвэр гаргахад оролцох эрх нь Үндсэн хуулийн 52-р зүйлийн 2-р заагдсан байна. Энэхүү эрх нь үндсэн эрхээ хамгаалахын тулд институцианал байдалтай яригдаж буй энэ эрхтэй процессын эрх байдлаар орж ирж байгаа. Энэ эрхийг шүүх байгуулах тухай, шүүхийн ерөнхий бүрэлдэхүүнийг шүүгчдээс бүрдэнэ гэсэн  гэсэнтэй холиод байна. Өөрөөр хэлбэл тодорхой хэргийг шүүх бүрэлдэхүүн нь хэн байх юм гэдгийг шүүхийн ерөнхий бүрэлдэхүүнийг шүүгчдээс бүрдэнэ гэсэн  гэсэнтэй холиод байгаа юм. Ингэж хольчихвол харин ч Үндсэн хуулийн зөрчил болно” гэв.

Дараагаар нь цэцийн гишүүд маргалдагч талуудаас асуулт асуусан ба Цэцийн гишүүн П.Очирбат “Үндсэн хуулийн 52-р зүйлд байгаа хамтран шийдвэрлэх гэсэн ойлголтод хэн нь хэнтэй хамтран шийдвэрлэх тухай гэж ойлгож байна. Хамтран шийдвэрлэхдээ Иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэсэн нь ямар хэлбэрээр оролцох юм. Оролцуулахын зорилго нь юунд байна гэж үзэж байна” гэдгийг асуув.

О.БАЯСГАЛАН: ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮХ ШАТНЫ ШҮҮХ НЬ ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧДЭЭС БҮРДЭНЭ ГЭЖ БАЙГАА

Үүнд нь О.Баясгалан  “Монгол Улсын Үндсэн хуулийн 52-р зүйлд Монгол Улсын бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Шүүх гэдэг байгууллага бол хамтын зарчмаар хэрэг шийддэг байгууллага юм байна. Шүүхийн тухай хуульд бүх шатны шүүх нь шүүгч, ерөнхий шүүгчдээс бүрдэнэ гэж байгаа. Шүүх хэнээс бүрдэнэ гэдгийг Үндсэн хуулийн 52-р зүйлийн 1-ээр заасан юм байна. Хамтран шийдвэрлэх гэдэг нь юуг хэлээд байна вэ гэвэл  шүүх нь хэргийг хянан шийдвэрлэх тусдаа бүрэлдэхүүн байх, иргэнийг оролцуулж гэм буруутай эсэх дүгнэлт гаргуулж байгаа юм байна. Шүүн таслах эрх нь тусдаа мэргэжлийн шүүгчид байхыг хэлж байна.  Мэргэжлийн бус хүн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ мэргэжлийн алдаа гаргадаг. Сэтгэлийн хөөрлөөр, үндэслэлгүй, хийсэн хэрэгт нь тохирсон бишээр ялладаг учраас улс орнууд мэргэжлийн бус шүүгчээс татгалзаж байна. Тангарагтны шүүхийн жишээ болгоод яриад байгаа германд ч гэсэн мэргэжлийн бус шүүгчдээс татгалзаад эхэлсэн. Таслан шийдвэрлэх эрх нь шүүхийн үүрэг юм байна. Иймд иргэнд хэргийг таслан шийдвэрлэх эрхийг өгнө гэж байж болохгүй” гэж хариуллаа.

Цэцийн гишүүн П.Очирбат “Хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж Үндсэн хуульд чинь байна шүү дээ. Тэгэхээр энд Иргэдийн төлөөлөгчийг шийдвэр гаргахдаа оролцуулна гэсэн санаа байхгүй гэж үү. Оролцуулах байлцуулах гэдэгт ойлголтын зөрөө байна уу” гэсэн бол Цэцийн гишүүн Д.Солонго “Иргэн болоод иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын хувьд ямар ялгаатай вэ” гэдгийг лавлав.

О.БАЯСГАЛАН: ТАСЛАХ ЭРХ НЬ ҮНДСЭН ХУУЛИАР ШҮҮГЧИД ОЛГОСОН ҮҮРЭГ ШҮҮ ДЭЭ

Цэцийн гишүүдийн асуултад О.Баясгалан “Шийдвэр гаргахад оролцоно гэдэг санаа нь гэм буруугийн талаар дүгнэлт гаргаж өгч оролцож байна гэдгийг нь хэлээд байгаа юм.  Байлцуулна гэвэл заавал гэм буруугийн талаар дүгнэлт гаргахгүй байхыг хэлэх байх. Дүгнэлт гаргана гэдэг нь өөрөө бодит оролцоо. Иргэдийн төлөөлөл гэдэг нь иргэдээс сонгогдсон иргэнийг оролцуулах тухай ойлголт. Үндсэн хуулийн 52-р зүйлийг 49-р зүйлтэй нь холбож ойлгох гэхээр иргэн гэнэ үү, иргэдийн төлөөлөгч гэнэ үү үүнээс үл хамаараад шүүн таслах үүргээ хэрэгжүүлж байгаа шүүгчийн үйл ажиллагаанд хамтарч оролцож болохгүй юм гэж ойлгогдож байна. Иргэдийн төлөөлөгч таслах эрхтэй оролцоно гэдэг нь шүүгчийн үүрэгт нь халдаад байгаа хэрэг. Энэхүү Үндсэн хуулиар шүүгчид олгосон үүрэг шүү дээ” гэж хариуллаа.

Мэдээлэл гаргагч иргэний цэцэд хүргүүлсэн бичигт “өргөдөл гаргасан, мэдээлэл гаргасан” гэх хоёр тусдаа бичилт хийлгэсэн байсан тул хуралдаан даргалагч нь “өргөдөл гэж биччихээд мэдээлэл гэж яриад байж болохгүй” гэж сануулаад хуралдааныг цааш нь үргэлжлүүллээ. Дараагаар нь Үндсэн хуулийн цэцийн гишүүдээс “Иргэн шүүх ажиллагаанд оролцсоноор иргэний эрх зүйн байдал нь өөрчлөгдөж байгаа юу” “Үндсэн хуулийн 49-д нь иргэн хэн боловч шүүх таслах үүргээ хөндлөнгөөс оролцож болохгүй гээд 52-д нь иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна гэсэн нь хоорондоо зөрчилдөж байна уу, юу гэж ойлгож байна” гэх зэрэг асуултыг мэдээлэл гаргагчаас асуулав

О.БАЯСГАЛАН: АРДЫН ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 97 ХУВИЙН САНАЛААР 49-ИЙН 2 ДАХЬ ЗААЛТЫГ ХУУЛЬЧИЛСАН ЮМ

О.Баясгалан “Хамгийн анхаарал татаад буй асуудал бол яагаад иргэдийн төлөөлөгчид шүүн таслах эрх өгөөд байна вэ гэдэг л байна. Монгол Улсын Үндсэн хуульд иргэдийн төлөөлөгчтэй хамтран хэрэг шийдвэрлэнэ гэж хэлээгүй.  “Хамтын зарчмаар хэрэг шийдвэрлэхдээ” гэж шүүх бүрэлдэхүүнийг тусгаарлаад, иргэдийн төлөөлөгчдийг оролцуулна гэж зааж өгсөн. 49-ийн 2 дахь заалт бол шүүн таслах үүрэг нь зөвхөн шүүхэд байна гэсэн заалт. Би Үндсэн хуулийг өргөн барьж буй үеийн төслийг үзсэн. Анх Үндсэн хуулийн төсөл дээр хэрэг шийдвэрлэх эрхтэй иргэдийн төлөөлөгчийг 35 насанд хүрсэн, дээд боловсролтой гэх зэрэг шаардлагатай байх санаанууд байсан ч сүүлдээ таслах эрхийг нь огтоос болиод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэргэшсэн шүүгчид таслах эрхийг нь өгөхөөр тогтсон. Тухайн үед Улсын дээд шүүхээс албан тоот ирж байж. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Дэмбэрэлцэрэн нийт Ардын их хурлын гишүүдэд хандаж “Бид шүүгчийн бие даасан байдлыг хангах гэж байгаа бол Ардын төлөөлөгч гэсэн  мэргэжлийн бус хоёр хүн хэрэг шүүхээр орж ирээд шүүхийн бие даасан байдлыг алдагдуулдгийг болих хэрэгтэй. Энэ хүмүүс нь голдуу сонгогдсон биш томилогдсон хүмүүс байдаг. Ийм байдлаас зайлсхийх шаардлагатай” гэж байж. Энэхүү саналыг нь хүлээн аваад Ардын их хурлын төлөөлөгчдийн 97 хувийн саналаар 49-ийн 2 дахь заалтыг хуульчилсан юм” гэж түүх сөхөн тайлбар хийлээ.

Мөн “Ардын их хурлын төлөөлөгч одоогийн хуулийн зохицуулалтад байх иргэдийн төлөөлөгч гэх ойлголтод зарчмын ялгаа байна уу. Иргэн хүн нь иргэн хүндээ ял ногдуулахыг буруу гээд байх шиг байна. Хуульчилчихсан бол болдоггүй юм уу” гэх асуултад “Өмнөх тогтолцооны үед нэг шүүгч хоёр ардын төлөөлөгч шүүх хуралд таслах эрхтэйгээр оролцож байсан. Хоёр төлөөлөгч нь шүүгчээсээ олонх болж байдаг байсан. Бүрэлдэхүүний хувьд ялгаа бол бий. Гэхдээ бусад зарчмуудын хувьд нэг л харагдаж байна. Иргэний хувьд тусдаа статус авсан эсэхээс үл хамааран шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж болохгүй. Иргэнд таслах эрх байж болохгүй гэж Үндсэн хуульд тусгаж байгаа юм биш үү. Хандлагаараа захиргаа нь захиргаагаараа, эрүү нь эрүүгээрээ улам бүр нарийсаж мэргэшиж байхад, нарийн мэргэшсэн шүүх хүртэл тусгайлан байгуулагдаж байна шүү дээ” хэмээн хариулав.

Харин УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс цэцийн гишүүдээс “Шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчид нөлөөлөлд орохгүй байхыг хэрхэн тусгасан” тухай асуулаа.

Х.ТЭМҮҮЖИН: “ШҮҮН ТАСЛАХ”, “МАРГААН ШИЙДВЭРЛЭХ”, “ТАСЛАН ШИЙТГЭХ” ГЭХ ОЙЛГОЛТЫГ ХОЛЬЖ ОЙЛГООД БАЙНА

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин “Хэрэг маргаан шийдвэрлэж байгаа процессыг хууль бус нөлөөллөөс ангид байлгах гэдэг асуудал бол бүхий л улс орнуудын хувьд санаа зовж буй асуудал. Гэхдээ олон нийтийн хяналт буюу зөв зохистой хамаарлаас тасалж болдоггүй. Засаглалын бүх эрх мэдэлд ард түмний гарт байдаг тул засаглалын нэгэн салаа болох шүүх эрх мэдэлд нь олон нийтийн хяналт байна гэдэг бол зохистой систем. Олон нийтийн хяналт бол иргэдийн төлөөлөгчөөр л дамжиж орж ирнэ. Үүнийг тайлбарлахын тулд Үндсэн хуульд заасан гурван ойлголтыг салгаж тайлбарлах ёстой.  УИХ нь шүүхийн иргэдийн төлөөлөгчийг нөлөөнд автахгүй байх тухай тусгайлсан зохицуулалтыг процессын хуулиуд дээр нэлээд сайн хийж өгөхөөр тусгасан байсан. Мөн Тахарын алба буюу энэ чиглэлд ажиллах тусгайлсан байгууллага ажиллахаар ч хуульчилсан. Хэрэв хэн нэгэн иргэдийн төлөөлөгчид нөлөөлөхөөс хамгаална.

Гол нь шүүн таслах ажиллагаа гэдэгт процессын бүхий л үйл ажиллагаанд хамаарч байгаа. Нотлох баримт гаргах, шинжээч томилох гээд бүхий л процессыг удирдан зохион байгуулж байгаа шүүгч ямар чиг үүрэгтэй байх, яг шүүх хурлын шийдвэр гаргахад оролцож буй иргэдийн төлөөлөгч нь ямар чиг үүрэгтэй байх вэ гэдгийг Үндсэн хуульд гурван үндсэн ойлголтоор ангилсан байгаа. Үүнд, “шүүн таслах”, “маргаан шийдвэрлэх”, “таслан шийтгэх” гэж байна. Мэдээлэл гаргагчийн хэлж байгаагаар шүүн таслах үүргээ хэрэгжүүлэх шүүгчид нөлөөлж болохгүй гэдэг нь өөр. Иргэдийн төлөөлөгч нь зөвхөн шүүх хуралдаанд орж ирээд шийдвэрээ гаргаж байгаа биз дээ. Шүүхийн үйл ажиллагааны процесс нь хэнээс ч хараат бусаар ажиллах ёстой гэдгийг л Үндсэн хуулиар хэлээд байгаа юм. Үүнд бол хэн ч нөлөөлж болохгүй. Харин хэрэгт авагдсан нотлох баримтууд авагдаад дууссаны дараа яг маргаан таслан шийдвэрлэх үед нээлттэй явуулна. Шүүн таслах үйл ажиллагааг Үндсэн хуулийн бүх процесстой хамаатуулж үзвэл үнэхээр маргаантай асуудал. Иргэдийн төлөөлөгч нь зөвхөн маргаан шийдвэрлэхэд л оролцох болохоос биш шүүн таслах бүхий л үйл ажиллагаанд оролцуулахгүй шүү дээ” гэдгийг хэлсэн байна.

Дараагаар нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг “Ардын их хурлын төлөөлөгч, одоо байгаа иргэдийн хурлын төлөөлөгчийн ялгаа нь юу вэ. Иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ гаргах эрхийг хэн ч үгүйсгээгүй. Одоогийн хуулинд ч бий юм биш үү. Монгол Улсын Үндсэн хуульд “Шүүх хэрэг маргааныг анхан шатны журмаар хэрэг шийдэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулаад, хамтран шийдвэрлэнэ” гээд яагаад бичээгүй юм бэ. Германы иргэдийн төлөөлөгчийг оролцуулах загварын тухай ярьж байна. Гэтэл өнөөдөр Германд чинь иргэдийн төлөөлөгчид маш өндөр шаардлага тавьж байна шүү дээ. Хууль зүйн боловсролтой, дадлага туршлагатай хүмүүсээр иргэдийн төлөөлөгчийг бүрдүүлдэг. Гэхдээ мэргэжлийн бус төлөөлөгчийг шүүхэд оролцуулах асуудалд цөөрүүлэх байр суурьтай байгаа юм биш үү” гэв.  

Х.ТЭМҮҮЖИН: ПРОЦЕССЫН ТУХАЙ ЗААЛТ ТУСДАА, ХУРЛЫН ТУХАЙ ЗААЛТ ТУСДАА, ШИЙДВЭР ГАРГАХ ТУХАЙ ЗААЛТ ТУСДАА ҮНДСЭН ХУУЛЬД БИЧИГДСЭН БАЙНА

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч “гурван зүйлийг ялгаатай гэдгийг хүлээн зөвшөөрмөөр байна” гэсээр тайлбар хийлээ. Тэрээр “Нэгд, шүүхийг институцийн хувьд хэн бүрдүүлдэг вэ гэвэл шүүгчид бүрдүүлнэ. Харин тодорхой маргааныг хянан хэлэлцэж буй шүүх бүрэлдэхүүний хувьд дан шүүгчид байх уу, эсвэл иргэдийн төлөөлөгчдийн оролцоотой байх уу гэдэг нь бас тусдаа. Энэ бол институцийн тухай яриа биш, тодорхой процессын төгсгөлд шийдвэр гаргаж байгаа бүрэлдэхүүний тухай яриа. Үндсэн хуулиар бол энэ хоёрыг ялгаад өгчихсөн юм. Шүүх байгууллагынхаа хувьд шүүгчдээс бүрдэнэ. Тодорхой маргааныг шийдвэрлэхдээ Үндсэн хуулийн 52-р зүйлийн дагуу иргэдийн төлөөлөгчийн хамт хамтын зарчмаар шийднэ. Өмнө нь бол шүүгчид байх ёстой эрх мэдлийг ардын төлөөлөгчид нь өгчихсөн юм. Хэргийг яг л шүүгчийн адил хувиарлаж, бэлтгүүлээд, өнөө төлөөлөгч нь хэрэгтэй холбоотой хүмүүстэй уулзаж, хувиарлаж авсан хэргээ уншиж, нотлох баримтаа цуглуулж яг л мэргэжлийн шүүгчийн хийх ёстой зүйлийг хийдэг байсан. Одоо бол хэргийг зөвхөн шүүгчид хувиарлана. Иргэдийн төлөөлөгчид энэ бол ямар ч хамаагүй.  Одоо хуралд бэлтгэх, хувиарлаж авсан хэргээ уншиж, нотлох баримтаа цуглуулах зэрэг бүхий л ажиллагаа Үндсэн хуулийн 49-р зүйлд байгаа шүүн таслах үүрэг нь зөвхөн шүүгчид л байгаа. Өөрөөр хэлбэл шүүн таслах үйл ажиллагаа бүхэлд нь удирдаж, зохион байгуулан авч явах үүрэг нь шүүгчид байгаа. Харин 52-р зүйлд байгаа “хамтран шийдвэрлэхдээ” гэдэгт нь “шүүх хуралд бэлтгэж дууссанаар шүүх хурал хийхэд хоёр шүүгч, иргэдийн төлөөлөгчийн хамтаар шийдвэрлэх бүрэлдэхүүн”-ийг хэлээд байгаа юм. 51-р зүйлд бол “шүүх хэргийг ил тод таслан шийдвэрлэнэ” гээд хурлын тухай заалт байгаа. Процессын тухай заалт тусдаа, хурлын тухай заалт тусдаа, шийдвэр гаргах тухай заалт тусдаа Үндсэн хуульд бичигдсэн байна. 

“Бүх шатны шүүх хэрэг маргааны хамтын зарчмаар хянан шийдвэрлэнэ” гээд нэгдүгээр заалтад нь биччихсэн байна. Энэ нь анхан, давах шатны бүх шүүхүүдэд адилхан “хамтын зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг хэлж байна. Үүн дотроос нь “Анхан шатны шүүх хэрэг маргааны хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гээд салгачихаж. Ер нь бол асуудлыг нэг шүүгч биш хамтаараа шийднэ шүү, бүх шатны шүүхэд энэ зарчмаа барина шүү гэж байгаа юм. Анхан шатны шүүх хамтын зарчмаар шийдэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж. Тэгэхээр хамтын зарчим гэдэг чинь хоёрдугаарт байгаа зүйлийг биш нэгдүгээр байгаа зүйлийг тодорхойлоод байгаа юм. Нэгд, болж өгвөл бүрэлдэхүүнтэй оролцох тухай, хоёрт, тэр бүрэлдэхүүнд иргэдийн төлөөлөгчийг оролцуулах тухай, гуравт, хуульд тусгайлан заасан бол шүүгч дангаар хэргийг шийдвэрлэх тухай зааж. Тийм учраас  52-р зүйл бол нэг нэгэнтэйгээ уялдаатай гурван зүйл учраас нэгийг нь салгаж тайлбарлаж болохгүй. “Хамтран шийдвэрлэхдээ” гэдэг утга нь нэгдүгээр зүйлд л хамаарна.

Герман бол иргэдийн төлөөлөгчдийн орж шийддэг хэргийг багасгаж байгаа болохоос биш таны хэлсэн шиг иргэдийн төлөөлөгчдийг багасгаж байгаа юм биш. Өөрөөр хэлбэл бүрэлдэхүүнтэй шийдэгддэг хэргээ л багасгаж байгаа юм” гэв.


Хуралдааны үеэр хуралдаан даргалагч гишүүн Ж.Амарсанаа нь УИХ болоод Цэцийн үйл ажиллагаатай холбоотой нэгэн асуудлыг онцолж байв.

Ж.АМАРСАНАА: ИХ СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛ ЗӨВХӨН УИХ-ЫН ҮНДЭСЛЭЛИЙГ Л ХЭЛЭЛЦЭНЭ

Тэрээр “Цэц буруу ажиллаад байна. Цэцийг буруу ажиллуулаад байгаа буруутан нь УИХ. Дунд суудал Их суудал ямар ялгаатай вэ гэдэг нь харагдаад байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 36-р зүйлд цэцийн шийдвэрийг биелүүлэх гэсэн заалт байгаа. Үүнд “Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана” гэх манай ажлын зураглалыг тодорхойлсон хууль байна. Гэтэл миний ажиллах хугацаанд л лав энэ хэрэгжихгүй байгаа. УИХ цэцийн энэ ажлыг хийлгэхгүй байна. Яагаад гэвэл УИХ-ын хүлээн зөвшөөрөөгүй тухай тогтоолын зөвхөн “үндэслэл”-ийг цэц Их суудлаар хэлэлцэнэ шүү дээ. Их суудлын хуралдаан бол зөвхөн УИХ-ын үндэслэлийг л хэлэлцэнэ. Гэтэл УИХ ямар ч үндэслэл ирүүлдэггүй. Цэцийн Их суудал нь зүй зохистойгоор хуралдаж чадахгүй нөхцөлийг УИХ бүрдүүлэхгүй байна шүү дээ” гэв.

Хууль тогтоогчдыг төлөөлөн ирсэн Х.Тэмүүжин тайлбар хэлсэн бөгөөд “Хууль зүйн байнгын хорооноос Үндсэн хуулийн цэц дээр маргаан гарах юм бол хэн нэгнийг томилоод явуулах биш эхлээд өөрсдөө хуралдаж итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө ямар үндэслэлээр хууль тогтоогчид хуульчилсныг, тухайн хуулийг батлахад ямар үндэслэл гарч байсныг нягталж, ямар байр суурь илэрхийлэх вэ гэдэг мандатаа өгдөг болж байгаа. Өмнө нь бол үнэхээр томилогдсон төлөөлөгч нь цэцийн хуралд орж ирчхээд хувийн бодлоо илэрхийлдэг байсан. Хууль зүйн байнгын хороо нь мэргэжлийн байнгын хорооныхоо хувьд цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ яагаад гэдэг үндэслэлээ гаргадаг болно. Энэ бол хууль тогтоомж болоод соёлын хувьд шийдэгдэх асуудал” гэлээ.

Зөвлөлдөх тасалгаанд шилжихийн өмнө талуудаас нэмж тайлбар хийсэн бөгөөд мэдээлэл гаргагч иргэн О.Баясгалангаас “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай хуульд заасан “иргэдийн төлөөлөгч нь шүүх бүрэлдэхүүнд орно” гэснийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа” гэсэн бөгөөд УИХ-ыг төлөөлөн цэцийн хуралд оролцож буй Х.Тэмүүжин дараах тайлбарыг хийсэн юм.

Х.ТЭМҮҮЖИН: ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ОРОЛЦУУЛЖ БАЙГАА НЬ ШҮҮГЧ НЬ ШҮҮН ТАСЛАХ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГААТАЙ ЕРӨӨСӨӨ ЗӨРЧИЛДӨХГҮЙ

Тэрээр “Монгол Улсын Үндсэн хууль бол утга агуулгын хувьд маш их нөөцтэй. Зөвхөн өнөөдрийн маргаантай холбогдуулаад асуудлыг харахад Үндсэн хуульд өөрт нь ялгаатай ойлголтууд бичигдсэн байна. Шүүн таслах үүргийн тухай, хянан хэлэлцэж шийдвэрлэх тухай, хамтын зарчмаар хэргийг хэлэлцэх тухай, таслан шийдвэрлэх тухай гээд саяны уншсан нэр томьёо л гэхэд таван янз байна. Эдгээр ойлголтыг нэг янзаар Үндсэн хуульд бичээгүй. Хуульд нэг зарчим байдаг нь утга агуулгын хувьд ялгаагүй бол тухайн ойлголтыг нэг л нэр томъёогоор бичих ёстой. Нэг утгатай зүйлийг хоёр гурван нэр томъёогоор илэрхийлдэггүй. Эрх зүй хэмнэлттэй, ойлгомжтой, хэрэглэгдхүйц байх зарчмууд нь энэ. 1992 оны Үндсэн хуулийг батлахдаа хүний эрхийн талаар, ардчилал, хууль дээдлэх зарчмын талаар, эрх мэдэл хувиарлалтыг хангах талаар зарчмуудаар тайлбарлахдаа зохистой хэмжээнд очих хүртэл нь хэрэглэж болохуйц нэр томъёонууд ашигласан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх тухай ч маш тодорхой гаргаж өгсөн. Шүүн таслах үйл ажиллагаа биш, шүүх хуралдаан биш, харин хэрэг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг хэрхэн яаж оролцуулах вэ гэдгийг “жижигхэн цонх”-н дотор Үндсэн хуулиндаа маш тодорхой заачхаж. Шүүн таслах үүргээ гүйцэтгэхэд нь хөндлөнгөөс оролцохгүй байх гэдэгтэй ямар ч зөрчилдөхгүйгээр тодорхойлж өгсөн байна. Нэр томъёоны хувьд ч, зүйл заалтын хувьд ч, дэс дарааллын хувьд ч тэр. Тийм учраас Үндсэн хуулийн бичилт дотроос хэрэг хянан шийдвэрлээд, эцсийн шийдвэр гаргахад иргэний төлөөлөгчийг оролцуулж байгаа нь шүүгч нь шүүн таслах үүргээ хэрэгжүүлж байгаатай ерөөсөө зөрчилдөхгүй. Ийнхүү өөрийнх утгыг дэлгэрүүлэн хуульчилсан юм. Мэдээлэл гаргагчийн хувьд Үндсэн хуульд яг адил биччихсэн байгаа институцийн хувьд бичигдсэн зүйлийг зөрчилтэй мэт тайлбарлаад байгаа юм. 

 Иргэдийн төлөөлөгчийг оролцуулж байгаа нь суурь эрхээс үндэслэж тайлбарлаж байгаа. Гэтэл мэдээлэл гаргагч маань үндэслэлээ анхдагч эх үүсвэрээс биш, хууль тогтоогчдын гаргасан ердийн хуулиас гаргаж байна” гэсэн байна.

Талууд өөр өөрсдийн тайлбарыг хэлж дууссанаар цэцийн гишүүд зөвлөлдөх танхимд орж шийдвэрээ гаргахаар болсон бөгөөд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж шийдсэн юм. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч “Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг бүрэн бүрэлдэхүүнээрээ хянан хэлэлцээд, Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн үндэслэлээ тогтоолдоо заагаагүй тул Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гээд, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, мөн зүйлийн 3.4, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг болон 12 дугаар зүйлд шүүх бүрэлдэхүүнд иргэдийн төлөөлөгчийг оролцуулахаар тус тус заасан нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүхийг бүрдүүлж байгаа мэргэжлийн шүүгч мэргэжлийн үүднээс хууль хэрэглэх, эрх зүйн шийдвэр гаргах, шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож, хууль хэрэглэх, эрх зүйн шийдвэр гаргах, шүүн таслах эрхийг иргэдийн төлөөлөгчид олгосноороо Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэж Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгов”  хэмээн мэдэгдсэн юм.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж