Ширээний теннисний лигийн тоглолт энэ сард өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2014.01.10-нд нийтлэгдсэн

Ширээний теннисний лигийн тоглолт энэ сард өндөрлөнө

Монголын ширээний теннисний холбооны нэрэмжит лигийн тоглолт өнгөрөгч арваннэгдүгээр сарын 29-ны өдөр “Оч” клуб дээр эхэлсэн.

Найм дахь удаагийн лигийн тоглолтод шилдэг зургаан баг оролцож байна. Тэмцээн хоёр тойрог болж, шилдэг дөрвөн баг шалгарч, цаашид медалийн төлөө өрсөлдөх юм. Тэмцээний нэгдүгээр тойрог оны өмнө өндөрлөсөн бол хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолт буюу тав дахь тоглолт өнөөдөр болон ням гаригт “Оч” ширээний теннисний клуб дээр явагдах юм. Ингээд тэмцээний талаар олон улсын шүүгч Т.Бат-Эрдэнээс тодруулга авлаа.

-Лигийн тоглолтод оролцож байгаа багуудыг товч танилцуулаач.

-Найм дахь удаагийн лигийн тоглолтод зургаан баг оролцож байна. Г.Даваасүрэн эзэнтэй “Өег”, А.Мэндбаяр эзэнтэй “АПУ-Оргилуун”, Ц.Гантулга эзэнтэй “Төмөрт транс”, Ц.Өлзийсүх эзэнтэй “Таны зам”, Одончимэг эзэнтэй “Бласт”, Сурахбаяр эзэнтэй “Грандфин”, Я.Бэгз ахлагчтай “Шинэ эргэлт” болон Оргил ахлагчтай “Юнител” багууд тус тус оролцож байна.

-Эхний тойргийг “Төмөр транс” баг тэргүүлсэн байна. Хоёрдугаар тойрог эхлээд дөрвөн тоглолт явагдлаа. Хэсгийн сүүлийн тоглолт өнөөдөр болон ням гаригт болно. Багуудын хувьд хэрхэн тоглож байгаа вэ?

-Эхний тойргийн тоглолтыг “Төмөр транс” баг тэргүүлж, “Таны зам” баг удаалсан.  Лигийн тоглолтод тав дахь удаагаа оролцож байгаа ч хараахан медальд хүрч чадаагүй “Төмөр Транс” багт БНАСАУ-ын тамирчин Рой Хонг Сонг багтсан. Тус тамирчныг “Таны зам” багийн Б.Билэгт хожсон байгаа. Эмэгтэйчүүдээс ОУХМ Б.Батхиши мөн нэг хожигдолтой яваа. Дээрх хоёр тамирчны хувьд нэгдүгээр тойргийн чансааг тэргүүлсэн байна. Эхний тойргийн тав, зургаад бичигдсэн “АПУ Оргилуун”, “Шинэ эргэлт”
багуудын хувьд хагас шигшээд шалгарах магадлал тун бага байна.

-МШТХ-ноос БНАСАУ-ын дасгалжуулагчийг урьж авчирсан байгаа. Тус багшийн удирдлагад тамирчид эрчимжүүлсэн бэлтгэлийг хийж байна гэсэн.

-БНАСАУ-ын дасгалжуулагч Чой Юн Хо өнгөрөгч оны зургаадугаар сараас хойш манай улсад ажиллаж байна. БНХАУ-ын хүчирхэг баг дэлхийн хошой аварга Гү Юу Ха, Ян Гурян, Чин Шинь Ха нарыг 1978 оны ДАШТ-нд дараалан ялсан тамирчин бол БНАСАУ-ын дасгалжуулагч Чой Юн Хо. Солонгос багшийн хувьд одоо эрчимжүүлсэн сургалтыг удирдан явуулж байна. Тус багшийн удирдлагад эмэгтэй, эрэгтэй тус бүр зургаан тамирчин хамрагдсан. Сургалт ирэх тавдугаар сар хүртэл явагдах бөгөөд маш өндөр түвшинд байна. Энэ нь лигийн тоглолтын үеэр анзаарагдлаа. Зарим тоглогчдын хувьд эрчимжүүлсэн бэлтгэлд хамрагдаагүй ч дэлхийн аваргын сонгон шалгаруулалтад ороод ирэхийг үгүйсгэхгүй. Ирэх тавдугаар сард Японы Токио хотноо болох багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох тамирчдыг ирэх гуравдугаар сард болох насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болон эрчимжүүлсэн бэлтгэлийн үр дүнгээс шалтгаалан сонгох юм. Мөн ирэх гуравдугаар сард БНАСАУ-аас тамирчид ирж, хамтарсан бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Лигийн тоглолтын хагас шигшээд өрсөлдөх багууд хэзээ тодрох вэ?

-Он дамнан болж буй лигийн тоглолт энэ сард өндөрлөнө. Хоёрдугаар тойргийн сүүлийн тав дахь тоглолт өнөөдөр (01.10), ням гаригт (01.12) болох юм. Тиймээс ирэх баасан гаригаас эхлээд медалийн төлөөх тоглолтууд болох юм. Урьдчилсан тооцоогоор бол лигийн тоглолтын медальтнууд энэ сарын 19-нд тодрох юм. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж