Хятад улс улам бүр хятадчилагдан байж хөгжлийн хурдаа авч улмаар дэлхийг тэргүүлэх гүрний байр суурьруу дөхөж явна, Орос улс чухамдаа оросчлогдон байж тарж бутрах аюулаа ардаа хийж хөгжлийн зам дээр гарахаар явж байна.
Даяарчилагдан буй өдгөө цаг дор олон улсын тавцан дээрх хамгийн том тоглогч нь Үндэстэн-Төр байна. Олон улсын гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагаа, бүс нутгуудын аюулгүй байдал зэрэг тив, дэлхийн глобаль бодлого түүний хэрэгжилтэнд хамгийн том хариуцлага хүлээгч нь Үндэстний Төр, Засгийн газарууд юм. Үндэстний засгийн газарууд тогтвортой хүчтэй ажиллаж байгаа улс орнууд бүс нутгийн аюулгүй байдалаа сайн хангаж, тийм улс орнуудад шашин хоорондын мөргөлдөөн бага гарч, ядуурал гэх мэт нийгмийн дотоод проблемуудаа амжилттай шийдэж байна.
Дэлхий болон олон улсын тавцанд өөрийгөө танин мэдэж чадаагүй, өөрийнхөө орон зайг олж харж чадаагүй улс орнууд оршин тогтнож чаддаггүйг түүх гэрчилдэг аж. Олон улсын тавцанд хүчтэй тоглогч байж өрсөлдөх чадвартай, дотооддоо үндэстэн олноо дээдэлж чадсан хүчтэй төрийг бий болгох үзэл санааны цөм нь Үндэсний үзлээр номлолоо хийсэн Үндэстэн-төр байна. Аль ч хөгжсөн, хөгжиж буй, хөгжингүй орнуудын хөгжилд хүрсэн нийтлэ арга зам нь Үндэстэн улсынхаа бүхий л онцлогыг тусгасан хөгжлийн концепцийг боловсруулан гаргаж урт удаан хугацааны турш тогтвортой мөрдөж чадсанд байдаг байна.
Манай үндэстэн, улсын онцлог гэдэгт юуны өмнө төв азийн өндөрлөгт орших билчээрийн мал аж ахуйд суурилсан нүүдлийн соёл иргэншил түүнээс улбаатай бусад хэв шинжүүд, өрнөдөд болоод өнгөрсөн индустрализмын үеийг туулаагүй байдал гэсэн хоёр хүчин зүйл орж байна. Чухамдаа индустрализмын үеийг туулаагүй байдал нь социализм, либерализм Монголд нутагшиж чадахгүй байгааг нөхцөлдүүлж байгаа ба индустрализмын явцад болон түүний дараахь үед басхүү европын улсуудын национализм, нацизмын сайн муу нөлөөн дор Өрнөдийн орчин цагийн ардчилал түүний үнэт зүйлс бүрэлдэн бий болсон байдаг ба энэ тухай цухас дурьдаж буй нь “Цагийн юм цагтаа” гэсэн зүй тогтлын эсрэг бид явж болохгүй гэдгийг хэлж буй хэрэг.
Дээрх байдал нь үйлдвэржүүлэлтийн үеийг эхлүүлэхийн тулд Монголчууд үндэсний үзэл дээрээ суурилсан шинэ бодлоготой болох хэрэгтэй гэж томъёолоход хүргэж байна.
Үндэстнээрээ хөгжин дэвжихийн тулд үндэстэн нэг цул хүч болж гэмээнэ илүү амжилтанд хүрэх нь дамжиггүй, Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байж ямарч сорилтыг даван туулж байсныг түүх гэрчилдэг. Чухамдаа эвлэж бүтсэн энэ үндэстний цул хүчийг бүрдүүлэгч нь тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа бэхжүүлэхэд чиглэсэн Монголчуудын үндэсний үзэл юм. Тодорхой нэг хүнд юмуу нэг хэсэг хүнд тусгайлан оноосон хувь заяа, тусгаар тогтнол гэж байдаггүй.
Чухам иймий тул Монгол үндэстнийхээ эд эс болсон Монгол хүн бүрт хамаатай байдаг Монголчуудын язгуурын эрх ашиг болсон тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа бэхжүүлэх үндэсний үзэл нь Монгол төрийн номлол, хар хайрцагны бодлого нь байх учиртай.
Монгол хүнээ, монгол өрх гэрийг бүхнээс дээр тавьж дэмжиж тэтгэдэг бодлого дутуу байгаагаас тийм бодлогыг явуулах ёстой төрийн чадавхи суларсан учраас Үндэсний үзлээр номлолоо хийсэн Төрийн шинэ бодлого хэрэгтэй байна.
Өнөөдрийн төрд монголчуудын язгуурын эрх ашгийг урт удаан хугацаанд хамгаалах Номлол байхгүй байна. Гаднаас хуулбарласан үзэл онолууд нийт монголчуудын эрх ашигт нийцэхгүй байгаа тухай дээр дурьдсан.
Тиймээс нэгэн цагт эзэн Богд Чингис хаан олон шашин зэрэгцэн оршиж байсан цаг дор хүчирхэг монголыг байгуулснаас эдүгээчлэн суралцаж нийт монголчууд болон улсын эрх ашгийг нэгтгэсэн хүмүүний болон төрийн эрх ашгийн тэнцвэрийг хадгалсан сонгосон төрдөө түмэн олон нь итгэж болдог, сонгогдсон төр нь түмэн олноо дэмжиж хамгаалдаг Монголчуудын Үндэсний үзлийг Монгол төрийн номлол болгох цаг болжээ. Монгол улс хөгжих үндсээ гаднаас бус дотроосоо олж Монголчууд бид Монголоо монголчлон байж хөгжих Тийм цаг иржээ. Энэ нь үндэсний үзлээр шүүн тунгааж хянан тохинуулсан Монголчуудын 5-р Үндсэн хуулийг бүтээж, батлан гаргаж даяар олноо тунхаглан зарлаж, мөрдөх цаг болсоныг хэлж байна.
Үндэсний үзлийг Монгол төрийн номлол, үзэл-суртал болгох нь эдүгээ цагийн хамгийн тулгамдсан асуудал юм.
Энэ зорилт нь Монгол төрийн байгууламж түүний бүх чиглэлд эх эрх үүргийн хувиарлалт, төрөөс үндэстнээ бэхжүүлэх чиглэлээр явуулах бодлогын нийгэм-эдийн засгийн бүх салбарын хөгжлийн стратегийг багтаасан иж бүрэн ойлголт юм.
Товчдоо монголчуудын түүхэн дэх 5 дахь үндсэн хуулийг Монголчууд өөрсдөө боловсруулж, батлан гаргах тухай асуудал бөгөөд энэхүү Үндсэн хууль нь үндэстнээ бэхжүүлж, төрөө хүчирхэгжүүлэх Монголчуудын язгуурын сонирхолыг бүрнээ илэрхийлсэн байвал зохино.
Үндэсний үзэл нь:
Энэ үзлийг тээн явсан дээдсээс ирж буй ӨВ-НЭХЭЛ юм.
Энэ үеийнхний хойчдоо үлдээх ӨВ-НЭХЭЛ юм.
Ирээдүй хойчынхны хүлээн авах ӨВ-НЭХЭЛ юм.