Сураг сонсох нь ээ УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хувийн сургууль болох Шихихутагт хуулийн чиглэлээр суралцаж байгаа дуулдсан. Мөн Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг сэм сэмхэн удирдаж, хувийнхаа бизнест онцгой гэгч анхаарал хандуулдаг гэх. Түүний тухай мэдээлэл олох гэж чармайвч үүнээс илүү нь үгүй. Тэгсэн атлаа МАН-даа бол өдрөөс өдөрт томроод байдаг.
УИХ-ын дэд дарга М.Энхболд МАН-ын дарга болохтой зэрэгцээд тэрбээр намдаа цахиур хагалах болсон. Улс төрийн замнал гээд байх олигтой намтар түүхгүй атлаа шууд МАН-ын нийслэлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга болчихсон. Хэдийгээр МАН ялагдсан үед нь ийм албан тушаал авч байгаа ч намынх нь гишүүдийн хувьд нарийн бичгийн дарга гэдэг бол яалт ч үгүй хорхой нь хүрсэн алба. Гэтэл тэрхүү албанд нь Д.Сумъяабазар ядах юмгүй эзэн суучихсан. Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын намын даргын суудлын тухайд ч адилхан. Хөл толгой нь мэдэгдэхээ байсан дүүргийнхээ намын хорооны талаар гишүүд нь гомдол мэдүүлэх болоод удаж буй. Гэхдээ энэ бол тус намын асуудал. Хамгийн гол нь иргэд сонгогчдын итгэлийг дааж УИХ-д сонгогдсон бол тэднийгээ хүндэлж хуулиа ярьдаг бол гишүүн ээ. Эсвэл “Би одоо хуулийн тухай ойлголттой болохоор суралцаж байгаа” гээд шударгаар хэлчих. Тэгэхгүй бол хууль хэлэлцэхээр саналаа хэлж чадахгүй хэрнээ хууль батлахад хуруугаа хөдөлгөдөг гишүүнийг алийн болгон ард түмэн тэвчиж амьдрах билээ дээ. Иймд танаас “Хуулиа ойлгох болоогүй юу” гэж асууя. Хуулийн ангийн оюутан Д.Сумъяабазар гишүүн ээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин